Энэ сарын 20-21 өдрүүдэд Хүй долоон худагт Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8" уралдаан болно.

Гурван жилд нэг удаа болдог уралдааныг өмнөх жилүүдэд нэг өдөрт зохиодог байсан. Харин энэ жилээс хоёр өдөр болохоор Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)- оос төлөвлөсөн байна. Энэ талаар ММСУХ-ны Тэргүүлэгч Л.Цагаандалай “Монголын морин спорт уяачдын холбоо нь шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэ наадам гурван жилд нэг удаа болдог томоохон наадам юм. Улс, аймгийн наадамд эхний 10, сум дүүргийн наадамд айргийн тавд орсон морьд оролцоно. Монголын 21 аймгийн шигшмэл хурдан морьд уралддагаараа онцлог наадам юм. Мөн энэ үеэр адууны өв соёлыг сурталчилах үзэсгэлэн худалдаа, Айраг фестиваль, хүрээ зам гэх мэт үйл ажиллагаанууд зохиогдоно. Үүнээс гадна Сайхан хос морьтон, Адуучин зэрэг тэмцээн уралдаантайгаар өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар зорьж байна” гэлээ.

Уяачид уралдаанд оролцох мандатаа орон нутаг дахь ММСУХ-ны салбар хороодоор дамжуулан хүсэлт гарган авах юм байна. Наадмын удирдамжийн дагуу сум бүрээс шалгарсан "Адуучин”, “Хос сайхан морьтон"-ууд Хүй долоон хутагт ирж өрсөлдөнө.

“Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн, улсын хэмжээнд буюу, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас оролцох “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан жороо морины уралдаан, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, морин циркийн үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ.