Мэргэжлийн хяналтынхан Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй аж, ахуйн нэгжийг хувийнх нь эзэмшил мэт авирладаг байдал хэрээс хэтэрч байна.

Үүний нэг жишээ нь “Баянчандмань милк” ХХК-ийн сүүний үйлдвэрийг 10 литр сүү өгсөнгүй гэх шалтгаанаар хууль бусаар дүгнэлт гарган үйл ажиллагааг нь хаажээ. Тэр бүү хэл “Иргэний хүсэлт”- ээр гэсэн үндэслэлээр долоон сая төгрөгийн торгууль тавьсан байх юм. Энэхүү шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч Одонгэрэл гаргасан гэнэ. Учир нь Одонгэрэл дээрх үйлдвэр лүү утсаар ярьж “10 литр сүү бэлтгэж бай. Би очиж авна. Манай ажилчид тэмцээнтэй байгаа” хэмээн лүндэн буулгасан байна. Харамсалтай нь “Баянчандмань милк” ХХК- ийн ажилчид уг даалгаврыг нь биелүүлээгүйгээс эрхэм байцаагч хорслоо тайлах гэж дээрх торгуулийг ногдуулснаас гадна 70 гаруй сүлжээ дэлгүүрээр борлуулдаг “Элгэн тараг”- ийг нь “шошго буруу тул” хэмээн худалдаалахыг хориглочихжээ. Тэгэхдээ тухайн бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглосон актыг гаргалгүй бүтэн нэг хоног өнжсөн аж. Зүй нь аливаа бүтээгдэхүүний зөрчлийг илрүүлсний дараа акт тогтоогоод, дараа нь худалдаалахыг хориглох ёстой юм байна. Одонгэрэлийн энэхүү хууль бус үйлдлээс олоод дээрх компани 10 гаруй сая төгрөгийн хохиролд ороод байгаагаас гадна гурван ихэр хүүхдийн сувилал тэдний нийлүүлдэг тараг болон сүүн бүтээгдэхүүнээр тасарчээ. “Баянчандмань милк” ХХК Одонгэрэл байцаагчийн энэ үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан бөгөөд тус газраас явуулсан шалгалтад Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтынхан “Манай дарга “Биднийг өдөх ямар байдгийг ойлгож аваг. Өөрсдөө гуйгаад хүрээд ирнэ. Худалдаалах эрхийг нь хаасан актыг бүх дэлгүүрээр тараа” гэсэн үүрэг өгсөн” хэмээн мэдүүлжээ. Энэ бүхнээс үзвэл мэргэжлийн хяналтынхан даргаасаа эхлээд хүнд сурталд автаж хувьд нь ашиггүй л бол хууль дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байсан ч хамаагүй үйл ажиллагааг нь хаадаг бололтой. Харин хэтэвчийг нь зузаалж, хоол, сүүг нь хүссэн хэмжээгээр нь өгвөл ямар ч зөрчилтэй байсан бүрэн эрх эдэлдэг юм биш үү. Ингэхээр иргэд бид мэргэжлийн хяналтаараа баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд аж төрөөд, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг аваад байна уу. Эсвэл авилга, хээл хахуулиар эрхээ олж авсан аюултай нөхцөлд амьдраад байна уу гэдэг асуулт гарч ирж байна.

Хэдийгээр өнөөдөр 10 литр сүү яригдаж байгаа ч энэхүү асуудлын ард хэчнээн иргэний ажлаа алдаж, цалингүй сууж, ар гэрт нь хэдэн хүүхэд өлсөж байгааг хэлэхэд хэцүү юм. Ямартаа ч өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шалгах цаг нь болжээ. Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газар мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Одхүү, байцаагч Одонгэрэл, Мөнхцэцэг, Баярмаа, Бат- Эрдэнэ нарын таван хүнийг шалгаж, буруутайг нь тогтоогоод байгаа ажээ. Ийнхүү хуулийн нэрийг гууль болтол ашиглаж буй төрийн албан хаагч манай улсад хэд буйг хэлэх боломж байхгүй. Гэхдээ хэрэглэгчдийг болон бизнесийнхнийг дарамталдаг, ёс бусаар авирлаж авилга авдаг үзэгдэл улам хүрээгээ тэлж буйтай Ардчилсан хүчний холбооныхон хатуу тэмцэхээр шийдэн иргэдийг уриалж байна.