Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгосон нэн хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн  компани авсан тухай мэдээлэл гарч байгаа. Энэ талаар Б.Батзориг сайдаас тодрууллаа.

 

-Та “Тээвэр ачлал” ХХК нь миний эхнэр болоод надтай холбоогүй гэж мэдэгдсэн. Гэтэл хөрөнгийн бирж болоод бусад мэдээллээр таны эхнэр уг компани ТУЗ-д нь багтдаг, та үүсгэн байгуулагчдын нэг гэсэн баримттай мэдээлэл байна. Тэгэхээр та худлаа хэлсэн болж байна уу?

-Бодитоор, өнөөдрийн байдлыг ярих хэрэгтэй шүү дээ. Сэтгүүлчид надаас танай эхнэрийн нэр дээр ийм хувьцаа байдаг уу гэж асуусан. Яг өнөөдрийн байдлаар бол миний эхнэр болоод надад энэ компанийн нэг ширхэг ч хувьцаа байхгүй. Яг өнөөдрийн байдлаар.  “Тээвэр ачлал” ХХК нь хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг хувьцаат компани. Өмнө нь тодорхой хувьцааг эзэмшдэг байсан одоо бол ганц ч хувьцаа эзэмшдэггүй.

-Зээл авах үеэр та болоод таны эхнэр хувьцаа эзэмшдэг байсан гэсэн?

-Зээл авах үеэр би болон миний эхнэр тухайн компанид нэг ширхэг ч хувьцааг эзэмшдэггүй байсан.

-Та үүсгэн байгуулагч нь мөн үү?

-Үүсгэн байгуулагч нь биш. “Тээвэр ачлал” ХХК чинь социализмын үед байгуулагдаад хувьчлагдсан компани.

-Сая АН-ын гишүүд тушаалаар хууль зөрчиж олгосон гэж ярьж байна?

-Ер нь Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас Монгол улсын иргэн аж ахуй нэгж хэн боловч зээл авах бүрэн эрхтэй. Эндээс айж ичиж сандраад байх юм байхгүй. Хамгийн гол нь шалгуураа давах ёстой. Энэ чинь журамтай. Сангаас материал хүлээж авах хугацаагаа зарладаг. Тодорхой хугацааны дараа материалаа хүлээж авдаг. Тэгээд анхны шалгаруулалтыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан хийдэг дараа нь Төсөл сонгон шалгаруулах хороо хуралдаж шийдвэр гаргадаг. Түүнээс биш сайд дангаараа шийдвэрлэдэггүй. Төсөл сонгон шалгаруулах хороо хуралдаж зээлийг олгодог.

-Зориулалтын бусаар зээлийг ашиглаж байна гэсэн мэдээлэл байна?

-Түүнийг дараа нь ярих ёстой. Хамгийн гол нь төсөл сонгон шалгаруулах комисс юуг баримталж сонгодог гэхлээр нэгдүгээрт, төслөө сайн бичсэн байх ёстой, хоёрдугаарт барьцаа, шалгуураа давсан байх ёстой. Шалгуур нь өндөр байдаг, тэр шалгуураа даваад барьцаагаа тавьсны дараа сантай зээлийн гэрээ хийгээд барьцаагаа тавиад зээлээ авдаг журамтай. Түүнээс сайд сайн дураараа шалгаруулалтыг хийдэг юм байхгүй.

-Нийт хэдэн УИХ-ын гишүүн авсан бэ?

-Тэрийг би мэдэхгүй. Төсөл сонгон шалгаруулах материал нь бүтэн хугацаатай тэр хугацаанд сангаас хугацааг нь зарлаад сан материалаа авдаг. Тэнд ямар гишүүний, хэний компани орж байгааг мэдэхгүй.

-Эрхэлсэн сайд нь сангаас зээл авчхаар магадгүй хуульдаа алдаа дутагдалгүй байж болох ч ёс зүй талд хариуцлага яригдах болов уу?

-Түрүүн би хэлсэн. Монгол Улсын иргэн хэн боловч материалаа бүрдүүлээд шаардлагыг нь хангаад барьцаагаа зээлээ тавиад зээл авах нь зүйтэй. Харин зориулалтын дагуу ашиглах хэрэгтэй. Сонгон шалгаруулалт явж байх үед тэнд би нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй байсан. Би ёс зүйгүй үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна.

2016 онд байсан түүнээс хойш

-Зээлийг үйлдвэрлэлийн зориулалтаар зарцуулах ёстой юм уу. Банк бус санхүүгийн байгууллага зээл авж байна хэмээн яригдаж байна. Хяналт тавьдаг уу?

- Хяналт тавина. Ер нь согтууруулах ундаа, архи, тамхи үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдэд мөн банк санхүүгийн байгууллага, ломбард, бооцоот тоглоом эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдэд зээд олгохгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг тодорхойлсон байгаа. Жилийн орлого нь 1.5-2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой үйлдвэрлэл эрхлэгчийг аж ахуй нэгж гэнэ гэсэн байгаа.

-“Тээвэр ачлал” компани үйлдвэрлэл эрхэлдэг үү?

-Тэрийг мэдэхгүй.  

Р.Хишигжаргал

www.24tsag.mn