Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Хүүхдийн ордны ард барьж байсан барилгаас автомашин дээр цементэн чулуу унасан байна. Энэ тухай иргэн У.Ганбаяр өөрийн цахим хуудаснаа сэрэмжлүүлэг болгон нийтэлсэн юм. Харин энэ үйл явдлын талаарх дуудлага Цагдаагийн байгууллагад өнөөдөр 13.30 цагт ирсэн байна. Уг дуудлагын дагуу Цагдаагийн байгууллагынхан тухайн газарт одоо шалгалт хийж байна гэв. Энэ үеэр нэг хүн бэртсэн ажээ.

Иргэн У.Ганбаяр : АЙДАС ДҮҮРЭН УЛААНБААТАР

Саар зүйлийг түгээж буйд уучлал хүсье. Гэхдээ энэ бол заавал бичиж үлдээж олны анхааралд хүргэх хэрэгтэй сэдэв. Өдөр бүр л нийслэл хотод минь аймшигт хэргүүд чих дэлсэнэ. Гэвч хүн бүр аан гээд л өнгөрнө. Хичнээн аймар хэргүүд гарсан ч ямар ч хариуцлага, ямар ч цочроо үгүй. Хэнээс ч хариуцлага нэхэхгүй. Хэнд ч хариуцлага хүлээлгэхгүй. Бид хичнээн уужим, хичнээн тайван улс юм бэ.

2 цагийн өмнө миний өмнө хэн нэгэн хүн амь насаа алдаж эсвэл би өөрөө амиа алдаж ч болох байлаа. Хүүхдийн ордоны чанх хойно баригдах өндөөр барилга дээрээс томоо гэгч нь чулуу асар хүчтэйгээр унаж ирэх нь тэр. Бид 3-лаа явсан. Урд талдаа 2 хос, ард нь би. Тэр том чулуу бид 3-ын тэг голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцаганд байсан юм эвдэрсэн. Тэсрэх бөмбөг шиг. Ямар хүчтэй орж ирсэн нь ойлгомжтой байх. Үнэндээ одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд байсан 2 хүний аль нэгний дээрээс унах байлаа. Магад би ингээд юм бичээд суухгүй ч байсан байх.

ТА ЯМАР АЗТАЙ ЮМ БЭ гэж бодож байна уу? Тиймээ хэн ч амиа алдаагүй. Хэн ч ямар нэг эд эрхтэнээ гэмтээгээгүй. Гэхдээ бидний хэн нэг нь АМИА АЛДАЖ эсвэл НАСААРАА хөгжлийн бэрхшээлтэй болж болох байсан гэдгийг бүү март...

Хотын гудмаар алхаж яваад, гэрлэн дохион дээр түгжирч байгаад, найзуудтайгаа инээлдэж яваад л бид амь насаа алдаж болох ийм л аймшигтай хотод оршин байна. Дайн дажинтай улсаас бид юугаараа ялгарах юм бэ?

Хариуцлагагүй хүмүүсээс болж хэдэн хүн золгүйгээр амь насааа алдсан бол. Хэдэн хүн энэ бүхний золиос болж хайртай үрсээ, найзаа, гэр бүлийн гишүүнээ ахиж хэзээ ч харахгүй болсон бол. Яасан их харуусал вэ? Хэдхэн жилийн өмнө нэгэн сайхан залуу Тэнгис кино театрын өмнөх барилгаас унасан төмөрнөөс бол амь насаа алдсан. Мөн хэд хэдэн аймшигт хэргүүд гарч байсан. Тэр бүхнээс сургамж аваагүй гэж үү? Хэн үүнд хариуцлага хүлээсэн юм бэ. Хэн энэ бүгдийн төлөө ажилласан юм бэ. Тэр аймшигт хэргүүдээс хойш юу хийсэн юм бэ. Бид гайхсаар, бухимдсаар л...

Таны хажууханд аюул оршсоор. Хэн нэгэн алга болж л байдаг. Хэн нэгэн үхэж л байдаг. Хэн нэгэн хүчирхийлэлд өртсөөр л байдаг. Гэхдээ хэн тэр бүхний төлөө юм хийх юм бэ. Бүгд л дөжирчихсөн. Бид дасан зохицож эхэлсээр. Бид нийгмийн хамгийн муу бүгдтэй дасан зохицож эхэлжээ. Ямар ч дуу хоолой үгүй. Дуугарсан нэгнээ дэмждэггүй. Дэмжье гэсэн зориг үгүй. Бие биедээ итгэхээ больсон. Зөвхөн би л болж байвал гэсэн амин хувиа хичээгч нар болж хувирсаар. Харамсалтай юм.

Тиймээс бүгдээрээ өөрчлөгдье. Бүх зүйлсээс урьдчилан сэргийлдэг байя. Аюултай бүх зүйлсээс өөрсдийгөө бас бусдыг хамгаалдаг байя. Хүн бүрт ээлтэй хот бүтээхийг мөрөөдөж суух биш өөрсдөө бүтээхэд хувь нэмрээ оруулъя. Чимээгүй ажиглагч биш оролцдог, дуугардаг, шаарддаг, шудрага бус зүйлсийг жигшдэг, түүнийг таслан зогсоодог байя. Дор бүрнээ хариуцлагатай байя. Хүний төлөө, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байя. Зүгээр л амьдрах биш утга учиртай амьдръя залуус аа. Ууж, идэж, наргиж цэнгэх, ухаангүй, болчимгүй үйлдэл бүхнээ засч залруулъя. Бүгдээрээ хүн шиг хүн байж, жинхэнэ амин хувиа хичээх үзлээсээ татгалзъя. Чин сэтгэлээсээ залуусаа. Хүмүүс ээ.

Уучлаарай. Шокноосоо гарах гээд л биччихлээ. Дараа арай өөр өнцгөөс, та бүхнийг уриалсан бичвэр оруулъя. Өнөөдөр үнэхээр хар бараан өдөр байлаа. 
2019.04.19