Хаврын чуулганы хугацаанд гуравхан удаа үг хэлж 13 минут зарцуулсан УИХ-ын аниргүйхэн гишүүдийн нэг Г.Тэмүүлэн. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү гэвэл олон нийт андахгүй. Аавынхаа хүчээр их улс төрд хөл тавьж, албан тушаалын бал бурмаас амтархан тамшаалж яваа нэгэн. 
Парламентын босго алхахынхаа өмнө “Оюутолгой” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нартай дөрөө харшин албан тушаал ахиж байсан ч гэж тодотгож болох юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал хөндөгдөж, ТУЗ-ийн гишүүд худалдагдсан гэх дуулиан хэсэгтээ олны анхаарлын төвд байв. Өндөр цалин хангамжинд амаа үдүүлсэн ТУЗ-ийн гишүүд гэх шүүмжлэл ч тасарсангүй. Улмаар гэрээг шинэчлэх шаардлагатай асуудал дэгдэхтэй зэрэгцэн мань хүн ч ажлаа өгөв. Энэ тухайгаа “Миний хувьд одоо үргэлжилж байгаа яриа хэлэлцээнд оролцохгүй байгаа. Би ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тухайн үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж хийсэн. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээр дээр ийм зарчим мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан” хэмээн тайлбарласан юм. Түүний тайлбарыг сонссон зарим нэгэн айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр амиа хоохойлон зугтлаа ч гэж байв.
Ёстой л аавынхаа нэр нүүрээр Уул уурхайн дэд сайдаар ажиллаж үзсэн гэх намынхных нь яриа бий. Улмаар НАМЗХ-г удирдахаар болж, ерөнхийлөгчөөр нь сонгогдож байв. Ийм сонголт хийхэд МАН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэл тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэх яриа мөн л түүнийг дагалддаг. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай нийлж, өнөөгийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг шахах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн үзүүлэлттэй эр. 
Тэрбээр хөрөнгөтэй мөнгөтэй, улс төрд сонирхолтой хөвгүүдийн сургалтын талбар, басхүү улстөрч эцэг эхтэй хүүхдүүдийн ясли гэгддэг НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж, өдгөө парламентын босго давчихаад сууж байгаа нь энэ. Тус холбооноос гэргийгээ олж авсан түүний жилийн орлого 126823.12 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 33 сая. Гурван ч орон сууцтай, “Land Rover”, “Range Rover” ээлжлэн хөлөглөдөг. Өвөртөө 113410.26 сая төгрөгийн хадгаламжтай. 
Оффшорт зургаан ч данс эзэмшдэг хэмээн алдаршаад байгаа Ч.Батзоригийн авга дүү. Өөрөөр хэлбэл, аавынх нь төрсөн ах оффшорт данс эзэмшдэг овсгоотой кадр. Ямартаа оффшор дахь мөнгөөрөө авга дүүгээ УИХ-ын зөөлөн сэнтийд суулгалаа гэх явган яриа хэсэгтээ л тэнүүчилсэн. 
Гэхдээ олны анхаарлыг татдаг өөр асуудал нь Ч.Батзоригийн оффшор данс нээлгэсэн огноо Ч.Ганзоригийн "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хугацаатай давхцдаг гэх бор шувуу яалт ч үгүй түмний анхаарлыг татаад байгаа. Тодруулбал Ч.Батзориг 2008 оны долдугаар сарын 10, 2008 оны долдугаар сарын 21, 2009 оны нэгдүгээр сарын 20, 2009 оны наймдугаар сарын 13, 2012 оны хоёрдугаар сарын 10-нд тус тус оффшорт данс нээлгэжээ. Харин Ч.Ганзориг 2008-2013 онуудад “Эрдэнэт” үйлдвэрийг удирдсан байдаг. Энэ ч үүднээсээ Ч.Ганзориг Монголын ганц саалийн үнээ "Эрдэнэт" үйлдвэрээс зувчуулсан мөнгөө өөрөөсөө үл ялигхан зайлуулсхийж, ахынхаа нэр дээр оффшорт гаргасан гэх хардлага холбогдох хууль хяналтынхны ноорог цаасанд анхаарлын тэмдэг татуулан, улаанаар тэмдэглэгдсэн байгааг эх сурвалж хэлж байгаа. Юутай ч сүүлийн үед аавынх нь хүзүүгээр татаад байгаа “Эрдэнэт”-ийн асуудалд мань хүн ч байр сууриа илэрхийлж, гарах арга замыг эрэлхийлэх биз ээ.

Эх сурвалж: Нийгмийн шуудан сонин