Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Цензургүй яриа” нэвтрүүлгийн сүүлийн дугаарт УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат оролцсон. Энэ үеэрээ УИХ-ын гишүүдийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөхөд санаатайгаар нөлөөлөх гэж оролдсон байж болзошгүй гэдэг асуудлыг хөндөж байсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би тэр нэвтрүүлгийг бүтнээр нь үзсэн. Үзээд их харамссан. Нэгдүгээрт, би томоохон прокурорын хажууд байж, 10 жил хэрэг уншсан прокурор хүн. Хоёрдугаарт, прокурорын хоёр удаагийн хуулийг би санаачилж батлуулсан. Ийм хүний хувьд прокуророос тийм харамсалтай ярилцлага өгсөнд үнэхээр гайхсан. Зорилго нь тэр хүмүүсийг нотлох баримттайгаар шийтгэсэн гэж хэлэх гээд байна лээ. Яг нарийн мэргэжлийн хүний нүдээр харахаар ганц ч баримт байхгүй. Жишээ нь, хүний амь нас хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа гэдэг хүний гэртээ агсам тавих, Б.Булганы үзүүлсэн салаавч, Т.Чимгээ гэдэг хүний “Нотолгоогоо гаргаж ир” гэсэн бичлэг ямар хамааралтай юм бэ. Энэ өнцгөөс нь харвал их л ядуу ярилцлага байна лээ. Ерөнхий ойлгогдсон зүйл нь “Энэ асуудлаар ярьж болохгүй, ярьвал хохь чинь шүү” гэсэн сануулга өгөөд байх шиг санагдсан. Гэхдээ энэ яригдаж байгаа зүйлс ялгаа заагтай юм. Нэгдүгээрт, гурван хүн шүүхээр шийтгүүлж, Дээд шүүх дээр асуудал нь дууссан. Энэ тохиолдолд шүүхийн гаргасан шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрх нь хэнд ч байгаа. Шүүхийн шийдвэр нь хүчинтэй болчихсон, хэрэгт нөлөөлөх боломж байхгүй. Хоёрдугаарт, энэ асуудлаар давж заалдах шатны шүүх хурал болж өнгөрөөд прокурорууд ярьж эхэлсний дараа би ярьсан. Шүүхийн шийдвэр эцэслэгдсэн, хүмүүс ял авчихсан учир ярьж болдог үе нь юм.
Нөгөөтэйгүүр хэргийг уншсан, харсан УИХ-ын гишүүн байхгүй. Тагнуулын байгууллага нь нуучихсан юмыг би яаж харах юм. Шүүгч, прокурор, мөрдөгчтэй нь уулзсан УИХ-ын гишүүн байхгүй. Тэгэхээр хэрэг мөрдөх, мөрдөн байцаах ажилд УИХ-ын гишүүн саад болсон гэдэг нь дэмий яриа. 
-Мөн УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг асуудал ярьж байсан?
-УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэсэн гэж ярьж байна лээ. Ямар хэрэг, хэн дээр үүсгэснийг би мэдэхгүй. Ярианы өнгөнөөс харахад өнгөрсөн оны долдугаар сард яллагдагчийн ар гэрийнхэнтэй нь уулзсан байна. Үүний дараа Т.Чимгээ юм ярихаа больсон гэж ярьсан учир ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэсэн юм байна гэж би ойлгосон. Монгол Улсын Үндсэн хуулиар эцэг, эх нь хүүхдийнхээ төлөө, хүүхэд нь эцэг, эхийнхээ үйлдсэн хэргийн төлөө ял, хариуцлага хүлээдэггүй юм. Одоо бүр үр хүүхдийнхээ төлөө явсан ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэж, хойноос нь мөрддөг болж байгаа юм байна гэдэг ойлголтыг би авсан. Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж бий. Энд хэдхэн алтан зарчим байдаг юм. Нэгдүгээрт, гэм буруугүй нэг ч хүнд ял оноож болохгүй. Хоёрдугаарт, мэтгэлцэх зарчим гэж байгаа. Гуравдугаарт, яллагдагчийн хувьд эргэлзээ байвал тэр асуудлыг яллагдагчийн талд ашигтайгаар шийднэ гэсэн алтан зарчим байдаг юм. Эдгээрээс хоёр дахь буюу мэтгэлцэх зарчмыг би яриад байгаа юм. Прокурор нь ил ярих эрхтэй юм бол өмгөөлөгчийг нь бас яриулах асуудлыг тавьж байгаа. Мэтгэлцэх гэдэг нь нэг талд прокурор яллаж, нөгөө талд нь өмгөөлөгч баримттай хамгаалдаг ийм л зарчим. Энэ дундаас шүүх үнэнийг олж, шийдвэр гаргадаг. Энэ ажиллагаанд өмгөөлөгч гэдэг хүн байхгүй. Миний хуулийн систем нурж байна гэж ярьж байгаагийн учир нь энэ. 
