Энэ сарын 5-11-ний өдрийг хүртэл “Өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Цэцэрлэг, сургуулийн бүх хичээл цахимаар явагдаж байгаа учраас хүүхдийнхээ цахим орчны хэрэглээг хэрхэн хянаж, анхаарал хандуулах талаар  СЭМҮТ-ийн эмч Б.Насанбурмаа дараах зөвлөгөөг өгч байна.  

-COVID-19-ийн халдварын тархалтаас үүдэн бүх ажил, хичээл цахимд шилжсэн. Өдөржингөө гар утас ухаж, телевиз үзснээс болж, хүзүү толгой өвдөх, сэтгэлзүйн хувьд хямрах хүн ч олон байна. Ийм шалтгаантай хүмүүс хэр хандаж байна?

 

-Дэлгэцийн донтолт нь дэлхий нийтийг хамарсан нэгэн шинэ төрлийн өвчин. Үүнд гар утас, комьпютер, зурагт гэх мэт техник хэрэгслийг байнга үзэх хүсэлтэй болсноор өөрийгөө хянах чадвараа алдсан хүмүүс хамаардаг. Өөрөөр хэлбэл, та өдөрт 4-5 цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэц үзэж байгаа бол дэлгэцэнд донтох эрсдэлд орж байна гэсэн үг. Цар тахлын энэ үед гэртээ байгаа бага насны хүүхдүүдийн дэлгэцийн хэвийн хэрэглээг хангах нь хамгийн чухал юм. Хэвийн хэрэглээг хэвшүүлэхгүй байснаас л дэлгэцийн хамааралтай хүүхдүүд олширч байна. 

 

-Дэлгэц үзэх зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөөч. Жишээ нь, бага, дунд насныхан хэдэн цагаар утас, зурагт үзэж болох вэ?

 

-Дэлгэцийн хэвийн хэрэглээнд  0-2 насны хүүхдэд дэлгэц огт хэрэглэж болохгүй, 2-5 насны хүүхдүүд хоногт 30 минутаас нэг цаг хүртэл, 5-12 насны хүүхдүүд  нэгээс, нэг цаг 30  минут үзэх, 13-18 насны хүүхдүүд нэг цаг 30 минутаас хоёр цаг үзэх ёстой. Ингэвэл биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нь харьцангуй хор багатай байдаг. Мөн үүнээс гадна өдөрт хоёр цаг үзэх ёстой гээд тасралтгүй хоёр цаг үзээд суучихвал  буруу хэрэглээндээ орно. Тиймээс гучин минут тутамд 5-10 минутын завсарлага авч үзэх хэрэгтэй. 

 

-Нүдний хараа муудах, сэтгэлзүйн хамааралтай болохоос гадна үүнээс үүдэх сөрөг нөлөө их байх?

 

-Үүний сөрөг нөлөө нэг хоёр зүйлээр хязгаарлагдахгүй.

 

Дэлгэцийн хамаарал нь бие, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндэд олон талын хор хөнөөлтэй. Жишээ нь, удаан хугацаагаар дэлгэц ширтэж сууснаар хөдөлгөөний хомсдолд орж, булчингийн агшилт явагдах, даралт ихсэх, хоолны дуршил буурах, бодисын солилцоо алдагдах, өсөлт удаашрах, нүдний хараа муудах, нүд аргах, хуурайших, нурууны муруйлт үүсэх, гарын сарвууны хөгжил өөрчлөгдөх, нойрны асуудалтай болох гэх мэт маш олон сөрөг үр дагавартай.

Ялангуяа оройны 21:00 цагаас хойш дэлгэц үзэхээр чанартай нойр авах хугацаа багасч, сэтгэцэд нөлөөлөх,  амархан ядрах, юм тогтоох чадвар муудах, анхаарал төвлөрөхгүй, цочомтгой, уур уцаар ихтэй болдог. Дэлгэцтэй холбоотой шаардлага тавихад маш хүчтэйгээр уурлах, дургүйцлээ илэрхийлэх, бухимдах, өөрийн эрхгүй дэлгэцээ хэрэглэмээр санагдах шинж тэмдгүүд илэрнэ. Ингэж явсаар дэлгэцэнд тавих хяналтаа алддаг. Өөрөөр хэлбэл 30 минут утсаа үзчихье гэж суугаад л хэдэн цаг болсон байдаг. Энэ хооронд бусад хийх ажлууд орхигддог. Үүнээс гадна хүний сонирхлын хүрээ хумигддаг. Өмнө нь хүүхэд өдөртөө дугуй унах, спорт сонирхдог, зураг зурдаг, найзуудтайгаа уулзах гэх мэт маш олон хоббитой байсан бол дэлгэцээс хамааралтай хүүхэд энэ бүгдийг үл тоон дэлгэцийн хэрэглээгээ л хүсдэг. Энэ нь удаан хугацаагаар үргэлжилбэл хүүхэд дэлгэц хаана л байна тэнд сууж байдаг. Үүнээс болж хичээл номоо орхих, PC тоглохын тулд мөнгө олох, худлаа хэлэх, бүр цаашлаад хулгай хийх, олон хоног гэр орноосоо дайжих гэх мэт маш олон сөрөг нөлөөтэй. Энэ нь нийгэмд үзүүлж байгаа хор хөнөөл юм.

 

-Тэгвэл эцэг, эхчүүд хүүхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхын тулд юуг анхаарах ёстой вэ?

 

-Хамгийн эхлээд хүүхэд тайван бус, уйлсан, уцаарласан үед утсаа хэзээ ч битгий өг. Ингэж сатааруулах нь хамгийн буруу. Хэрэв хүүхдэд чинь ямар нэгэн асуудал гарсан бол хүүхдээ тайвшруулах ярилцах, тэврэх, хайртайгаа мэдрүүлэх нь хамгийн чухал. Үүнийхээ дараа хүүхэддээ тогтсон цагийн хуваарийн дагуу утас, дэлгэцийг үзэхийг зөвшөөрч болно. Тэгэхдээ цагийн хязгаартай. Мөн утсаар үзэж байгаа контентын агуулгад хяналт тавьж байх хэрэгтэй.

Оройн 21:00 цагаас хойш дэлгэцийн хэрэглээг гэр бүлээрээ хязгаарлах хэрэгтэй.

 

-Дэлгэцийн хамааралтай болсон хүүхдүүдийг яаж эмчилдэг вэ. Эмчилгээний арга барилаас нь сонирхуулж болох уу?

 

-Эмчилгээний арга барил нь шалтгаанаас их хамаардаг. Эцэг, эх нь завгүйгээс болоод хүүхэд үл хайхран хүчирхийлэлд өртчихсөн, хямралын шалтгаантай сэтгэл гутрал, түгшилтэй буюу сэтгэл зүйн шалтгаантайгаар дэлгэцийн хамааралтай болсон бол үндсэн сэтгэл зүйн хүчин зүйлийг нь эмчлэх хэрэгтэй. Нөгөө талаараа гэр бүлээрээ дэлгэцийн хэтрүүлсэн хэрэглээтэй болсон хүмүүс  буруу зуршлаас салах, өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг зөв болгох хэрэгтэй. Дээр хэлсэнчлэх гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх нь хамгийн үр дүнтэй арга. Мөн  дуртай зүйлсээ сэргээж хичээллэх, өөрсдийгөө завгүй байлгах нь хамгийн чухал юм.

 

 

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин