​​​​​​

Сүүлийн үед дэгдээд байгаа ЖДҮХС-гаас өндөр албан тушаалтнууд бага хүүтэй зээл авсан тухай шуугиан нийгмийг цочроож байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргалтай ярилцлаа. Тэрээр 1999 оны долдугаар сараас 2000 оны долдугаар сард болсон УИХ-ын сонгууль хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд, МҮАН-ын даргын албыг хашсан юм.


-Та АН-даа байгаа юу?

-Байгаа. Намайг хассан барьсан тухай юм дуулдаагүй шүү дээ. Намын батлах маань байж л байна.

-Намын хуралдаа очдог уу?

-Дуудвал очилгүй яахав. Ойрд хэл дуулаагүй л байна.

-Сүүлийн үед АН-аас хүмүүс хөөгдөж байгаа мэдээ дуулдах боллоо...

-Би сониноос уншсан. Гэхдээ намын тухай нэг их бодоод байгаа зүйл алга. Шинэ удирдлага, шинэ дүрэмтэй болсон, намаа шинэчлэх талаар ажиллаж байгаа байх гэж бодож байна. Алдаж, онож байгаа юм байгаа л байх. Гэхдээ эцсийн дүндээ энэ нам хэр шинэчлэгдэж олны итгэл дааж байгаа вэ гэдэг нь улс төрийн сонгуулиар дүгнэгдэнэ шүү дээ.

-Таны хувьд намуудыг юу гэж харж байна?

-Ний нуугүй хэлэхэд эрх баригч нам явахгүй л байна. Хүмүүстэй уулзаж байхад “Танай энэ намуудыг харахаар бөөлжис цутгаж байна” гэж шууд хэлдэг болчихож. Намууд ийм тийм сайн зүйл хийчихлээ гээд тайлбарлах зүйл надад бага байна. Үнэхээр байдал ийм байхад ямар нэгэн гоё тайлбар хийж хүн хуурах хэрэггүй.

-Та намын дарга байсан бол юу хийх байсан бэ?

-Намууд эрс шинэчлэгдэх ёстой. Хоёр нүүргүйгээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ялангуяа өнөөдөр нийгэм шударга ёсыг нэхэж байгаа тохиолдолд шударга бус тийм үйлдэл гаргаж байгаа гишүүд, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох шаардлагатай байгаа юм.

-Та намын даргатай уулзаж энэ саналаа хэлсэн үү?

-Би намын даргатайгаа уулзаагүй хоёр жил шахам болж байна. Энэ хоёр нам чинь өөр нөхцөлд байгаа юм. Нэг нь эрх барьж байна. Нөгөөх нь сөрөг хүчин. Тэгэхээр хийх ажил нь өөр. Сөрөг хүчний хувьд гэрийн даалгавраа авчихсан гэсэн үг. Ард түмэн тэдэнд “За, та нар дөрвөн жил бод. Юун дээрээ алдав. Юун дээр онов гэдгээ тунгаа” гэсэн даалгавар өгсөн. Дээр нь цаашдаа улс орныг ямар бодлогоор, боловсон хүчнээр авч явах юм бэ. Тэгээд 2020 онд дахиад гүйгээд ир гэсэн даалгавар өгсөн. Сөрөг хүчин байхдаа энэ даалгавраа сайн хийчихээд ард түмэндээ очих бол нэг хэрэг. Харин эрх барьж байгаа улс төрийн хүчин бол мэдээж хэрэгжүүлж байгаа бодлогоо олон түмэнд хүртээлтэй байлгах, улс орны хөгжлийг нэг шатаар ахиулах, нийгмийн үнэт зүйлс болсон шударга, зарчимч, хариуцлагатай байх чадвараа амьдралд батлаад явах шаардлагатай. Эрх баригчдын хамгийн гол зүйл нь нийгмийн амьжиргааг дээшлүүлэх юм.

-Нам энэ талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүстэйгээ уулздаггүй юм уу?

-Бусадтай уулздаг эсэхийг мэдэхгүй байна. Намын дунд шатны дарга нар хааяа уулзаж санал солилцох, лекц уншуулах ажил гардаг. АН-ын баруун, төв, зүүн бүсийн намын дарга нарт лекц уншсан.

-Намын дарга нарт ямар сэдвээр лекц уншсан бэ?

-“Төрийн алба, төрийн албаны зарим асуудал” гэсэн сэдвээр лекц уншиж, сонирхсон асуултад хариулсан. Би өөрийнхөө хэмжээнд өгсөн дүгнэлт, үнэлэлтээ ярьсан.

-Та намын дарга байсан хүн...

-Би АН-ын дарга байгаагүй шүү дээ. Би 1999 оны Монголын үндэсний ардчилсан нам (МҮАН)-ын дарга болоод тухайн үеийн таван намыг нэгтгэж одоогийн АН-ыг байгуулах ажлыг зохион байгуулсан. Би Монголд хоёр, гурван зонхилох нам байх ёстой гэж үздэг.

-Өнөөдөр намууд тарж, талцаж байгааг харахад тухайн үед таван нам нэгдэх хэцүү байсан байх даа гэж бодогдлоо?

-Нэгтгэдэг хүмүүс гэж байхад тараадаг хүмүүс гэж бас байдаг бололтой юм аа. Тухайн үед намууд нэгдэнэ гэдэг том шинэчлэл байсан. Би тэр ажлыг удирдсандаа баяртай байдаг. Түүнээс хойш алдаа, оноотой явсаар өнөөг хүрлээ. Одоо бол энэ хоёр нам дорвитой шинэчлэл хийхгүй бол болохоо байчихаад байна.

-Ер нь намын үүрэг юу юм бэ?

-Улс орныг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэх боловсон хүчнийг шилж, сонгох, сургах, боловсруулах. Дээр нь тодорхой хариуцлага хүлээх, албан тушаалыг санал болгох.

-Өнөөдөр ийм байж чадаж байна уу?

-Үгүй. Өнөөдөр улс төр өөрөө бизнес болчихоод байна. Гишүүн байх нь хүртэл бизнес болсон. Хэн нэг нь намын албан тушаалд сонгогдохдоо гишүүдийнхээ саналыг худалдаж авна. Боловсон хүчний бодлого гэж бүр байхгүй. Би нэг намын даргын сэтэр зүүсэн байхад л хангалттай мөнгө хийнэ. Энэ бүр технологитой болсон. Намын дарга суудлаа хамгаалж үлдэхийн тулд өөрийн тойрон хүрээлэгчтэй. Тойрон хүрээлэгч албаны өмнө хариуцлага хүлээхээс илүү намын даргын хүслийг гүйцэлдүүлнэ. Үг дуугүй захирагдана гэх мэт зарчмуудтай. Гэхдээ энэ бол зөвхөн АН-д газар авсан үзэгдэл биш. МАН-д ч нэвчсэн үзэгдэл. Жишээлбэл, хотын фракц билүү дээ, нэлээд хүчтэй фракц МАН-д байдаг гэдэг дээ.

-Зөвхөн намын дарга болоод эрх барихгүй биз дээ?

-Намын дарга болоод эрх барьчихвал мэдээж сайн хэрэг. Болоогүй тохиолдол ч намын даргад ашигтай. Сөрөг хүчний дарга эрх баригчдаа айлгаж, шантааж хийх эрхтэй үлдэнэ. Тулган шаардах боломж байхад л ер дийлдэхгүй дээ.

-Та АН-ын аль нэгэн фракцад байсан уу?

-Би нэг их тэгж гүйдэггүй дээ. МҮДН 2000 ондоо татан буугдаад фракц элдэв юм зохион байгуулаагүй шүү дээ.

-Яагаад намууд, бизнесмэнүүд хэдэн тэрбум төгрөг хаяж УИХ-д суух гээд байна?

