Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд хүйтний улиралд хамгийн ихээр санаа зовоодог зүйлсийн нэг нь утааны асуудал болоод байгаа билээ.

Бараг л сүүлийн 10 жил энэ асуудлаар ярилцаж байгаа ч дорвитой үр дүнд хүрээгүй харин утааны гамшиг л улам нэмэгдсэн гэж хэлэхэд болно. Утаатай тэмцэх салбар байгууллага, сан байгуулаад ч үр ашиг гарахгүй харин үр хүүхдүүд маань л ихээхэн хохирч эрүүл мэндийн хувьд нэлээд сөрөг шинж тэмдэгүүд илрэх болсон. Өвлийн цагт бага насны болон нярай хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл ихээр нэмэгдэж үүнийгээ дагаад эндэгдэл ч их болжээ. 

Өчигдөр болсон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгсөн бөгөөд энэ санал нь иргэдээс ч ихээхэн дамжлэг авах болов уу гэж бодож байна.

Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр "фандем" хэмээх цоо шинэ вирус үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна. Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв манайд улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө гэв.

Тиймээс энэ талаар одоо Боловсролын яаманд хандахаар болсон бөгөөд хэрхэн хүлээж авч, шийд гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Хэдийгээр Монгол Улс уур амьсгалын хувьд өвлийн цагт эрс тэрс, хатуу ширүүн хүйтэн улирал учир ирээдүй болсон хүүхэд багачуудаа ид утааны үеэр гадагш явуулах нь тийм ч зохимжтой биш. Сүүлийн жилүүдэд утаатай холбоотойгоор хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл ч их болсон учир дээрх шийдвэрийг удирдах албаны эрхэмүүд нааштай шийдэх болов уу гэж иргэдийн дунд хүлээлт үүсээд байгаа юм.