(Эрх баригчид сонгуулийн хуулийг ард түмэнд бус, өөрсөддөө ашигтайгаар өөрчлөх гэнэ)

Би, үндсэн хуулийнхаа нэг заалтыг арав дахь удаагаа бичиж байгаа юм. Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн хорин нэгдүгээр зүйлийн 2-т: “Улсын их хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй шууд сонгох эрхийн  үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байгаа. Энд “шууд сонгох эрхийн үндсэн дээр” гэсэн үг бий. Бид, “шууд сонгож чадсан уу? Үгүй. Намын  нэрсийн жагсаалт гэх бохир заваан зүйлээр дамжуулж сонгосон.“Саналаа нууцаар гаргана” гэж байгаа. Бид саналаа нууц нэрийн доор хар машинд хийсэн боловч нэр дэвшигчид маань ил тодоор нэрсээ биччихээд өрсөлдсөн нэр хэмээсэн. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь шууд өрсөлдөөд хүч тамираа баран байж гарч ирж байхад, нөгөө хэсэг нь нэрсээ жагсааж биччихээд мөнгөөр гараад ирсэн.Энэ хоёрын хооронд өдөр шөнө шиг зөрөө байгаа биз?! Тэгтэл, тойргуудад сайн муу хэлэгдэн, сар нарнаар өрсөлдсөн гишүүд нь анхаарлын гадна хаягдаж, мөнгө төлж нэрээ зоочихоод амар амгалан сууж байсан хүмүүс нь Улсын их хурал, Засгийн газрын бүх эрх мэдлийг булаагаад авчихсан.“Булаагаад авчихсан” гэдгийн цаана хууль зөрчсөн ямар олон ноцтой зүйл байлаа? Үндсэн хуульд “Улсын их хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна”гээд заачихсан байдаг.Манай их хурал 73-75 гишүүнтэй хичнээн сар жилээр үйл ажиллагаа явууллаадаа. Бүгд санаж байгаа байх. Энэ мэтээр олон удаа хууль зөрчсөнийг нь би “Булаагаад авчихсан”гэж байгаа юм. Тэгээд Монгол улсын парламентэд”хууль ёсны”,”жагсаалтын” гэсэн хоёр талцал бий болж билээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэ үндсэн хуулийг Монголын ухаантнууд олон өдөр хоногоор хэлэлцэн байж, өөлөх өөгүй сайн хууль босгосон гэж би боддог юм. Нэг удаа “дээрэмчид” ард түмэндээ мэдэгдэлгүйгээр долоон шинэ заалт оруулан тус биш, ус хийсэн тал бий. Тэр нь, үе үеийн эрх баригчдын хувийн ашиг сонирхолд нийцдэг учраас аман дээрээ хасна гэдэг боловч,ачир дээрээ зальбирч суудаг юм.

Үндсэн хуулийн бүхэл бүтэн заалт байтугай, үг үсгийг хөндөх эрх хэн нэгэн бусармаг этгээдэд байх ёсгүй. Энэ бол эх хууль. Өөр ямарч хууль дүрэм энэ хуулийн заалтад харшлахгүй байх учиртай.Иймээс би Үндсэн хуулийн заалтыг зөрчин гарч ирээд, олон хууль тогтоомжийг уландаа гишгэн байж  байгуулагдсан өнөөгийн парламент, Засгийн газрыг хууль ёсны бус, засгийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар булаан авсан хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл гэж үздэг юм. Би энэ тухайгаа Үндсэн хуулийн Цэцэд  биччихсэн. Хэсэг хугацааны дараа над хөгийн хариу ирсэн. Дээрээ  хөх тэнгэрээс өөр захиргаагүй “Үндсэн хуулийн” Цэцэд  ийм болхи бүдүүлэг хүмүүс байдаг гэж даанч бодсонгүй явж дээ. Би, тэр хариуг бүрэн эхээр нь сонинд нийтэлсэн. Өөрийнхөө өргөдлийг ч хавсаргасан.Уншсан хүмүүс Цэцэд үнэхээр харамсаж байна билээ. Нэг нөхөр над руу утасдаж,  “Наадуул чинь Үндсэн хуулийн манаа биш, мануухай болсон байхгүй юу” гэж билээ.

Би 2012 онд ардчилал ялсанд баярлаж байсан хүн. Олон жил хүсэн хүлээсэн ардчилал, шудрага ёсны нийгэм тогтох нь гэж. Тэгээд ч сонгуулийн үеэр Ардчилсан намынхны хийж байсан, хууль бус үйлдлүүдийг төдийлөн анзааралгүй өнгөрөөж байв.Тэгсэн чинь юу вэ?!Ардчиллын баг өмсөж, хий хоосон лоозон дэвшүүлсэн хэсэг бүлэг хүн гарч ирээд самарчихлаа. Монголын ард түмний сонголт талаар боллоо. Бусармаг болгоныг хийж чадах хүмүүс, тэр “намын жагсаалт”гэх юманд нуугдаж байсныг анзаарсангүй.