-Бизнес хийх эрхгүй, өмч, хэлцлийн хууль байхгүй болохоор өмчөө, бизнесээ хамгаалах хэрэгтэй. Тэрнээс гадна иргэд мөнгөгүй болохоор төр л ажил олгогч болж хувирч байна. Төр нь их мөнгөтэй болохоор төр рүү тэмүүлж л тэр их мөнгөнд ойртоно. Тийм учраас төр рүү зүтгээд байгаа юм. Энэ бол бидний алдаа. Ядахдаа энэ байдлаа цэгцэлж хойч үедээ үлдээх нь бидний үүрэг гэж ойлгож байна.

-Намууд яагаад төлөвшихгүй байна?

-30 жил гэдэг бас их хугацаа биш л дээ. Улс төрийн намын хувьд бага хугацаа. Энэ хугацаанд нэг их төгс нам төрнө гэж бодохгүй байна. Гэхдээ хийж болох олон зүйл байгаа. Намууд олонхын дэмжлэг авахыг хүсч байгаа бол эхний ээлжинд хоёр нүүр гаргаж болохгүй. Эрх барьж байхдаа нэг юм хэлдэг. Сөрөг хүчин болоод шал эсрэг ярьдаг. Эсвэл сөрөг хүчин байхдаа нэг юм ярьдаг. Эрх бариад эсрэгээр нь хийдэг. Ийм л байж болохгүй.

-Сонгууль дөхсөн энэ үед намууд яах ёстой вэ?

-Их ноцтой асуудал үүсч байгаа өнөө үед намууд, түүний удирдлагуудын нүүр царай илүү тод харагдана. Ер нь аль ч үед намууд шударга, зарчимч гэдгээ харуулдаг байх хэрэгтэй. Хэрвээ сонгуульд сонгогчдын олонхын итгэлийг авмаар байгаа бол шударга бус зүйлтэй л бүү эвлэр. Эвлэрэхгүйгээр барахгүй тэмцэж, таслан зогсоо.

-ЖДҮХС-г хэлж байна уу?

-Олны анхааралд өртсөн үе таараад л иргэд энэ асуудал дээр бухимдаад байгаа юм. Зөвхөн энэ биш, өөр олон асуудал дээр намууд байр сууриа илэрхийлэх ёстой. Шударга бус зүйл, түүнтэй холбогдсон албан тушаалтан, гишүүдтэйгээ хариуцлага тооцож чадахгүй л бол намууд цааш явахгүй л дээ. Алив нэгэн асуудалд орооцолдсон гишүүнээ өөрийн цүнх баригч, элдэв юмыг долоож явдаг, нутаг нуга, төрөл садан, фракц гэдэг утгаараа хамгаалаад үлдвэл тэгээд л сонгогчид нүүрээ буруулна. Намаа л сүйрүүлж байгаа гэсэн үг.

-Эрх барьж байгаа хоёр намын рейтинг нийлээд сонгогчдын 30 хувийн дэмжлэг авахгүй байгаа тухай мэдээ нь зарим хүнд засаглалаа солих цаг болсон гэсэн сэтгэгдэл төрүүлж байх шиг байна?

-Энэ хоёр нам хэдий чинээ арчаагүй, туйлбаргүй, авлигач, хулгайч байна бусад хүчний орон зай тэлэх боломж гарч ирнэ. Тэр орон зайд хэн ч тоглох боломжтой. Нэг нь боломжийн юм ярьж болно. Нөгөө нь хувийн тоглолт хийж болно. Ерөнхийлөгч тэр бүү хэл фашист засаглалын төлөө ч энэ оронд зайд тоглож болно. Энэ болж бүтэхгүй юм цаашид томрох уу, жижгэрэх үү гэдэг нь энэ хоёр намын үйл ажиллагаанаас хамаарна.

-Яавал ямар нэгэн хаос үүсэхгүй вэ?

-Энэ хоёр шударга, зарчимтай, ёс зүйтэй, үнэт зүйлтэй байх юм бол энэ зай хумигдана. Энэ хоёр нам өнөөгийн улс төрийн цаг агаарыг тодорхойлж байна.

-Цаг агаар сайхан болох болов уу?

