Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн ордыг цогцоор нь "хөдөлгөх" төсөл боловсруулснаа УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, хэлэлцүүлээд буй билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн санал, зөвлөмжийг тодорхой хэмжээгээр тусган,  яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болжээ. Уг төсөлд "Эрдэнэс Тавантолгой” төслийн 50 хувь, тэр дундаа 10 хувь нь аж ахуйн нэгж, 20 хувь нь иргэд, 20 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгохоор төлөвлөжээ. Мөн Тавантолгой нүүрсний ордыг богино хугацаанд их хэмжээгээр экспортлохын тулд дэд бүтцийн асуудлуудыг тусгасан байна. Тухайлбал, төмөр зам, авто зам, эрчим хүч, усан хангамж, уурхайн ТЭЗҮ-г шинэчлэх, баяжуулах зэрэг ажлуудыг хийх аж. Засгийн Газрын боловсруулсан уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан бөгөөд тэрээр ч дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үүнийг нотолж, "Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Тавантолгойн төслийг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах нь зүйтэй гэдгийг дэмжиж, нэгдмэл байр суурьтай  байгаа. Таван Толгой ордыг эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ дахь МАН-ын бүлэг, ҮАБЗ-өөр төслийг хэлэлцэн дэмжсэн.  Ерөнхийлөгч Тавантолгойн төслийг эргэлтэд оруулж, төрийн өмчит үйлдвэрийн газрыг ашигтай ажиллуулах, засаглалыг сайжруулах, төрд итгэх итгэл алдарсан ийм үед төрийн шийдвэр гарсан бол хэрэгжиж, эргээд ард түмнийхээ амьдралд хэрэгтэй, ажлын байр нэмэгдүүлэхэд оновчтой зөв шийдэлд хүрдэг гэдгийг харуулахыг хүсч байгаа." гэжээ.

Засгийн Газрын  албан мэдээнд энэ тухай: "Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна.

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм.   

Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо.  

Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөөд байна.

Ингэснээр Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болно. Мөн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд борлуулах, өрсөлдөх чадвараа нэмэх, дэд бүтцээ хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр боллоо." гэсэн байна.

М.Чойжал

sonin.mn