Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Зөрчлийн тухай хуулинд “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох; баривчлах; эрх хасах шийтгэл оногдуулна. Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна” гэж заасан. Ингэхдээ торгуулийн хэмжээ 10-20. 000 нэгж буюу 10 мянгаас 20 сая, хуулийн этгээд 100-200 мянган нэгж буюу 100 мянгаас 200 сая төгрөг байна. Гэхдээ одоогийн байдлаар хамгийн өндөр торгууль хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөг байгаа. Ийм хэмжээний өндөр торгуулийг банк, ашигт малтмал, газрын тос зэрэг салбарт гарсан зарим зөрчилд тавьж байгаа аж. Мөн зөрчил үйлдсэн хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилах заалттай. Цаашлаад зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ. Харин хэрэг хөөн хэлэлцэх хугацаа торгуулийн хэмжээнээс хамаарч 6 сараас 2 жил хүртэл байхаар хуульчилсан. Зөрчлийн тухай хууль хэрэгжээд жил илүү болсон. Энэ хугацаанд тус хуульд асар олон цоорхой байгааг түүвэрлэн хүргэж байна.

  • Зөрчлийн хуулиар оноосон торгуулийн хэмжээ эрс нэмэгджээ. Зөрчлийн хуулиас өмнө мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулиар иргэнийг 50 000 хүртэлх төгрөгөөр, байгууллага аж ахуйн нэгжийг 50,000-250,000 төгрөгөөр торгох заалттай байсан. Харин Зөрчлийн хуулиар торгуулийн хэмжээ иргэнийг 10-20 мянган торгуулийн нэгж буюу 10,000-20,000,000 төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 100-200,000 торгуулийн нэгж буюу 100,000-200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан билээ.
  • Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр улсын байцаагчид болон шүүх, прокурорынхны ажлын ачаалал эрс нэмэгдсэн аж. Тухайлбал нэг улсын байцаагчид дунджаар 30 зөрчил ногдддог байсан бол одоо 130 орчим зөрчил ногдох болжээ. Цагдаагийн ажилтнууд өмнө нь сард 10-15 хэрэг шалгадаг байж. Гэтэл уг хууль хэрэгжсэнээр сард 110-135 хэрэг бүртгэлтийн хэрэг, 20-25 иргэний гомдол мэдээллийг шалгах болжээ. Түүнчлэн шүүхийн байр болон прокурорын тоог нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа гэнэ.
  • Гэр бүлийн хүчирхийлэгчид ихэвчлэн өөрийнхөө гэрт архидан согтуурсан үедээ бусдыг зодож цохилгүйгээр хэрүүл маргаан үүсгэх, орилж хашгиран бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байдаг. Энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн танхайрсан гэх зүйлээр хариуцлага тооцоход эдгээр үйлдлийг хуульчлаагүй тул гэм буруутай этгээдэд шийтгэл оногдуулах боломжгүй, эрхзүйн хийдэл гарсан байна. Учир нь танхайрсан гэх зүйл заалт нь олон нийтийн газарт үйлдэгдсэн тохиолдолд хэрэгждэг аж. Тиймээс энэ заалтад хуулийн зохицуулалт хийх шаардлагатай.
  • Зөрчлийн тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулах 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Гэр бүлийн хүмүүсийн хэн нэгнийг ингэж баривчлах нь гэр бүлийн салалтыг нэмэгдүүлж байна гэх яриа ч гарчээ.
  • Зөрчлийн хэргээр торгуулсан хүн торгуулиа эс зөвшөөрөх юм бол шүүхэд хандах эрхтэй.  Харин шүүхэд хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг зэрэгцүүлэн хэрэглэж байгаа нь зарим тохиолдолд иргэдэд хүндрэл учруулж байна.
