Скандиновын загасчид “Хадан хясаа”, “Боржин соёо”, “Чулуун индүү” зэрэг нэр өгсөн Хойд Атлантикийн нэгэн газарт одоогоос 114 жилийн өмнө аймшигт осол болжээ. Норвеги, Швед, Финланд, Дани, Голландын ихэнх загасчид очихоосоо айдаг тэр газар нь холоос харахад үнэхээр ч аймшигт араатны соёо шиг, эсвэл хажуугаар нь босгоод тавьчихсан индүү шиг хадан цохио аж. Тэр хадны өндөр нь 21 метр, усны түвшинд харагдах суур нь уртаашаа 30 метр, өргөөшөө 24 метр бөгөөд дорно зүг рүү харсан тал нь үл ялиг хотгордуу, бусад талууд нь гүдгэр хэлбэртэй юм байна. “Боржин соёо”-ны байршил нь Хойд өргөрөгийн 57 градус 35 минут, баруун уртрагийн 13 градус 48 миунт буюу Шотландын хамгийн баруун арлуудын нэг Сент-Килдээс 190, Исландын хамгийн баруун урд цэгээс 440, Фарерын арлуудаас 360 бээрийн зайд оршдог.

Харин Английн далайчид “Роки” гэдэг нэрийг өгчээ. 1904 оны зургаадугаар сарын 22-нд зорчигч тээврийн “Норж” хөлөг онгоц Данийн нийслэл Копенгаген хотоос Америк орох аялалдаа гарчээ. Энэхүү хөлөг онгоцыг 1881 онд Шотландын Клайд гол дээр “Александр Стефан” гэдэг үйлдвэрт бүтээсэн аж. 1904 он хүртэл 20 гаруй жил Хойд Европоос АНУ-ыг зорьсон аялал хийхдээ олон хүний айдсыг төрүүлдэг “Хадан хясаа” руу 100 бээр ч ойртож байгаагүй гэдэг.

Харин яг тэр аялалаар 700 зорчигчийг Нью Йорк хотод хүргэж өгөх зорилготой явсан “Норж” хөлөг онгоц ахмад Ганделлийн буруугаас болж осолдсон байна. Ганделл олон жил хөлгийн ахмадаар ажилласан туршлагатай нэгэн байсан боловч 1904 оны зуны нартай өдөр хөлөг онгоцны маршрутаасаа хазайн “Хадан хясаа”-ны хажуугаар явахаар шийджээ. Зургаадугаар сарын 28-ны мягмар гарагт “Норж” хөлөг онгоц аймшигт хадны хажууд ирсэн байлаа. Тэнгэрт битүү үүл хөвсийж, нортуэстийн (баруун хойд зүгийн салхийг ингэж нэрлэдэг) салхи үлээн, далайн давалгаа нэмэгдсэн байна.

Онгоц дөнгөж 8.5 зангилаа хурдтай урагшилж байжээ. Ахмад Ганделл “Хадан хясаа”-ны барааг харахаар жолооны тавцан дээр гарч ирээд чиглүүлэгчдээ “удахгүй ертөнцийн нэгэн гайхамшгийг харах болно” гэж хэлэв.  Мөн зорчигч нарт энэ үйл явдлын гэрч болгох боломжийг олгохыг зөвшөөрсөн аж. Гэвч далайн хүчтэй давалгаа түрж хөлгийн тал хэсгийг чулуун дээр гаргаж иржээ. Хоёр удаа хүчтэй цохигдсон хөлөг хаашаа ч хөдөлж чадахааргүй яг зогссон байна. Хөлгийн ахмад тэр дор нь ухрах тушаал өгч, усны гүнийг хэмжих хэрэгтэй гэсэн юм. Түүний энэ тушаал “Норж” хөлөг онгоц живэхээс өөр сонголтгүй болгосон гэдгийг түүхчид нотолсон байна.

Гэхдээ Ганделл тийм алдаа гаргасан эхний ч, сүүлийн ч хөлгийн ахмад байгаагүй юм. Хөлөг онгоцыг ухрах тушаал өгч байхдаа ёроол хэсгийн гэмтлийг тооцоолоогүй байжээ. Онгоц салхинд цохигдон хаданд ойртохдоо үзүүртэй чулуунд зоогдчихсон байв. Яг тэр мөчид зорчигч нараар дайжигнах мэт тэнгэрийн үүл шингэрч, хөлгийн баруун талд “Боржин соёо” сүрлэгээр дүнсийн тодров. Энэхүү ослоос амьд гарсан нэг зорчигч хожим дурсан бичихдээ “Хүмүүс тэр хадыг янз бүрээр нэрлэдэг. Миний хэлэх дуртайгаар “Боржин соёо” тэр үед  “Норж” хөлөг онгоцны дээрээс тонгойн “Чи намайг харахыг хүссэн юм уу. Би энд л байна шүү дээ. Би хэзээ ч байраа сольдоггүй. Одоо та нар намайг сайн харж аваарай” гэж байгаа юм шиг өтгөн үүлэн дундаас үзүүр хэсгээрээ тодорсоор бидний өмнө ил гарч байлаа” гэжээ.