-Энэ хоёр нам цаашид яах бол гэдэг нь өнөөдөр олонхын анхаарлыг татаж байх шиг байгаа юм. Судалгаагаар сонгогчдын 70 хувь энэ хоёр намд итгэхгүй байна гэдэг бол нийгмийн төрд итгэх итгэл ямар байгааг харуулж байна. Тэр том орон зайд төрийн тогтолцооны асуудал ярих боломж бүрдэнэ.

-Та засаглалын ямар тогтолцоог дэмждэг вэ?

-Парламентын засаглалыг дэмжигч.

-Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй бол ямар өөрчлөлт оруулах вэ?

-Наадах чинь сайн дурын уран сайханчийн асуулт байна. Цай уух зуур Үндсэн хууль өөрчилчих юм уу.

-Яагаад, би Ерөнхий сайд байсан хүний бодлыг сонирхож байна шүү дээ?

-Би хэдийгээр Ерөнхий сайд байсан, эдийн засаг жаахан гадарладаг хүн хэдий ч захын хүн Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулах хэрэгтэй гээд хэлчихдэг юм биш. Би Үндсэн хуулийн экономик талаас нь ганц хоёр юм хэлчихэж магадгүй. Түүнээс ийм өөрчлөлт оруулах хэрэгтэй гээд шууд хэлчих хүн гэж өөрийгөө бодохгүй байна. Эхлээд Үндсэн хуулийн үзэл санаа гэж юу байдгийг мэдэх хэрэгтэй.

-Юу байдаг юм?

-Үндсэн хуулийн эрх зүй, эдийн засаг, социологи, философи гээд олон юм бий. Бид дэлхийн хаана явна. Иракт тавьсан эдийн засгийн хориг, Хойд Солонгосын байдал, цаашаа эдийн засаг хаашаа явах юм гээд олон асуудлыг багцаар харах хэрэгтэй. Үндсэн хууль чинь өөрөө асар том шинжлэх ухаан байхгүй юу. Тэгэхээр тэр том хэмжээнд сэтгэх чадвартай бүтэц Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьдаг юм.

-Анх манай Үнсэн хууль яаж батлагдсан юм бэ?

-Маш их шүүлтүүрээр орсон. Одоо ч өөрчилж болно гэхдээ мэргэжлийн байгууллагуудаар сайн боловсруулаад сайн шүүж байж иргэдийнхээ гар дээр тавих ёстой. Нэг уулзалт хийчихээд алга ташилт сонсоод өөрчилдөг юм биш.

-Намыг гишүүнчлэлгүй болгох тухай яриа байдаг.

-Тийм юм байдаг. Миний сонирхлыг татдаг. Их ирээдүйтэй санагддаг. Намд гэхээсээ илүү ашиг сонирхлын бүлгүүд байх хэрэгтэй. Жишээлбэл, фэйсбүүк дээр цэцэг сонирхогчдын бүлэг гэж байдаг даа. Түүнтэй төстэй. Тийм бүлгүүд ирээдүйд олшрох байх. Ийм бүлгүүд л манай нийгмийг баяжуулж сонирхолтой болгож байгаа юм шүү дээ.

-Ийм бүлгүүд яаж төр рүү орох вэ?

-Магадгүй 50-100 жилийн энэ бүлгүүд гол асуудал болох байх. Өнөөдөр бол хоёр намаар дамжиж орно. Гэхдээ янз бүрийн шийдлүүд байна. АНУ-д намууд гишүүнчлэл байхгүй. Саналаа өгсөн сонгогчийг гишүүнд тооцно. Английн намын хуульд хоёр хүн нам байгуулж болно гэж заасан байдаг. Тэнд 400-гаад нам байдаг. Гэхдээ парламентад 2-3 нам зонхилдог.

-Нөгөө намууд нь яасан бэ?

-Тэд нь орон нутгийн түвшинд тодорхой асуудал шийдэх замаар байгуулаад эргээд алга болдог.

-Та гадагшаа ямар ажлаар явах гэж байна?

-Азийн тинк танкуудын дээд чуулганд уригдсан. Хөндөж байгаа асуудлууд нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, бүс нутгийн аюулгүй байдал, глобал эдийн засаг. Нийт 20-иод том байгууллага оролцоно.

Эх сурвалж: Өдрийн сонин