2026 оны есдүгээр сарын 2-ны өдөр философич С.Молор-Эрдэнийг “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт яллагдагчаар татаж нэг сарын хугацаатай хорихоор шийдвэрлэсэн. Түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай өмгөөлөгч нарын гомдлыг 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр шүүхээс хэрэгсэхгүй болгосон талаар түүний өмгөөлөгч С.Ганхуягтай ярилцлаа.


-Та бүхний гомдлыг ямар үндэслэлээр хүлээж авсангүй вэ?

-2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч бидний гомдлыг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, өмнөх захирамжийг хэвээр үлдээсэн. Шүүхийн нийтэд мэдээлсэн тоймд есдүгээр сарын 2-ны өдрийн захирамжийг хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзсэн байна. Харин өмгөөлөгчдийн байр суурь үүнээс өөр. Прокурор С.Молор-Эрдэнийг оргон зайлах, цаашид гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй гэж үзсэн. Бид эдгээр эрсдэлийг нотолсон бодит, бие даасан баримт байхгүй гэж маргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1.3-т “болзошгүй” гэсэн таамаг шаардаагүй, харин гэмт хэрэг үйлдэх, оргон зайлах зэрэг эрсдэл байгаа тухай үндэслэл бүхий баримт, мэдээлэл байхыг шаарддаг. 2024 онд энэ зохицуулалтыг өөрчлөхдөө ч цагдан хорих үндэслэл хэт субьектив байсныг болиулж, обьектив шалгуураар нарийвчлах зорилго тавьсан байдаг. Тиймээс бид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй хэвээр байна.

-Үргэлжлүүлэн 24 хоног хорино гэсэн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна уу?

-Үндэслэлтэй гэж үзэхгүй. Үндэслэлтэй гэж үзсэн бол бид анхнаасаа гомдол гаргахгүй байсан. Цагдан хорих нь ял биш. Хүнд зүйл ангиар яллагдагчаар татсан гэдэг нь хүнийг автоматаар цагдан хорих үндэслэл болдоггүй. Тухайн хүнд хамаарах бодит эрсдэлийг тусад нь тогтоох ёстой. С.Молор-Эрдэнэ тогтсон оршин суух хаяг, гэр бүл, ажилтай, урьд нь ял шийтгэлгүй, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгч оролцсон. Өмгөөлөгчдийн хувьд эдгээр нөхцөл нь оргон зайлах бодит эрсдэлтэй гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Мөн манай үйлчлүүлэгч өөрийг нь улс төрийн шалтгаанаар цагдан хорьж байна гэсэн байр суурьтай байгаа. Энэ асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүсэлт гаргасан.

 

Өмгөөлөгчдийн хувьд бид шат шатны прокурорын байгууллагад гомдол гаргах болон хуульд заасан бусад арга хэрэгслийг ашиглан үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаална.

-Үүсээд байгаа энэхүү асуудал хоригдох хэмжээний зөрчил мөн үү. Ямар нэг байдлаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн зүйл биш биз?

-Эхлээд нэг зүйлийг зөв нэрлэх хэрэгтэй. Энэ нь Зөрчлийн хэрэг биш. С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Гэхдээ энд хоёр тусдаа асуудал бий. Нэг нь С.Молор-Эрдэнийн үйлдэл 19.9.1-ийн гэмт хэргийн шинжийг үнэхээр хангасан уу гэдэг асуудал. Нөгөө нь мөрдөн шалгах хугацаанд түүнийг заавал цагдан хорих шаардлагатай юу гэдэг асуудал. Энэ хоёрыг хольж болохгүй.

Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн болгонд олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрх, түүний дотор академик эрх чөлөөний асуудал энэ хэрэгт маш хүчтэй тавигдана гэж бид үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн үндэслэл хэсэгт хүний итгэл үнэмшил, үзэл бодлын хамгаалалтад улс төрийн төдийгүй шинжлэх ухааны, түүхийн, ёс суртахууны, шашны үзэл бодол багтана гэж тодорхой тайлбарласан. Үүнийг дараа гарсан Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт улам тодорхой болгосон бөгөөд энэ дүгнэлтийг Улсын Их Хурал 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүлээн зөвшөөрсөн. Уг дүгнэлтээр дөрвөн асуудлыг тодорхой болгосон байдаг. Нэгдүгээрт, үзэл бодолтой байх дотоод эрх чөлөө нь туйлын эрх, харин үзэл бодлоо нийтэд илэрхийлэх эрх нь туйлын бус, тодорхой үндэслэлээр хязгаарлагдаж болох эрх гэж Үндсэн хуулийн Цэц ялгасан. Тиймээс бид “академик эрх чөлөөтэй учраас юу ч ярьж болно” гэж огт маргаагүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц үзэл бодлоо илэрхийлэх эрх нь зөвхөн нийтээр хүлээн зөвшөөрсөн, таатай үзэл бодлыг хамгаалахгүй, олонход таалагдахгүй, дургүйцэл, бухимдал төрүүлэхүйц үзэл бодлыг ч хамгаална гэж тодорхой хэлсэн. Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж нь хоёрдмол утгагүй, ойлгомжтой, оновчтой, нарийвчлан томьёологдсон байх ёстой гэж Үндсэн хуулийн Цэц дүгнэсэн. Дөрөвдүгээрт, үндсэн эрхийг хязгаарлахдаа хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх буюу тохирсон байх шаардлага тавьсан. Эдгээр зарчим Эрүүгийн хуулийн 19.9.1-ийг хэрэглэхдээ ямар өндөр шаардлага тавигдахыг харуулж байгаа юм. Гэтэл прокурорын тогтоолд “Монгол Улсын түүхийг мушгин гуйвуулсан худал мэдээлэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг үгүйсгэсэн” гэж дүгнэсэн. Харин Эрүүгийн хуулийн 19.9.1-д “Худал түүх ярих, түүхийг буруу тайлбарлах” гэсэн гэмт хэргийн шинж байхгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд байгаа тодорхой асуудал нь хэнийг хэнтэй үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах гэсэн юм бэ, юуг ухуулсан, юунд уриалсан, ямар үйлдлийг “зохион байгуулсан” юм бэ? гэдэг л асуудал. Ер нь түүх, философийн онол зөв үү, буруу юу гэдгийг төр Эрүүгийн процессоор шийдэх ёсгүй. Харин тухайн илэрхийлэл Үндсэн хуулийн хамгаалалтын хүрээнээс гарч, Эрүүгийн хуулийн 19.9.1-д заасан гэмт хэргийн тодорхой босгыг давсан уу гэдгийг нотлох баримтаар тогтоох ёстой.

-Хэрэг үүсгэсэн бичлэг нь жилийн өмнөх бичлэг гэсэн. Энэ үнэн үү. Хэрэв тийм бол яагаад өнөөдөр гэнэт гаргаж ирэх болов. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байгаа юу?

-Яллагдагчаар татах тогтоолд 2025 оны тавдугаар сарын 13-ны өдрийн нэвтрүүлгээр дурдагдсан байсан. Тиймээс Эрүүгийн хэрэгт үндэслэл болгож буй гол материалын нэг нь нэг жил гаруйн өмнөх бичлэг мөн. Яагаад энэ бичлэгийг яг 2026 оны наймдугаар сарын сүүлээр Эрүүгийн журмаар шалгах болсон талаар надад одоогоор бүрэн, баталгаатай мэдээлэл байхгүй. Үүнийг тодруулахын тулд С.Молор-Эрдэнийн асуудал анх хэдийд, ямар мэдээлэл, гомдол, баримтаар бүртгэгдсэн, мөрдөн шалгах ажиллагаа яг хэзээ эхэлсэн, өмнө нь шалгаж байсан эсэхийг эх материалаас тогтоох шаардлагатай.

-Өөр шалтгаан байж болох уу. Өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна?

