Өнөөдрийн нөхцөл байдлаа харвал МАН-ын дотоод зөрчлөөс илүүтэй Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан “Жаст”-ийн захирал асан Ш.Батхүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх нь Монголын ирээдүйд чухал болчихлоо.

Улстөрчдийн хоорондын зодоон гэхээс илүүтэй манай орны эдийн засгийн тулах цэг болсон тус үйлдвэрийн хувь заяа бидний хувьд нэн чухал учраас тэр. Үндсэн хуулийн Цэцээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах Засгийн газрын шийдвэрийг эцэг хуулийг зөрчөөгүй гэж үзсэн нь нэг шийдэл. Гэхдээ үүний ард МАН өөрийн гараар “Эрдэнэт”-ийн 51 хувийг тавьж туухуу, эс бол аварч үлдэх үү гэдэг нь ирэх өдрүүдэд шийдэгдэх биз ээ. Гэсэн ч улс төрийн, тэр дундаа У.Хүрэлсүхийн байр суурийг тандаж үзэх нь ээ бас ч үгүй нэг найдвар төрөх. Тэр нь Ерөнхий сайдын таван “сум” буюу УИХ-ын гишүүн Л.Энхболд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нарын байр суурь байлаа. 

Тэдний хувьд өнгөрсөн өдрүүдэд хоёр ч удаа “Эрдэнэт”-ийн 51 хувиар байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг асуудлаар асуулт тавьж, хариулт авсан. Ингэхдээ УИХ-ын гишүүний хувиар асуулга тавиагүйгээс нь харвал “Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, гурван удаагийн зээл авахад нь тусалсан намынхаа нөхдийн дэмжлэгтэй халз тулахаас зайлсхийсэн байж болох. Учир нь, УИХ-ын гишүүний асуулга Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлэх ёстой бөгөөд энэ үед эсрэг талаас ямар асуулт мөн байр суурь ирэхийг тааварлах арга байхгүй. Хэдийгээр энэ үйл явдал хаврын чуулганы завсарлахтай зэрэгцэн эрчимжсэн ч ээлжит бус чуулганыг хуралдуулахад хүргэж болох л байсан. Гэсэн ч тэд тэгсэнгүй. Гагцхүү дээрх УИХ-ын таван гишүүний асуултаар дамжуулан олон нийтэд бодит мэдээллийг хүргэх арга ухаан сийлсэн нь дээр гэж үзсэн бололтой юм. 
Учир нь, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нарын хэн хэн нь УИХ дахь 32-ын бүлэг буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талыг баримтлагчид. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг танхимаар нь огцруулах У.Хүрэлсүхийн багийн санаачилгыг мөн л анх удаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, галын шугамын тэргүүн эгнээнд жагссан. Ингэхдээ дор бүрнээ аль нэг яамны сайдын суудалд сууж болох байсан ч эргээд хоёрдугаар эгнээ рүү ухарсан. Гол нь яг өнөөдөр энэхүү хоёрдугаар эгнээнд ухрасны цаана нуугдаж үлдсэн хатуу ширүүн улс төрд нь гал нэмж, цучил өргөж, эс бол хамгаалж зогсох үүргээ тэд гүйцэтгэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэднийг ашиглаж, эргээд ирээдүйн улс төрд нь түших үүрэгтэй гэсэн үг. Эндээс л “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гурван удаагийн үйлдлээр барьцаалж, 109 сая ам.доллар зээлсэн асуудлыг босгож тавих, нэр холбогдсон улстөрчдийг нь олны анхааралд оруулах үүргээ биелүүлж буй нь харагдаад байгаа хэрэг. 
Гэхдээ энэ нь мэдээж Монголын эрх ашиг болоод өдгөө 60 хувиа Хятадын Аж үйлдвэр, арилжааны банкинд худалдсан “Стандарт” банкнаас хэрхэн тус үйлдвэрийн 51 хувийг салгаж үлдэх вэ гэдэг ганц асуултанд эргэлдэж байгаа бол сайн чиг, зөв чиг улс төр юм. 