-Хууль зүйн байнгын хороо уржигдар С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн талаар хаалттай хуралдсан. Хуралдаа­наар ямар шийдэлд хүрсэн бэ?
-Хуралдаан хаалттай болсон учир би нарийн юм ярихгүй. Ерөнхий зарчим нь өмгөөлөгчдийг сонсъё гэсэн. Энэ хэрэг Засгийн газрын хуралдаанаар орж нууцаас гарсны дараа өмгөөлөгчид нь надад өргөдөл ирүүлж, биечлэн уулзсан. Тэд “Бид сонин шүүх хуралд суусан. Асар их дарамттай байлаа. Шүүх хуралд сууж байхад бидний хойно битүү хар маск өмссөн, буу барьсан тусгай албаныхан зогсож, бие засах газар руу ороход дагаж орж байсан. Хэргийг танилцуулахад тэмдэглэсэн тэмдэглэлийг хурааж авсан” гэж хэлж байна. Одоо хүртэл тэр тэмдэглэлүүд тагнуулын газар хадгалагдаж байгаа. Ийм л байдалтай шүүх хурал явагдаж, мэтгэлцэх зарчим гэдэг зүйл алдагдсан. Би хэргийн нарийн ширийнийг нь биш энэ асуудлыг л сонсъё гэж байгаа юм. Түүнээс УИХ-ын гишүүдэд эрүү үүсгэсэн эсэхийг мэдэхгүй. Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байна гэж хэрэг үүсгэж, айлган дарамтлах, сүрдүүлэх ажиллагаа явагдаж байгаа мэт харагдсан. Ингэж болохгүй. Прокурор хүнд төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг мэргэжлийн зэрэг, цол олгодог. Энэ нь цаанаа нарийн учиртай. Прокурор хүний толгой хуулийн лаборатори байх ёстой юм. Хэргийн өөг, хэргийг таньдаг байх ёстой. Хэрэг дотор юу ч байж болно. Түүнийг ялгаж, салгадаг, асар өндөр зэрэглэлтэй, толгойгоор нь юм ороод гарахад гол зүйлийг нь аваад үлддэг, гэмгүй бол зогсоодог ийм л цол юм. Үндэсний бөхөөр яривал хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг нь дархан аварга цол юм шүү дээ. Тийм хүний орлогчийг хийж байгаа хүн ийм юм яриад сууж байгаад үнэхээр харамссан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурор өөрөө толгойлсон нь бүх алдааны эх үүсвэр болсон байна. Үүнийг Г.Эрдэнэбат толгойл­сон. Энэ хүн прокурор биш. Их сургуулийн багшаар ажиллаж, танил тал, үнэнч байх гэдэг шалгуураар Ерөнхий прокурорын орлогч болсон хүн. Хэрэг танихгүй, мэдэхгүй. Ярьж байгааг нь мэргэжлийн үүднээс харвал инээдтэй зүйл ярьж байна лээ.
