Монголын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн биржээс санаачлан мэдээлэл технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компанийн хэрэгжүүлсэн “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийг бий болгох” төслийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Нээлтийн арга хэмжээг МУ-ын ЗГ-ын гишүүн Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав, Ай Ти Зон ХХК-ын Ерөнхий захирал Н.Баттулга нар нээж үг хэлсэн бөгөөд Хөдөлмөрийн зах  зээлийн мэдээллийн нэгдсэн системийн танилцуулгыг хийж олон нийтэд хүргэлээ.

МУ-ын ЗГ-ын гишүүн Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав

 

Ай Ти Зон ХХК-ын Ерөнхий захирал Н.Баттулга

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системийг бий болгох ажлын хүрээнд ажил хайгч, ажил олгогчийг орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүй холбосон хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн шинэ орчин бий болсон бол хөдөлмөрийн зах зээллийн мэдээллийг хөдөлмөрийн биржийн ажилтнууд хоорондоо шуурхай, өндөр нууцлалтайгаар солилцох боломжийг бүрдүүлж Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төв, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, өвчин судлалын төв болон бүх аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдийг дотоод VPN сүлжээнд тус тус холбоод байна.

 

Иргэдийн хувьд www.hudulmur.mn сайтад бүртгүүлснээр цаг хугацаа, орон зайг хэмнэж өөрийн мэргэжил, мэдлэг, ур чадварт тохирсон ажлын байрыг хайж, сонгох боломжтой, харин Ажил олгогчид www.hudulmur.mn сайтад бүртгүүлж хэрэгцээтэй ажлын байрны зараа оруулснаар тухайн зарласан ажлын байрандаа тохирох мэдлэг, ур чадвар, туршлагатай ажилтныг олж авахаас гадна ажилд орохыг хүсч буй иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын туршлагын талаарх нийгмийн даатгалын сангийн баталгаат мэдээллийг харж болно.

Харин интернет ашиглах боломжгүй бол 21 аймаг, 7 дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, мөн 142 сум, 134 хороонд байрлах Е-Бирж буюу цахим биржээс авах боломжтой юм. 

Ийнхүү том төрөөс ухаалаг төр рүү шилжих бодлогын хүрээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж, иргэд аж ахуй нэгжүүд маань орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай өөрсдийн эрэлт хэрэгцээгээ ханган ажиллах боломжтой боллоо.