Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн хөрөнгийн зарцуулалтын чиглэлээр шаардлага хүргүүлэх шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намаас гаргасан байна.Тус бүлгээс Жижиг, дунд үйлдвэрлийн сангийн хөрөнгийг улстөрчдөд ямар ч шалгуургүйгээр олгогдож байна гэж үзэн, нэн даруй таслан зогсоохыг шаардлаа.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн хуваарилалтыг хуулийн хүрээнд бус шууд сайдын тушаалаар олгогдож байгаа нь шударга бус зүйл гэв. Тэрбээр мөн “МАН-ын олон гишүүн зээлийн асуудалд холбогдсон. ХХААХҮ-ийн сайдын 2018.05.14-ний өдрийн А88 тушаалаар шударга бус хуваарилалтыг шууд тараасан байж болзошгүй байна. Нэг УИХ-ын гишүүнд дунджаар 950 сая төгрөг олгосон байна” гэсэн юм.


АН-ЫН БҮЛГИЙН ШААРДЛАГА (Бүрэн эхээрээ)

Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн аж ахуйн нэгжид тав хүртэлх жилийн хугацаатай 300 саяаас 2 тэрбум хүртэлх төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй зээл олгодог.

Гэтэл уг зээлийг УИХ-ын гишүүд, таны тэргүүлдэг Засгийн газрын гишүүд албан тушаалтнууд хувийн компанидаа авсан талаарх нотолгоо бүхий мэдээлэл гарч байна. Тодруулбал,

  • УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн "Эпато анарваан" компанид 1,2 тэрбум төгрөгийн зээл,
  • УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь эхнэрийнхээ “Тээвэр ачилт” компанид 1,4 тэрбум төгрөгийн зээл,
  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” 950 сая төгрөгийн зээл,
  • УИХ-ын гишүүн Г.Солтан нь өөрийн эзэмшлийн “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл,
  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” компани
  • УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани
  • БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” компани
  • Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын "Цэн стайл" компанид тус тус уг сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан байна. 

Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл нь иргэдийг дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанид зээл авсан болон олгосон нь мөнгө угаасан байж болзошгүй байна.

УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд улсын төсвөөс төвлөрүүлжээ. Гэтэл эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, зорилтот бүлэгт хүрч чадахгүй байгаас болж, үр дүнтэй ажил болж чадахгүй байгаагаас үүдэн 2019 оны улсын төсөвт жижиг, дунд үйлдвэрлэлд оруулах төсвийг танаж багасгалаа. Иймд УИХ-ын гишүүдийн албан тушаалаа ашигласан энэхүү үйлдлийг шалган хэлэлцэхгүйгээр улсын төвсийг хэлэлцэх боломжгүй болгож байна. Иймд энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч 2018 оны аравдугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг шаардаж байна.

Дурдсан хугацаанд хариу ирүүлэхгүй бол УИХ дахь АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаан болон бусад байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй болж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг


Сануулахад, Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд 200 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байдаг аж.