-Б.Булганыг яллагдагчаар татаж, уржигдар хоёр дахь удаа­гийн байцаалтаа авсан байна. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Б.Булганыг энэ хэргийн хамжигч байсан гэж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байна лээ. Гэтэл дөнгөж сая түүнийг яллагдагчаар татаж байцааж байна гэсэн байна. Нэг жил хамжигч гэж хорьчихоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тэр хүн өнөөдөр юу болчихов. Хамжигч байсан учир шүүх хуралд оролцуулж болохгүй байсан юм гэж ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ. Гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамтрагч, хамжигч гэж байдаг. Хамжигч гэдэг жишээ нь, хүний амь насыг хохироож байхад гарыг нь барьж, эсэргүүцэл үзүүлэхийг болиулж байгаа хүнийг хэлнэ. Харин амь насыг нь хөнөөх үйлдэл хийсэн бол хамтрагч болдог юм. Хүний амийг хороочихоод ир гэсэн бол зохион байгуулагч гэдэг. Захиалгыг биелүүлсэн бол гүйцэтгэгч гэдэг юм. Би Г.Эрдэнэбатын яриаг мэргэжлийн хүний нүдээр шүүсэн. Гэртээ агсам, согтуу тавьж байсан л бол хүн алдаг болж хувирах нь л дээ. Б.Содномдаржаагийн гэртээ агсан тавьсан зураг, хөдөө хээр архи ууж агсам тавьж байгаа нь ямар нотлох баримт юм бэ. Ална, барина гэсэн л байна лээ. Согтуу хүн үргэлж л тэгж байдаг ш дээ. Сонин байгаа биз. Тэгсэн хэр нь захиалагчийг нь олоогүй байдаг. Прокурор хүн “Тэр үнэхээр ухаантай захиалагч байна. Баригдахгүйн тулд хөдөөний, насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгож, нарийн төлөвлөсөн байгаа юм” гэж ярьж байна. Ийм л зүйл. Өнөөдөр биш гэхэд маргааш энэ хэргийн учир тайлагдана. Тухайлбал, Дээд шүүх дээр энэ хэрэг очиход айхтар том хуулийн завхралыг хийсэн. Бүр санаатайгаар. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралд эрүүгийн танхимын тэргүүн шүүгч нь шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилдог. Таван шүүгчтэй хийдэг хурал юм. Гэтэл танхимын тэргүүн шүүгчийн эрхийг Дээд шүүхийн ерөнхий шүүгч булааж авч, өөрөө шүүх хуралдааныг даргалсан. Энэ дунд хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргасан бол гомдол гаргах нэг эрх байдаг юм. Тэр гомдол нь зүйтэй байвал Дээд шүүхийн ерөнхий шүүгч эсэргүүцэл бичнэ. Ингээд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оролцуулах нэг шат байдаг. Гэтэл ерөнхий шүүгч нь тэргүүн шүүгчийн эрхийг булааж авснаас болж дөрөв дэх шатны эрх нь байхгүй болсон байна. Үүнийгээ ярихгүй байгаа юм. Мөн Ц.Амгаланбаатарын олон удаа хэрэг хүлээснийг тас хаяж байгаа биз. Зориудаар хаяж байгаа юм. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын талаар ярьж, зураг үзүүлээд байгаа хэр нь гол юмыг ярьсан Ц.Амгаланбаатар байхгүй. Бусад нотлох баримтаар бид нотолсон гэж л ярьж байна лээ. Тэрийгээ л гаргаад тавиач. Т.Чимгээ хэрэгт ингэж оролцсон, үүнийг бид ийм баримтаар нотолсон гэх ёстой. Би хувьдаа тийм л зүйл хүсээд байгаа юм. 
-Таныг хэргийн материалтай танилцсан гэж байсан?
-Өнөөдрийг хүртэл танилцаа­гүй явж байна. Хоёрдугаарт, надад мэргэжлийн, мэдээлэл өгдөг, дотроос нь эсэргүүцэж байгаа, хамтарч ажиллаж байсан хүмүүс бий. Өмгөөлөгч нар ч арга ядаад ирж байна. Т.Чимгээгийн хашаанд хүүр аваачиж хаясныг ирээд л хэлж байсан. Арай ч дээ. Айлган сүрдүүлэхийн тулд хашаанд нь хүүр аваачиж хаясан гэж цагдаагийнхан хэлж байгаа юм. Үнэн үү гэхээр үнэн л байгаа байхгүй юу. Ц.Амгаланбаатар гэдэг хүн олон хэрэг худлаа хүлээсэн, юу ч ярьж мэдэх хүний үгээр энэ хэрэг яваад байна гэж надад хэлж байна. Архангай аймгийн Цэнхэр суманд гурван хүн алсан гэж мэдүүлснийг эрүүгийн цагдаагийнхан очиж, хагас сар мөс ухаж, хэргийн хойноос явсан. Сүүлд нь худлаа болж таарсан байна. Эрдэнэтэд н.Ганбат гэдэг хүнийг хутгалж алсан хэргийг хүлээсэн. Шалгаад үзэхээр худлаа байсан. Таксины жолоочийг алсан хэрэгт найзыгаа гүтгэж, найзыг нь шоронд хийсний дараа өөрөө алсан болж, ял эдэлж байгаа. Ийм хүний үгээр үг хийж байна гэдгийг манайхан хэлж байна. Дараа нь асуухаар үнэн л болж таардаг. Түүнээс энэ хэрэг дээр өөрийгөө зовоож байх шаардлага байхгүй. 
