Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Д.Ч нь эрүү шүүлт тулгасан хэргээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс ял сонслоо.

Д.Ч нь Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эхнэр 3 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд  оршин суух хаягтай.

Тодуулбал, Д.Ч нь төрийн албан хаагч буюу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр албан өрөөндөө тус сумын иргэн М.М-ыг мал хулгайлсан хэрэг хүлээлгэхээр зүүн гуя, гарын булчин хэсэгт тус бүр 2 удаа резинэн бороохойгоор цохиж эрүү шүүлт тулгасан аж.

Үүний улмаас иргэн М.М-ын биед зүүн бугалга, гуяны цус хуралт, дунд чөмөгний цууралт буюу хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Эрүү шүүлт тулгасан гэх Д.Ч  үйлдсэн хэргээ шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч,  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү....” гэж мэдүүлсэн байна.

Д.Ч-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч М.М-т 500.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцсон байна. Улмаар энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Ч хохирогч М.М-т 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар баримт ирүүлсэнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцжээ.

Өөрөөр хэлбэл Д.Ч-г “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.