Гэвч тухайн үед зорчигчид байгалийн энэ өвөрмөц тогтоцтой хадыг сонирхохоосоо илүүтэй хөлөг онгоцоо аюулаас аврахаар бүгд сандралдаж байсан гэдэг. “Норж” аюулд өртсөн тэр даруйд хөлгийн багийн гишүүд шуурхай ажиллаж, далайн усны давалгаанд хөлгийг оруулж чаджээ. Энэ үед бүгд л гамшиг ард хоцорч, аялалаа үргэлжлүүлэх боломжтой боллоо гэж итгэсэн байна.

Гэвч “Норж”-ийн сүүлийн аялал боллоо гэдэгтэй адил дуулдахаар хөлгийн ахмадын туслах Карпектор “Онгоцны доод хоёр хөндийвч 1.5 метр хэртэй усаар дүүрсэн байна. Битүү ачаа ачсан учир цоорхойг бөглөх ямар ч арга байхгүй байна” гэдгийг Гаделлд дуулгажээ. Энэ мэдээг сонссон ахмад хөлгийн усны шахуургуудыг ажиллуулж эхэлсэн ч ус дэндүү ихээр орж ирсэн учир шахуурга зорчигчдын амийг аварч чадаагүй юм. Усны түвшин дээшлэх тусам зорчигчид хөлгийн тавцан руу гүйлджээ. 703 зорчигч, багийн 71, бүгд нийлээд 774 хүнийг хөлгийн тавцан багтааж чадахгүй байсан нь тодорхой.

Яг л “Титаник” кинон дээр гардаг шиг үйл явдал болсон бололтой. Аврах завинууд хүрэлцэхгүй, олон хүн бужигнаж, их далайн мандал хэмжээ хязгааргүй хүмүүсийн орилоон, хашгираан, хараал зүхэлд автагджээ. Энэхүү ослоос амьд үлдсэн нэгдүгээр зэргийн усан цэрэг Матьессен хожим шүүх хурал дээр “Гуравдугаар штурманы хамт би аврах завинуудыг буулгаж эхэлсэн. Эхнийхийг буулгаж байтал гинж гацаж хошууных нь оосор мултарсан. Тэгээд дотор нь сууж байсан бүх хүн далайд шидэгдсэн. Биднийг хүүхэд, эмэгтэйчүүд даган уйлалдаж байсан. Дараа нь бид өөр нэг завь буулгахыг оролдсон ч офицерууд, усан цэргүүд, ер нь хэн ч тайван ажиллах нөхцөлгүй болсон. Сүүлдээ усан цэргүүд өөрсдөө аврах завиндаа суух гэхэд нь офицерууд буудна гэж сүрдүүлэн байж буулгасан. Ахмад Ганделл нэгэн зэрэг олон тушаал өгсөн болохоор алийг нь эхэлж хийхээ мэдэхгүй сандарсан” гэдэг мэдүүлэг өгчээ.

Мөн тэр ослоос азаар амьд гарсан зорчигч эмэгтэй Катерина Силландер “Эхлээд нэг хүн, дараа нь хоёр, гурав, сүүлдээ бүгд ус руу үсэрсэн. Хэсэг хугацааны дараа тоолж барамгүй олон хүний толгой усан дээр хөвж байсан. Тэр хүмүүс усан онгоцонд булшлагдсанаас далайн уудам мандалд эрх чөлөөтэй амьсгалсаар үхэхийг хүсч байлаа. Хэдхэн хүн тавцан дээр үлдсэн” гэж сүүлд дурсан тэмдэглэсэн байна.

“Норж” хөлөг онгоц далайн мандал дээр ердөө 12-хон минут л тэсчээ. Аврах завинд суусан хүмүүс Сент-Килд арлын зүг хөдөлсөн бөгөөд замд нь алс хол хөлөг онгоц харагдсан гэдэг. Гэвч зөвхөн амиа авч гарахыг оролдсон хүмүүс ямар ч тусламж дуудах хэрэгсэлгүй хөвж явжээ. Тийнхүү тав хоног хөвж, Сент-Килд арал дээр иржээ.

Тэднийг хуурай газарт хүрэхээс өмнө Германы “Энергия”, Английн “Сильвия”, “Сернова” зэрэг загас агнуур, далайн эргүүлийн хөлөг онгоцнууд олж харсан байна. Загасчид жижигхэн аврах завьтай хүмүүсийг эрэг дээр гарган өгч Английн “Сильвия” тэр дороо “Боржин соёо” руу очсон боловч нэгэнт оройтжээ. Загасчдыг очиход аврах цамцтай асар олон цогцос угтаж авсан байна. Хожим “Норж” хөлөг онгоцонд зорчиж явсан хүмүүсийн бүртгэлийг гаргахад 654 хүн амь үрэгдсэн буюу ор сураггүй алга болж, 120 хүн л аврагдсан гэсэн мэдээ баримт үлджээ. Ийнхүү сониуч ахмад Ганделл 654 хүний амийг авч одсон үйл явдал одоогоос 114 жилийн өмнө болсон байна.