-Гүйцэтгэгчээс өмнө захиа­лаг­­­чийг олдог байх хэрэг­тэй гэ­дэг асуудлыг та ярьж байсан. Үүний эсрэг зүйл яваад байна уу?
-Захиалагчийг олж байж гүйцэтгэгчийг шийтгэдэг ёстой юм. Яагаад гэвэл захиалагч мөнгө өгөх ёстой. Түүнээс хөлс авахгүй хүн ална гэж байхгүй биз дээ. Мөн захиалагч, гүйцэтгэгч хоёрыг нүүрэлдүүлэх ёстой. Тухайлбал, Б.Булганы ам зургаар хүн яллачихаад түүнийг шүүх хуралд оруулахгүй байна. Уг нь хуралд оруулж, гэмт этгээдүүдийг таниулах ёстой биз дээ. Энэ бүгд байхгүй байна. 
-Олон улсын парламентын холбооноос гарсан ажлын хэсэг манай улсад дахин ирж ажиллах гэж байгаа юм байна лээ. Өмнө нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ажлын хэсэг ирсэн ч манай хууль, хяналтын байгууллага хаалттай байсан гэсэн. Энэ удаад нээлттэй байж чадах болов уу?
-Тус холбооноос  тогтоол гаргаж, дүгнэлтээ ирүүлсэн нь хэв­лэлээр гарч, гишүүдэд ч танил­цуулсан. Уг 50 дугаар тогтоолд ажлын хэсгийн дүгнэлттэй бүрэн дүүрэн санал нийлж байна, Монголд ирнэ гэсэн байна лээ. Бид энэ дэлхий нийтийн жишгээр амьдарч байгаа хүмүүс. Энэ жишгээр шударга шүүхээр хэргээ шүүлгэх эрх нь нээлттэй байх ёстой. Өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах Үндсэн хуулийн эрхтэй. Гэтэл Үндсэн хуулийн эрх нь энэ хэргийн яллагдагчдад байхгүй болчихоод байна. Би Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч нь тагнуулын ажилтан байсан гэдгийг хэлж байгаа. Үүнийг яагаад ярихгүй байна вэ. Хэрэг огт өмгөөлж үзээгүй хүнийг хэрэг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд оруулсан байна. Амьдралдаа ганц удаа хэрэг уншиж үзээгүй хүнд өмгөөлөгчийн эрх өгч шүүх хуралд оруулсан байна. Би үүнийг Ерөнхий прокурорт, орлогч Г.Эрдэнэбатад “Юу хийж байна вэ” гээд хэлсэн. Би ийм юм ярьж байгаа учраас миний хойноос авлаж, хөөцөлдөж байгаа юм. Хэрэг үүсгэх, шаардлага гарвал татна гэж ярьж байгаа нь миний амыг хаах гэж оролдож байгаа хэрэг. Би амаа хаалгахгүй. Нэгдүгээрт, би УИХ-ын гишүүний хувиар, хоёрдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын хариуцах ажил гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Засгийн газрыг төлөөлж энэ ажлыг хариуцдаг хүний нэг нь би. Тиймээс Үндсэн хуулиараа энэ асуудлыг ярих эрх нь надад байна. Би тэр хэрэгтэй танилцаагүй, уншаагүй, унших ч үгүй. Үүнийг уншихгүйгээр мэргэжлийн хувьд дүгнэж, цэгнэх бололцоо дүүрэн байна. Мэргэжилтэн хүн нэг эрэг буруу хөдлөхөд түүнийг нь мэдэрч шийдвэр гаргадаг байх ёстой. Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй нь энэ хэргийн талаар гарсан шүүхийн бүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн болно. Монголд ийм балмад зүйл гаргуулахгүйн тулд би байгаа бүхнээрээ дэнчин тавина. Энэ улсын амьдрал өнөөдөр дуусахгүй. 1937 оныг бид мартаагүй байгаа. Яг л энэ дахин амилах гээд байгаа болохоор би тэмцэж байгаа юм. Би 1937 оныг амилуулахгүй байхын төлөө байдаг бүхнээ дэнчинд тавьж, тэмцэж байгаа. Намайг замаасаа зайлуулах нь тэдний нэг номерын зорилт болсон.