-Өөр шалтгаан байгаа гэж баримт, нотолгоогүйгээр хэлэхгүй. Гэхдээ үйл явдлыг эргэн санавал үл тоомсорлож болохгүй бодит нөхцөлүүд байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан С.Молор-Эрдэнийн асуудлыг шалгуулах чиглэл өгсөн гэдгээ өөрөө олон нийтэд тайлбарласан. Тэрээр баривчилж, цагдан хорих чиглэл өгөөгүй, харин С.Молор-Эрдэнийн асуудлын учир шалтгаан, нөхцөл байдал, зорилгыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх чиглэл өгсөн гэсэн агуулгаар ярьсан. Энд хууль зүйн маш чухал зааг бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд бол улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан байна гэдэг Үндсэн хууль, хуулиас дээгүүр байна гэсэн үг биш. Төрийн бүх албан тушаалтан Үндсэн хуулийг мөрдөх ёстой. Салбарын сайд харьяа байгууллагынхаа ерөнхий бодлого, удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байж болно. Харин тодорхой иргэнийг нэр зааж, түүний олон нийтэд илэрхийлсэн үзэл бодлын агуулга, “зорилго”-ыг Эрүүгийн журмаар шалгуулах хэрэг нэг бүрийн чиглэл өгөх бүрэн эрхтэй юу гэдэг бол өөр асуудал. Хэрэв сайд хуульд олгогдоогүй бүрэн эрх хэрэгжүүлж, тодорхой хүнийг Үндсэн хуулиар хамгаалагдсан үзэл бодлынх нь төлөө Эрүүгийн журмаар шалгуулахад хууль бусаар нөлөөлсөн нь тогтоогдвол энэ нь зөвхөн тухайн Эрүүгийн хэргийн асуудал биш, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал болно. Нэр бүхий иргэд энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлээр Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Цэц хянан дүгнэх бүрэн эрхтэй. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол тухайн албан тушаалтны улс төр, эрх зүйн хариуцлага, албан тушаалын асуудал хуульд заасан журмаар тавигдана. Цэц өөрөө шууд сайдыг огцруулдаг гэсэн үг биш, харин Цэцийн дүгнэлтийн дараа зохих хариуцлагын механизм хэрэгжинэ. Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд ч Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийн дараа тухайн албан тушаалтны хариуцлагын асуудлыг хэлэлцэх журмыг тусгасан.

-Ирэх сонгуультай холбоотой биш биз гэсэн хардлага иргэдийн дунд яваад байгаа. Энэ талаар хэлэх зүйл байгаа юу?

-Манай үйлчлүүлэгч өөрийг нь улс төрийн шалтгаанаар цагдан хорьсон гэж үзэж байгаа. Үүнийг би үйлчлүүлэгчийн өөрийн байр суурь гэдгээр нь хэлж байна. Өмгөөлөгчийн хувьд “улс төрийн захиалгат хэрэг” гэж өнөөдөр баталж хэлэх хэмжээний нотлох баримт надад байхгүй хэдий ч үйл явдлын дараалал анхаарал татаж байгаа нь үнэн. С.Молор-Эрдэнэ нь 2026 оны наадмын дараахан 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшихээр болсон гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тавигдсан. Хэдийгээр энэ нь албан ёсны нэр дэвшилт биш ч тухайн намын удирдлагын түвшинд бол яригдсан асуудал юм билээ. Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд түүнийг нэр заан шалгуулах чиглэл өгсөн талаар мэдээлэл гарч, улмаар С.Молор-Эрдэнийг маш богино хугацаанд баривчилж, дараа нь цагдан хорьсон. Сүүлд сайд өөрөө түүнийг шалгуулах чиглэл өгсөн гэдгээ олон нийтэд тайлбарласан. Цаг хугацааны ийм дараалал нь улс төрийн нөлөөлөл байсан эсэхийг асуух үндэслэл мөн. Гэхдээ цаг хугацааны давхцал дангаараа шалтгаант холбоог нотлохгүй.Тиймээс бидний байр суурь маш тодорхой: сайдын чиглэлээс мөрдөн шалгах ажиллагаа үнэхээр үүссэн үү, уг чиглэлээс Тагнуулын байгууллагын ажиллагаа руу ямар холбоос байсан бэ, мөрдөн шалгах ажиллагаа сайдын чиглэлээс өмнө эхэлсэн байсан уу, улс төрийн албан тушаалтны нөлөөлөл процессын шийдвэрүүдэд орсон уу гэдгийг баримтаар тогтоох ёстой.

-Хэргийн шийдвэрлэгдэх хугацаа хэдий хэр үргэлжлэх бол?

-Үүнийг одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Өмгөөлөгчдийн зүгээс нэг зүйл дээр тууштай ажиллана. Хэргийг хуульд заасан хугацаанд шуурхай шалгуулах, үйлчлүүлэгчийн эрх чөлөөг шаардлагагүйгээр удаан хугацаанд хязгаарлуулахгүй байх, мөрдөн шалгах ажиллагаа бүр хуульд нийцэж байгаа эсэхэд прокурорын хяналт тавиулах болно. Эцэст нь хэлэхэд, С.Молор-Эрдэнийг яллагдагчаар татсан нь түүнийг гэм буруутайд тооцсон гэсэн үг биш. Гэм бурууг зөвхөн шүүх нотлох баримтад тулгуурлан эцэслэн тогтооно.

Б.ДАРИЙМ

ӨДРИЙН СОНИН