-Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсвийн төслийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Манай улсын эдийн засаг ирэх онд ямар төлөвтэй байх вэ?
-Ирэх онд Монгол Улсын эдийн засгийг найман хувиар өснө гэж үзэж байгаа. Үндсэндээ сүүлийн жилүүдэд агшсан эдийн засгийг ирэх онд тэлнэ гэж харж байна. Төсвийн орлогыг 1.9 их наяд, зардлыг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр төлөвлөсөн. Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэж байгаа өрийн хэмжээг тасралтгүй буулгаж, ирэх онд ДНБ-ий 55 хувьд хүргэхээр тооцсон. Өрийн хэмжээ 2016 оны эцсийн байдлаар ДНБ-ий 80 хувьд хүрснийг бүгд мэдэж байгаа. Үүнтэй харьцуулахад даруй 25 хувь буулгах төсөөлөл байна. Ийм үр дүнд хүргэхийн тулд авах арга хэмжээний талаар хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. Төрийн сангаас гаргаж, арилжааны банкинд байршуулж байсан бүх мөнгийг татсан. Гадаадын зээлээр санхүүжих төслүүдийг төрийн санд татаж байгаа. Засгийн газрын удирдлагын менежментийг зөв хийхээр зээл авах шаардлагагүй болж эхэлж байна. Үүнээс гадна өндөр хүүтэй зээлүүдийг эргэж төлөх ажлыг идэвхтэй хийсэн. Харамсалтай нь, өндөр хүүтэй гадаад зээлийн бондыг эргүүлж төлөхөд хүндрэл гарч байна. Нэлээд хатуу нөхцөлтэй зээлүүд байна. Гэхдээ бид зах зээлийн байдлыг ажиглаж байгаа. Авч байгаа зээлүүд ихэнхдээ хөнгөлөлттэй. Тэгэхээр төсөвт ирэх дарамт нь багасч байгаа учраас өрийн хэмжээг тасралтгүй буулгахаар тооцож байна. Өрийн хэмжээ бууж эхлэхээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч, хөрөнгө оруулагчид манай улсад итгэх итгэл нэмэгдэнэ. 
-Хатуу нөхцөлтэй зээлсэн бондуудыг эргүүлж төлнө гэлээ. Тухайлбал, ямар бонд байна вэ?
-Хамгийн өндөр хүүтэй гадаад бонд нь “Мазаалай” бонд байдаг юм. Жилийн 10.875 хувийн хүүтэй. Гэтэл одоо Засгийн газар дотооддоо зээлийн хүүг найм, есийн хувийн хүүтэй болгочихсон шүү дээ. Ийм өндөр хүүтэй бондыг бид буцааж бага хүүтэй зээлээр солих гэхээр бондын гэрээндээ Засгийн газар өөрчлөх, буцааж авах эрхгүй гээд заачихсан байгаа юм. Энэ асуудал төвөгтэй. Гэхдээ бид үнийг нь бондын зах зээлд хэрхэн хөдөлж байгааг нь өдөр бүр харж байгаа. Сүүлийн өдрүүдэд үнэ нь унаж байна. Тэгэхээр бид дахиж унавал авах боломж үүснэ бодож байна. 
-Зээлийн хүүний төлбөрт хэдэн төгрөг төсөвлөхөөр тооцсон бэ?
-Манай улс авсан зээлийнхээ хүүнд жилдээ 1.4 их наяд төгрөгийн хүү төлдөг байсан. Тэгвэл ирэх онд үүнийг 700 орчим тэрбумаар буулгаж, 860 орчим тэрбум төгрөгийн хүү төлнө гэж тооцож байгаа. Үүнийг буулгах арга хэмжээг тасралтгүй авна. Өөрөөр хэлбэл, өр эдийн засагт дарамт болдог асуудал багасна. Үүний төлөө чармайж ажиллана. Тиймээс Засгийн газар мөнгөн хөрөнгийн бодлогыг оновчтой явуулах ёстой. Төсвийн сахилга батыг сахиж, төсвийн тоо бүр нь бодитой байхад ажиллах шаардлагатай. Төсвийн хүрээний мэдэгдлийг хийхдээ бодит нөхцөл байдлыг тооцож, тусгах, цаашид реформын шинж чанартай арга хэмжээ авах талаар оруулж ирсэн. 
-Сангийн яамнаас татварын багц хуулиудыг УИХ-д оруулахаар бэлтгэж байгаа. Энэ хуулийн төслөөр аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг нэлээд буулгахаар тусгасан байсан. Тэгэхээр ирэх оны төсвийн орлого буурах юм биш үү?
-Уул уурхайн бүтээг-дэхүүний үнэ буурахаар эдийн засаг унадаг байдлаас ангижрах хэрэгтэй. Мөн татварын орлогыг цөөн тооны аж ахуйн нэгж бүрдүүлдэг. Ер нь татварын бааз суурийг нэмэгдүүлэхийн тулд татварын хуулийг оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, 1.5 тэрбумаас доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд нэлээд боломж олгоно. Тухайлбал, тэдэнд нэг хувийн татвар төлөх, жижиг аж ахуйн нэгжүүд хялбаршуулсан хэлбэрээр тайлангаа хийх зэрэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Одоо “Эрдэнэт” үйлдвэр ч бай, найман нэрийн хүнсний дэлгүүр ч бай ижил маягтаар жилд дөрвөн удаа тайлан гаргадаг. Үүнийг хэмжээнд нь тааруулж, маягтыг нь өөрчилсөн. Мөн тайлагнах тоог өөрчлөлт оруулна. Жижиг аж ахуйн нэгжүүд жилд нэг удаа тайлагнах боломжтой болно. Тэгэхээр нягтлан бодох зэрэг олон тооны зардал нь буурах юм. Жилдээ 1.5 тэрбумаас доош орлоготой бол жилд хоёр удаа, том аж ахуйн нэгжүүд дөрвөн удаа тайлан гаргадаг болно. Мөн олон хувь хэмжээг буулгасан. Ийм татварын зохицуулалттай хууль оруулж ирж байгаа нь өнгөрсөн дөрвөн жилд агшсан эдийн засгийг тэлэх, ашиг орлого нь буурч хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилготой юм. Цаанаа төсвийн орлого нэмэгдэж, эдийн засаг тэлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Төсвийн орлого буурахгүй. 