Тухайлбал, дээрх нэр бүхий УИХ-ын таван гишүүнд Засгийн газраас өгсөн албан ёсны мэдээллээс харахад “Жаст” групп зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас гурван удаагийн үйлдлээр нийтдээ 109 сая ам.долларын өрөнд унасан. Засгийн газар үүний 101 сая ам.долларыг нь төлөх ёстой бөгөөд сар бүр хүүнд нь 870-900 мянган ам.долларыг шууд шилжүүлэх болчихоод буй. Гэтэл уг хэрэг маргаан өнгөрсөн жилүүдэд Монголын шүүх дээр хэлэлцэгдсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдсэн нь үгүй. Тэр дундаа, Лондонгийн арбитрын шүүхээс тухайн үеийн “Эрдэнэт”-ийн удирдлагууд гар бие оролцож, гарын үсэг зурсан болохыг нь нотолсноор Засгийн газрыг шууд утгаар нь хариуцагчаар татсан байгаа. Цаашлаад “Жаст” групп албан ёсоор дампуурлаа зарлаж, хөрөнгөнд нь эзэн суусан хүмүүс нь бултаж, зугтаж алга болсон. Ийм байхад Засгийн газар энэ удаад УИХ-ын таван гишүүнээр дамжуулан асуудлыг дэлгэсэн нь арга заль гэхээс илүүтэй шууд утгаар нь хариуцлагыг эзэнжүүлэх зорилготой хэмээн итгэж баяр хүргэе. 
Учир нь, энэ бол Монголын эрх ашиг юм. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тухайд ч “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах асуудлыг өнгөрсөн хугацаанд шаардаж ирсэн. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр ч үүнийг нь баталгаажуулж өглөө. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар “Эрдэнэт”-ийн асуудлыг зуун хувиар нь эцэслэн шийдвэрлэх зорилготой гэдэг нь харагдаж буй хэрэг ээ. 
Үүний баталгаа нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хэлсэн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал ил цагаандаа гарсан луйвар гэдэг нь тогтоогдлоо. Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн. Ямар учраас хууль хяналтын байгууллагууд ийм төрлийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаад байна вэ. Энэ мэт хэргүүдийг ил болгох талаар ажиллах шаардлагатай байна. Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ. “Эрдэнэт”-ийн асуудал манай хойд болон урд хөршид болсон бол юу болох байсан бол. Цаашдаа бид ямар нэгэн байдлаар баримттай биш мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх талаар анхаарч ажиллана. Шаардлагатай гэж үзвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад санал тавина” гэсэн үг юм. 
Өөрөөр хэлбэл, нумаа нуухаас сумаа тавих гэдэгчлэн Засгийн газар УИХ-ын гишүүдээр дамжуулан үүссэн асуудлыг зарлалаа. Тэд У.Хүрэлсүхийг МАН-ын даргад сонгож, Засгийн газрын тэргүүнд залсан шигээ “Эрдэнэт”-ийн асуудалд нэг чигийг гаргалаа. Тэгэхээр эндээс багийн тоглолтын мөн чанар ч харагдах нь мэдээж. Гагцхүү асуудал хэзээ хэрхэн зөв хувилбараар шийдэгдэх вэ. Зарласан шигээ, зарлуулсан шигээ байж чадах уу гэдэг нь харин дараагийн асуудал. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр буюу эх орончдын өдрийг тохиолдуулан МАН-ын гишүүдэд хандан хэлсэн үгэндээ “Зориг эс хүрвээс Ухаан эс хүрнэ’ гэж сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж эрс шийдэмгий хөдлөхгүй бол бидэнд цаг алга” хэмээн хэлсэн байна билээ. Тиймээс монголчууд өөрийнх нь хэлсэнчлэн цаашид зоригийг ч, ухааныг ч нэхнэ. Тэр дундаа, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь дээр… Мөн Лондонгийн арбитрын шүүх ч цаг хугацааг хүлээх аргагүй шийдвэр гаргачихсан. Энд л Ерөнхий сайдын таван “сум”-ны үр дүн гарна гэж найдая. Бүр тодруулбал, Ардчилсан намын даргын сунгааны үеэр гардуулж байсан таван сумнаас огт өөр гэж найдсандаа шүү. 

Үндэсний шуудан сонин