УИХ-ын  нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар  С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхорол Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд, Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болсон. Харин үдээс хойшх хуралдаанаар Ж.Эрдэнэбат Сангийн сайд, Д.Дорлигжав Хууль зүйн сайд, Д.Эрдэнбат Аж үйлдвэрийн сайд, Д.Цогтбаатар Барилга хот байгуулалтын сайд, Ц.Цолмон Батлан хамгаалахын сайд  болсон.  Дөнгөж сая  Л.Гантөмөрийг    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болох эсэхийг  хэлэлцсэн.  Энэ үеэр гишүүд асуулт асуусан.  Тухайлбал,  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Их сургуульд шинэчлэл хийнэ гэж 2 жил боллоо. Тодорхойгүй байдалтай боллоо. Сурагчдын форм үнэтэй байна.  Үдийн цай хөтөлбөрийн талаар?

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Үдийн цайны мөнгийг нэмнэ. Формны асуудлыг  ҮХААЯ шийдэж байгаа.  Их сургуулийн шинэчлэлийг  их сургуулийн багш нар хийнэ.  Цаашдаа багш нар өөрсдөө авч явдаг байх хуулийн төслийг өргөн барина.

УИХ-ын гишүүн Ө.Энхтөвшин: Соёлын салбарыг хэрхэх бодолтой байна вэ? Соёлын салбарт байсан яамнаас хичнээн хүн салбарыг хариуцахаар ирж байна вэ?

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Өмнө нь Ё.Отгонбаяр сайд  БСШУ-ны сайд байсан.  Үүгээр явна.  Соёл урлагийн дэмжлэг хэвээрээ үргэлжлэх болно.  Хуурамж диплом хэвлэх асуудал байхгүй.  Гарвал хуулийн байгууллагын хаалга татна.

Соёл урлагийн газар нь ирнэ гэж бодож байгаа. Яг хэдэн хүний орон тоо вэ гэдгийг Сангийн яам гаргаж өгнө.  

УИХ-ын гишүүд асуулт асуусны дараа УИХ-ын гишүүд үг хэлсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би нэг л зүйл хэлье.  6 настай хүүхдүүдийн асуудлыг хот хөдөөгөөр нь салгаяаа.  Хөдөө аав ээжийнхээ өврөөс гараагүй хүүхдүүд нэг  хүн бараадад суурин барааддаг.  Хөдөө өсөөгүй бол өөрөө ойлгохгүй байх.  Багаас нь сэтгэцэд нь нөлөөлөх айдаст автаж болохгүй.  Тиймээс үүн дээр бодлогын  өөрчлөлт хийх хэрэгтэй байнаа.  Намрын чуулганд багтааж асуудлыг оруулж ирмээр байна.

УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар: Өнгөрсөн хугацаанд их дээд сургууль үймсэн.  МУИС-ийн Эдийн засгийн сургууль таныг сайд байх үед алга болж байна. Өнөөдөр Бизнесийн сургууль болсон.  Бизнес бол эдийн засгийн нэг хэсэг.  Энэ 4 жил боловсролын хувьд ухарсан үйлдэл боллоо.  

2. Сурагчийн  формд иргэд сэтгэл дундуур байна. Хэлж ярьж байгаа гишүүдийн тоо нэмэгдэж байна.  Аргацаах байдлаар  хариулт өгөх биш, сурагчийн  үзэж байгаа ном, хувцас нь өөрт  чинь хамаатай. Өнгөрсөн хугацаанд хэтэрхий хүнийрхүү хандаж байна шүү.
3. Сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэж олон хүн хүүхдээ сургуулиас гаргаж байна. Бас хамаагүй юм шиг хандаж болохгүй шүү.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:  Шинэчлэлийн засгийн газрын хийж байсан ажлуудыг үргэлжүүлж, авах гээхийн ухаанд хандаарай.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:  Бидний ирээдүйг тодорхойлох чухал салбар. Их дээд сургуулиудын элсэлт цахимжиж, хэл ам багассан. Нөгөө талаар хувийн салбарын хөрөнгө оруулалтыг  дэмжих нь чухал шүү. Салбарын сургуулийг тухайн салбарынх нь яамд хамаатуулах хэрэгтэй.  

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:  Ухаалаг төртэй болох шаардлага маань төрийн тогтолцооны гажгаас үүдэлтэй. Баянхошууны 25-р хороонд 15000 гаруй хүн амтай хороонд 100 хүүхдийн цэцэрлэгтэй.  2-3 унь зөөж гэр бариад олон гудмын цаанаас хоол зөөж байна.  Сэтгэл дутаж байгаа энэ мэт зүйлд анхаарал хандуулаарай.  Нарийн ярьбал 10 орчим сумын хүн амтай нийлэхээр байгаа ийм газарт сургууль цэцэрлэг барихад анхаараарай.  Их зүйл хийх шаардлагатай байгаа.  

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдахад хөдөө орон нутагт ажиллаж байгаа  багш нарт анхаарал хандуулна гэсэн одоо болтол байхгүй.  Хөдөөд ажиллаж байгаа залуу багш нарын цалин, нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулах цаг болсон шүү.  Залуу багш нар сургуулийнхаа гал тогоо, айлын хажуу өрөөнд амьдарч байгаа.  Олон жил арай гэж баталсан удаан ажилласан багш нарын 36 сарын нэмэгдэл хоргодож байгаа талаар ярьж байна.  Үүнийг болих хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.  

Ингээд гишүүд үг хэлж дууссан. Улмаар санал хурааж, олонхын саналаар буюу  95 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрыг  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болохыг дэмжсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрын намтрыг хүргэе.

Л. Гантөмөр 1991онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1996 онд Японы Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер,  1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр  2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 2006-2007онд  Монгол   Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Л.Гантөмөр 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байна. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Алтангадас одонгоор шагнагдсан. Япон, англи, орос хэлтэй.