Тэд, Сонгуулийн ерөнхий хороог өөрчлөөд эхлэсэн.Олон жил төр барьсан МАХН (МАН) ч бас ардчилалтай байжээ. Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны даргыг өөрийнхөө намаас тавиад, хоёр дахь хүнийг нь Ардчилсан намаас томилж байв. Тэгсэн чинь Ардчилсан нам олонхи болонгуутаа СЕХ-г тэр аяар нь өөрийн намын хамгийн дуулгавартай хүмүүсээрээ дүүргэсэн юм. Хэн ч харсан “Их луйвар эхлэх нь дээ” хэмээн бодогдож байсан.

Андуурсангүй ээ! Ардчилсан нам,СЕХ, Шүүх гурвын хуйвалдаан бол давагдашгүй хүчин зүйл болдог юм байна.СЕХ нь эрх баригчдын дуулгавартай “зарц” болсон. Шүүгчдийг  Сарын  чинь цалинг 4.5 сая (4.500.000) хүртэл нэмнэ гээд  “буулгаад авчихсан”. Хөгийн л юм боллоо доо. Сонгуулийн хувь заяаг ард түмний сонголт биш,шүүх шийддэг боллоо. Уул нь Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн тэргүүн болох үеэрээ “Ард түмний сонголтод гадны ямарч хүчин зүйл нөлөөлөх учиргүй” гээд ам алдчихсан юмсан. Гэтэл, ард түмний сонголтыг шүүх шийддэг болчихоод байхад ерөнхийлөгч маань дуугүй л байх юм.

Сонгуулийн хувь заяанд шүүх голлон оролцох болсон талаар цөөн хэдэн ноцтой баримт авъя. Өвөрхангай аймгийн сонгуулийн хэрэг гэгчийг гэнэт босгон ирж олны чих дэлдийлгэснийг та бүхэн санаж байгаа байх. 2012 оны улсын их хурлын сонгуулиар Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас С.Чинзориг, Н.Төмөрхүү, АН-аас Г.Батхүү, Д.Зоригт, “Шудрага ёс” эвслээс Г.Шийлэгдамба гэхчилэн 13 хүн өрсөлдөж, МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг 23493 хүний, Н.Төмөрхүү 21267 хүний, Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Батхүү 19939 хүний, Д.Зоригт 16795 хүний санал авч хамгийн олон санал авснаар шалгарсан. Хоёр мандаттай учраас эхний хоёр хүн буюу С.Чинзориг, Н.Төмөрхүү нар УИХ-д суух нь зүй ёсны хэрэг биз дээ. Гэтэл өнөөдөр 6698 хүний санал илүү авсан С.Чинзориг нь УИХ-ын гишүүнээс хасагдаж 6698 хүний санал дутуу авсан Д.Зоригт УИХ-ын гишүүн болчихсон байх жишээтэй. Шүүхийн хайрласан хайр энэ. Энэ хэргийг шүүсэн зарим шүүгч нарын Ардчилсан намд байгуулсан гавъяа энэ! Аравдугаар тойргийн хорооны дарга Т.Гончигдорж, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат нарын гарын үсэгтэй, 2012 оны долдугаар сарын 1-ний өдрийн 37 дугаар тогтоолд “Санал хураалтад оролцсон сонгогчдын 23493 буюу 47,59 хувь нь нэр дэвшигч Содномын Чинзоригийн төлөө, 21267 буюу 43,08 хувь нь нэр дэвшигч Намхайн Төмөрхүүгийн төлөө санал өгсөн байх тул, Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн  48 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Содномын Чинзориг, Намхайн Төмөрхүү нарыг Улсын их хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосугай” гэсэн байгаа. Энэ чинь сонгуулийн эцсийн үр дүн мөн юм байгаа биз дээ?!

