Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд анх удаа ес даван түрүүлж Улсын аварга цол хүртэв. Түүний тухай баримтыг уншигч олондоо сонирхуулахад, Тэрбээр

-1993 оны гуравдугаа сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаанд суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж ирсэн. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй.

-Оюунболд Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болсон ч өдгөө хосууд хоёр тийшээ болжээ. Хоёр дахь эхнэр нь Төв аймгийнх юм байна. 

-2007 оноос нэг аймаг, нэг сумын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.

-2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.

-2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.

Түүний амжилтын хуудсыг сөхвөл, 

  • 2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан
  • 2013 оны улсын наадамд 6 давж Улсын харцага
  • 2015 оны улсын наадамд 9 давж түрүүлэн Улсын арслан
  • 2016 оны улсын наадамд 7 даван шөвгөрсөн
  • 2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг (нөхөн олгосон)
  • 2019 оны улсын наадамд 9 давж Улсын аварга