  • Зөрчлийн хэргээр торгуулсан хүн торгуулиа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ханддаг. Харин шүүх хурлын танхимд торгуулсан хүн гэмт хэрэгтэн суудаг хэсэгт суудаг нь сэтгэл зүйн цочиролд оруулдаг.  
  • 300 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй хулгайн хэрэг Зөрчлийн хуулиар шийдэгддэг. Энэ нь хулгайчдыг өөгшүүлж байгаа
  • 2002 оны Эрүүгийн хуулиар биеэ үнэлэлтийг гэмт хэрэгт тооцож 7-30 хоног баривчилдаг байв. Харин өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулинд энэ заалт “устгагдсан”. Улмаар Зөрчлийн тухай хуульд ердөө л торгоод өнгөрөөх тухай заалт оруулсан байгаа юм. Хэрвээ биеэ үнэлэх юм бол ердөө л 50 000 төгрөгөөр торгуулна. Харин биеэ үнэлэлтийг зохион байгуулж, дэмжсэн этгээдийг 100 000 төгрөг, хуулийн этгээдийг 1 000 000 төгрөгөөр торгоод өнгөрдөг. Хэдэн ч удаа торгуулж болно. Давтан үйлдсэн гэдгээр “ял” хүндрэхгүй. Биеэ үнэлээд баригдах бүртээ л 50 000 төгрөгөөр л торгуулна.
  • Зөрчил үйлдэгчийн гэм буруу зөрчилд шийтгэл хүлээлгэхэд хамаарах ёстой. Гэм буруу бол хүний ухамсар, хүсэл зоригийн нийлбэр буюу сэтгэхүйн үйл ажиллагааны дотоод мөн чанарыг илэрхийлдэг. Тийм учраас гэм буруугийн зарчим бүх зөрчилд үйлчилнэ, хамаарна гэж үзэж болно. "Үндсэн хуульд шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан нь хамгийн ноцтой зөрчил буюу гэмт хэрэг, ял шийтгэлийн улмаас хүний эрх бусад үнэт зүйлст учруулж болох ноцтой аюулаас урьдчилан сэргийлсэн, мөн хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэхгүй байхад чиглэгдсэн суурь хамгаалалт болохоос гэмт хэргээс бусад зөрчилд гэм буруу хамаагүй гэж мехианикаар ойлгох үндэслэл биш юм. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид заагаагүй хэдий ч зөрчилд холбогдогч этгээдийн гэм буруугийн агуулга, хэлбэр, чиглэл, зорилгыг мэдэхгүйгээр хуулиар тогтоосон "зөрчлийн шинж”-ийг зөв тодорхойлох, үнэлэх, шийдвэрлэх боломжгүй.Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан буюу эд хөрөнгө хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн зарим шинж хангагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хууль бусаар устгах, гэмтээх зөрчилд тооцсон нь гэмт хэрэг ба зөрчлийн хувьд "гэм буруугийн санаатай” хэлбэрийг илэрхийлнэ. Харин Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлд заасан болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй /хохирол хүрээгүй / боловч Зөрчлийн тухай хуульд хуульчлагдаагүй тул зөрчил гэж үзэхгүй. Цаашид гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг зарим гэмт хэргийг Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцох нь "шоронжуулахын эсрэг бодлого”-д хамаарч бас болно. Гэтэл Зөрчлийн тухай хуульд холбогдох сургалтын зарим хэрэглэгдэхүүнд "гэм буруугийн зарчим зөрчилд шийтгэл хүлээлгэхэд хамаарахгүй” тухай тусгасан нь зөвшөөрөгдөх боломжгүй гэж үзэж байна.

Энэ мэтээр торгохыг нь илүүд үзсэн Зөрчлийн тухай хуулийн цоорхой асар их бөгөөд дээрх зөрчлүүд зөвхөн  өдөр тутамд гарч байгаа асуудал бэрхшээлийн нэг. Хэрвээ Зөрчлийн хуулийн салбарын зохицуулалтыг нь судлах  юм бол  ноцтой алдаанууд цөөнгүй бий.

Харин энэ олон цоорхойг засах эрх УИХ-ын гишүүдэд байгаа. Мөнгөтэй нэгний захиалгаар хууль засдаг үйлдлээ түр хойшоо тавиад амьдралд ойр энэ Зөрчийн хуулийн цоорхойгоо умайлгавал дээргүй юу?