Гэтэл сонгуулийн дараа төв хөдөөгийн шүүх прокурор, сонгуулийн хороод, намын байгууллагуудыг хамарсан том хэрэг мандсан. Би, энэ дуулиант хэрэг явдалд Өвөрхангай нутгаас төрж гарсан улстөрч дөрвөн залуу С.Чинзориг, Н.Төмөрхүү, Г.Батхүү, Д.Зоригт нарын алиныг нь ч буруутгахгүй байгаа. Эд, нутаг орондоо төдийгүй Монгол улсад нэр хүндтэй жирийн л сэхээтнүүд. Улстөрийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн нам намаасаа нэр дэвшээд аймаг орон нутагтаа өрсөлдөх нь юуны буруу байх билээ. Ялахын тулд аль аль нь л танил тал ах дүүсдээ хандсан, ялихгүй өгч авалцсан зүйл байдаг. Нутгийн хүмүүсийн яриагаар бол энэ залуучууд нэг довон дээр өсч өндийсөн, сайн ярьвал хамаатан садан хүмүүс ч байдаг юм билээ. Гэтэл эднийг төрж өссөн нутагтаа эргэж очих нүүргүй болтол нь хагаралдуулж нэр нүүрийг нь барсан хүмүүс хэн бэ?

Гол буруутан, Ардчилсан намын өнөөгийн удирдлага, түүний дуулгавартай зарц болсон зарим шүүгч прокурорууд (Би шүүх прокурорынхныг бүгдийг харлуулж байгаа биш шүү. Тэр дунд шудрага шийдвэр гаргасан хүмүүс байдаг л юм. Гэвч өнөөдөр өнгө мөнгө хоёр үнээ алдаагүй байгаагаас эрх баригч намын тал ялсан) сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд гол буруутан. Намын захиалгаар нэр дэвшигчдийг буруутгах гэсэн хар муу санаатнууд голыг нь өдөөсөн байдаг. Баримт их олон бий. Би эндээс ганц хоёрхон ноцтой баримт авъя. Нэхэмжлэгчээс “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох”-оор гаргасан хүсэлтийг Хан-уул дүүргийн шүүх 2012 оны долдугаар сарын 2-нд хүлээж аваад ганцхан хоногийн дараа 950 дугаар шийдвэрийг гаргасан байдаг юм. С.Чинзориг , Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээс өмнө яарч байгаа нь энэ. Өөр нэг буруутай тал нь Өвөрхангайд болсон хэрэг явдлыг нийслэлийн Хан –уул дүүргийн шүүх шийдчихэж байгаа нь энэ. Өнөөх “харъяаллын дагуу” гэсэн хатуу хууль хаана байна? Бас нэг ноцтой нь энэ шүүх хуралд иргэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг оролцуулалгүй нууцаар шийдэж байгаа юм. Ийнхүү гомдол санал явсаар байгаад сонгуульд ялсан нь ялагдаж, ялагдсан нь ялаад өнгөрсөн л дөө.

Ийнхүү луйвартаа амтшсан Ардчилсан намын удирдлага, болон өнөөгийн төрийн эрх баригчид “Увсын хоёрын” “Дорноговийн гишүүний” гэх мэт зохиомол хэргүүдийг гаргаж ирэн өөрсдийнхөө дуулгавартай шүүгч, прокуроруудад хандаад байгаа. Дорноговь, Говьсүмбэрийн 6 дугаар тойрогт өнөөдрийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь илт давуу ялалт байгуулаад гарч ирсэн. Одоо түүнийг унагаахын тулд хэсэг бүлэг хүн нүүр нүдгүй загнаж байгаа юм билээ. Говьсүмбэрт“ямаа боожидлээ” гэж матсан байх юм. Сонгуулийн үед чинь монголчууд хоолоо хүртэл хэн нэгнээр, түүний хань хамсаатанаар заалгах болж байна уу?  Ер нь, хүмүүсийн ичих булчирхай гэж нэг зүйл баймаар. Хойно өмнө нь гүйж өрөвдүүлэн хэдэн төгрөг авчихаад, хамт хоол унд идэж уучихаад, цаашаа эргэхээр нь матдаг өөдгүй зан чанар монголчуудад минь байгаагүй л юмсан даа.

Хүмүүс ярьж байна аа. Н.Алтанхуягийн удирдсан Ардчилсан намынхан “Шудрага ёс” эвслийнхнийгшахан зайлуулж дангаарааа олонх болохын тулд юу ч хийхээс буцахаа больсон байна” гэж. Энэ “дайрлага”-нд УИХ-ын хичнээн гишүүн өртөх юм, бүү мэддээ. Ард түмнийхээ цалин тэтгэврийг2 кг махны үнээр нэмчихээд шүүгчдийн сарын цалинг 4,5 сая төгрөг хүртэл нэмэж байгаа Н.Алтанхуяг, түүнийг тойрон хүрээлэгчид монголд өнөөдөр юу ч хийсэн “хуульгүй” болж дээ. Энэ бүх бусармаг явдлыг, монголын хөрснөөс таягдан хаяасай гэхдээ сонгуулийн хуулийн шинэчлэлд хэдэн санал нэмэрлэж байна.