-Хий хоосон хөөрөгдлөөр бодит бус төлөвлөсөн төсөв баталсан өмнөх жилүүдийн алдааг давтахгүй байхыг зарим гишүүн анхааруулж байсан. Төсвийн орлогыг 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн.  Орлого нэмэгдэх эх үүсвэр нь юу байна вэ?
-Эдийн засаг найман хувиар өснө гэдэг бол цаанаа бүх салбарын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Би эдийн засаг өсч байгаатай холбоотой нэг жишээ хэлье. Мэдээж эдийн засгаа өслөө гээд ард иргэдийн халаасанд шууд орохгүй. Тодорхой хугацаа шаардагдана. Гэхдээ дэлхийн эдийн засгийн өсөлт, Монгол Улсын эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор нааштай зүйлүүд ажиглагдаж байгаа нь ноолуурын ханш 90-100 мянган төгрөгийн үнэд хүрч байгаа явдал. Малчид ноолуураа өндөр үнээр борлуулснаар зээлийн дарамтаас гарч, улмаар эдийн засгийн хүндрэлээс гарах бололцоотой болж байна. Үүнээс гадна арьс ширний үнэ өндөр байгаа. Энэ нь эдийн засгийн идэвхжилийг харуулж байгаа юм. Тиймээс малчдын орлогыг нэмэгдүүлэх, арилжааны банкин дахь өрийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Орлого нэмэгдэж байгаа өөр нэг зүйл нь БНХАУ-руу нэвтрүүлж байгаа нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхээр тооцсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал нэлээд амжилттай болсон. Тэгэхээр хилээр гаргаж байгаа нүүрсний хэмжээ нэмэгдэхээр төсвөө тооцсон юм. Гэхдээ эрсдэлүүд бий. Тухайлбал, Хойд Солонгос дэлхийн бусад улс орнуудтай харилцаагаа сайжруулах, ойлголцох арга хэмжээ авч байгаа. Тэгэхээр бусад улс Хойд Солонгостой холбоотой гаргасан хоригийн арга хэмжээгээ цуцалж магадгүй. Хойд Солонгос бол томоохон нүүрсний экспортлогч орон шүү дээ. ОХУ-аас Хятад Улс руу оруулж байгаа нүүрсний хэмжээ нэмэгдсэн. Өрсөлдөгчийн тоо нэмэгдэж байгаа нь бидэнд бага зэргийн эрсдэл үүсгэж магадгүй. Зэсийн үнийг бид ирэх онд өндөр байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл одоо хэрэгжиж байгаа Төсвийн тухай, Төсвийн тогтвортой тухай хуулиар манай улс ОУВС-гийн гаргасан тоогоор алт, зэсийн үнийг тооцдог. Сая ОУВС-гийн уулзалтад ороход дэлхийн эдийн засаг ирэх онд сайн байх тухай ярьж байсан. Тиймээс алт, зэсний үнийг нэмэгдүүлж төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгасан юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт, эрдэс баялгийн үнийн өсөлтөөр төсвийн орлого нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. 
-УИХ-аар хүүхдийн мөнгийг 80 хувьд болон 100 хувьд нь олгох хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэж байна. Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгохоор тооцож байгаа вэ. Бүх хүүхдэд олгох боломж бий юү?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Монгол Улс ОУВС-тай ойлголцож, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр дотроо хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг буюу 60 хувьд нь олгоно гэж тодорхой тусгасан. Үүнийг өнгөрсөн онд дөрвөн сарын хугацаанд Сангийн яам, Засгийн газар хэлэлцээр хийж хүүхдүүдийн 80 хувьд олгохоор болсон. Амаргүй хэлэлцээрийн дараа ийм үр дүнд хүрсэн юм. Тэгэхээр би УИХ-аар хүүхдүүдийн 80 хувьд мөнгө олгох шийдвэр гарна гэдэгт итгэж байгаа. Яагаад гэвэл ОУВС бол ганцхан байгууллага биш. ОУВС-гийн хөтөлбөр зогсвол Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны хөтөлбөрүүд зогсоно. АНУ, Япон, Солонгос, Хятад Улсын төслүүд зогсоно. Үүнийг хүсээд байгаа бүлэг хүмүүс байна. Монголын эрх ашигт нийцэхгүй гэдгийг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ асуудлаар муур, хулгана болж тоглоод, попроод байх шаардлага байхгүй. Нэгэнт л олон улсын банк санхүүгийн байгууллагатай ойлголцсон хэлбэрээрээ цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 
-Сөрөг хүчний зүгээс энэ оны төсөвт тодотгол хийгээгүй учир таныг огцруулах шаардлага тавьж байгаа. Төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн үү?
-Төсөв тодотгоход хуулийн тодорхой заалтууд бий. Төсвийн тусгай шаардлага биелж байж, төсвөө тодотгодог юм. Тухайлбал, орлого буурч байгаа үед төсөв тодотгохыг заасан байдаг. Харин одоо эдийн засгийн үзүүлэлт болон төсөвт орж ирж байгаа орлого нэмэгдэж байна. Тэгэхээр төсөв тодотгох нөхцөл бүрдээгүй гэсэн үг.

Үндэсний шуудан сонин