Өчигдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд хуулиа хүндэтгэн, эв нэгдлээ баталгаажуулж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцсон байна.

Энэхүү хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ.

  

 

Тэрээр илтгэлдээ: “Бид Монгол ХҮНээ хөгжүүлсэн, технологийг хурдтай хэрэглэсэн, байгальд ойр байх “Дэлхийн Монгол” хөгжлийн зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд 10 тулгуур бодлогыг авч хэрэгжүүлнэ.

1. Иргэнээ дээдэлсэн, институцын чадамж бүхий Монгол төрийг угсарна.

2. Мэдлэг, итгэл үнэмшилтэй улстөрийн манлайллыг хийж Монголчуудыг нэг зүгт чиглүүлнэ.

3. Зоригтой, амбицтай хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд ажлаа эрэмбэлж хэрэгжилтэд илүү анхаарна.

4. Эдийн засгаа хурдацтай өсгөнө. Халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлнэ.

5. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ.

6. Боловсролыг онц эрхэмлэнэ.

7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ.

8. Үндэсний ижилслийг харгалзан Иргэн хүнээ бүтээнэ.

9. Авилгатай бодитой, шургуу тэмцэнэ.

10. Диаспора-Дэлхийн Монголчуудын хүчийг авна.

  

Намын төлөвшлийн хүрээнд Хөдөлмөрийн үндэсний нам нь дараах зарчмуудыг баримталж ажиллана.

1. Хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжлийг хангахад чиглэсэн “ХҮН ДЭЭД” үзэл санаа буюу Зүүн төвийн социал демократ үзлийг баримталж ажиллана.

2. “ЦАХИМЖСАН, БОДЛОГЫН” нам

3. Хатуу гишүүнчлэлийг хязгаарлаж, илүү “ДЭМЖИГЧ ГИШҮҮН” төвтэй нам байна.

Эрхэм нөхдөө,

 

Дайн дажингүй, байгалийн ноцтой гамшиггүй, шашны мөргөлдөөнгүй, харин баялаг түүхтэй, өөрийн онцлог соёлтой, байгалийн нөөцтэй, түүнээс илүү хөгжилд тэмүүлдэг амбицтай 3.4 сая иргэдтэй улсад асар их боломж бий. Гагцхүү энэ хөгжлийн боломжийг бий болгоход Төрийн зөв бодлого, түүнийг ажил болгох мэдлэг чадвартай, туршлагатай, сэтгэлтэй мэргэжилтнүүдийн баг шаардлагатай юм. Үүнийг бид хамгийн сайн хийж чадна, энэ бол Хөдөлмөрийн үндэсний нам, ХҮН намын мэргэжилтэн, судлаачид, дэмжигч гишүүдийн маань үүрэг билээ. Хамтдаа ачаагаа үүрч, ажлаа нэр төртэй хийцгээе” хэмээн илэрхийлсэн байна.

 

Мөн ХҮН намын их хурлаас Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжиж сонгожээ.

Ийнхүү УИХ-д суудалтай, улс төрийн нөлөө бүхий хүчин болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан оржээ.