-Санал тоологч хар машиныг сонгууль байтугай, Монголын хөрснөөс зайлуулъя. Энэ машиныгэхлээд ганцхан программтай, их шудрагаар тоолдог техник бүтээсэн юм билээ. Сүүлдээ эрх баригчдын захиалгаарянз бүрийн программ хийж нэг намд үйлчлэх болсноор барууныхан итгэл алдарч, олон улс орон татгалзаад байгаа. Харин барууныхан аль нэг улс орны, ямар нэг намыг ялуулъя гэвэл хар машинаа өндөр үнээр шахдаг болсон нь нууц биш. Сүүлийн хоёр сонгуульд ялагчдын гол найдвар нь хар машин байсан гэдгийг, учир мэдэх хүмүүс одоо л ярьж байгаа. Цөөнх болсон намуудын“гараар хяналтын тооллого хийх” саналыг эсэргүүцээд байдгийн гол учир үүнд оршиж байж болох юм. Иймээс сонгуулийн хуулийн шинэчлэлд “саналыг гараар тоолно” гэж оруулж өгөх нь нэн чухал.

-“Намуудын нэрсийн жагсаалт” гэх зүйлийг бүрмөсөн хасъя. Ард түмнийхээ итгэл хүлээж сонгогдож чадахаа больсон, жинхэнэ олигархууд, магадгүй гэмт хэрэгт татагдчихгээд байгаа хүмүүс хэдэн төгрөг төлөөд “намын нэрсийн жагсаалт” гэгчийн эхэнд нэрээ биччихээд УИХ-д орж ирж байна гэсэн хардлага бий. Бүр болиод, шудрагаар өрсөлдөн гарч ирсэн хүмүүсийнхээ “толгой дээгүүр алхан”төр засгийн өндөрлөгүүдэд очоод шигдчихэж байна. Тэр хүмүүс өнөөдөр “ард түмэнд хүртээлгүй, өөрсдөө хуваажавна” гэдэг зарчмаар ямар муухай зүйл хийжмонголыг уруудуулж доройтуулан, ард түмнийг өлсгөлөн гуйланчлалд хүргэж байна гээ! Иймээс “намын нэрсийн жагсаалт”-ыг хуулиар хориглоё.

-Сонгуульд хууль шүүхийн байгууллага хутгалддагийг бүрэн зогсооё. Эрүүгийн гэмт хэрэгтэн бол мэдээж сонгуульд өрсөлдөх эрхгүй. Нэгэнт өрсөлдөөд ялчихсан хүмүүсийн хойноос шүүх прокурор хутгалдан “тэмээг ямаа болгож,ямааг тэмээ болгож” хөөцөлддөгийг больмоор байна.

-Өрсөлдөгч нь илт нэр хүндтэй, судалгаагаар өндөр оноо авах хүмүүсийг бариад хорьчихдог, сонгууль өнгөрөхтэй зэрэг “та буруугүй байжээ” хэмээн тавиад явуулчихдаг ноцтой үйлдлүүдийг таслан зогсоох талаар сонгуулийн хуульд тусгамаар байна. Түрүүчийн сонгуулиар Дорноговь аймагт нэр дэвшигч Ц.Анандбазарыг үнэмлэхээ аваад гарч ирэхэд нь баривчилж аваачаад, сонгууль дуусангуут гаргаж байсныг олон түмэн мартаагүй. Ийм явдал нэг биш удаа гарсан. Ялж чадмааргүй бол өрсөлдөгчийгөө  шоронд хийж байгаад гарч ирдэг муухай заншил Монголд тогтох вий. Үүнийг хязгаарлаж болох бүх арга замыг сонгуулийн хуульд тусгах юмсан.

-Сонгуулийн ерөнхий хороог олон намын бүрэлдэхүүнтэй болгоё. Дарга нь ялсан намын хүн байг л дээ. Бусад удирдлага нь цөөнхийнхөн  байхаар хуульд тусгаж өгье. Нэг намынхан гэдэг чинь луйвар хийнэ л  гэсэн үг байна. Сонгуулийн ерөнхий хороо нь, эрх баригчдын “чөдрийн морь” байж болохгүй.

Сонгуулийн хуулийг хичнээн өөрчилж шинэчиллээ ч гэсэн эх хууль-үндсэн хуультайгаа зөрчилдөх ёсгүй. Энэ бол ардчиллын ч, ард түмний ч амин хууль. Иймээс эрх баригч хэдэн хүн, сонгуулийн хуулийг өөрсдийнхээ эрх ашигт нийцүүлэн түүгээрээ баталчихаж болмооргүй санагдана. Олон нийтийн саналыг сайн тусгая. Луйврын хууль батлагдвал ард түмнийтэмцлийн гал дээр тос нэмнэ гэдгийг мартуузай.

Г. ЖАМЪЯН (Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн)