Манай улсад ядуурал газар авахгүй гэх батлагаа алга. Эдийн засаг нь ганхаж байгаа энэ үед ажилгүйчүүдийн тоог цомотголоор халагдсан иргэд тэлж байна.  Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 6 дугаар сард 9110 хүн шинээр бүртгүүлжээ. 

Ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 52.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд эзэлж байгаа юм. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй аж.

 

“Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь- Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт Төрийн ордон хоёр өдөр болсон юм. Энэ үеэр судлаачид илтгэл тавив. Тухайлбал, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгс "Орлогын аль ч тодорхойлолтоор дундаж давхарга 2008-2014 онд хүчтэй тэлсэн. 2002-2017 онд өрхийн орлогын тэгш бус байдал буурсан, тэр дундаа хөдөлмөрийн орлогын эзлэх хувь өссөн нь үүнд голлон нөлөөлж, дундаж давхаргын эзлэх хувь хотод илүү байна" хэмээн илтгэлдээ дурьдсан юм. 

Статистикийн мэдээллээр ядуурлын хамралтын хүрээ 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ.  Ядуу хүний тоогоор авч үзвэл 2016 онд 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган хүн болж, ядуу хүний тоо 2.6 мянган хүнээр буурсан үзүүлэлт гарчээ.

Монгол улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 67 хувь нь нэг сард 86.0-306 мянган төгрөгийн хэрэглээтэй бүлэгт амьдарч байна. 2018 оны ядуурлын шугамыг 25 хувиар нэмэгдүүлж үзвэл одоо байгаа ядуучуудын (28.4 хувь, 905 мянган хүн) тоон дээр 475 мянган хүн (нийт хүн амын 14.9 хувь) нэмэгдэхээр буюу хүн амын 15 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байна.