Монгол Улсад өнөөдөр жирийн ард иргэд ЖДҮ эрхэлснийхээ төлөөсөнд төрийн албан хаагчдын хүнд сурталд нэрвэгдэж, тэдэнд нэг бол авлига, хээл хахууль өгч байж бизнесээ цааш үргэлжлүүлнэ, үгүй бол Шүүх, цагдаагаар явж олон сар жилээр хохирдог байдал газар авчээ.

Засгийн газраас олон янзын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төрөл бүрийн ТЕНДЕР зарладаг ч тэрхүү бага хүүтэй зээл, тусламжийг төрд нүүрлэсэн луйварчид буюу “цагаан захтнууд” улс төрчидтэй хамтарч замын дундаас завшдаг жишиг бараг тогтчихлоо. Дотоодын үндэсний үйлдвэрлэгчдэд халгаатай дээрх бохир үйлдэл даамжирч, гадаадын хөрөнгө оруулагчдыг онилон авч, “овоо бай”-даа тусгадаг болчихсоныг шүүмжилдэг ч дорвитой үр дүнд хүрэхгүй тэгсхийгээд намждаг нь хэвлэл мэдээллийнхэнтэй хийгддэг хаалтын гэрээтэй холбоотой. Шударга үнэний талд дуугарах ёстой Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөнгөөр амаа үдүүлж, хуулийг хэрэгжүүлэх учиртай Шүүх, цагдаагийн анхан, дунд шатны албан хаагчид хээл хахуульд идэгдсэн учраас ийм шударга бус байдал хүчээ авчихсан хэрэг. Энэ бүх шударга бус байдал хэзээ нэгэн цагт иргэн надтай тулгарна гэдгийг ойлгохгүй “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэсэн явцуу үзлээр хандсанаас болж, улс орны эрх ашиг, олон нийтийн мэдэх эрх хөсөр хаягдсан тохиолдлууд бий. Баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийг төрд ажиллаж буй төрийн албан хаагчид улс төрчидтэй нийлж бизнесийг нь дээрэмддэг байсан бол сүүлдээ монгол иргэнтэй хамтран амьдардаг эсхүл гэр бүл болсон гадны иргэд хүртэл нутаг нэгтнээ луйвардаж, хөрөнгө мөнгө залилдаг бузар байдал бий болчихлоо. Ингэж хохирсон иргэд, хуулийн этгээдийн Шүүх, цагдаад хандсан өргөдөл, гомдлын тоогоор хэмжигдэхээр байна. Улс орны хөгжлийг урагшаа чирч явдаг үндэсний үйлдвэрлэгчид улс төрчид, тэдний хамсаатнуудад ЖДҮ-ийн сангаас олгодог бага хүүтэй зээлээ алдаж, банк болон ББСБ-аас өндөр хүүтэй мөнгө зээлдэж, улмаар зээлийн хүүдээ шулуулж толгой өндийдөггүй байдал бий болчихов.

 

Иргэд, ААН, үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийг барьж шинэ содон зүйлсийг Засгийн газраас санал болгодог ч гагцхүү улс төрчид болон тэднийг дагаж намирсан цөөнхийн ахуй амьдрал эрс дээшилдгээс биш яг үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд НДШ, банкны өндөр хүүтэй зээлд сөхрөөд уначихдаг нь бодит үнэн. Гэтэл “дайны хажуугаар дажин” гэгчээр улс төрчид хууль бус авирлаж нүдэн дээр хөлждөг байдлыг зарим гадны зальт иргэд овжин тусган авч түүнийгээ бодит “бохир үйлдэл” болгосноор гадаадын хөрөнгө оруулагчдыг сэтгэл санаа, эд материал, хөрөнгө мөнгөөр хохироосон нь дараах баримтуудаар нотлогдоно.

Зальт этгээдүүдээс гадна, дотны иргэдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж, хохирсон хохирлыг цаг алдалгүй төлж барагдуулахын тулд Хууль, хяналтын байгууллагыг хуулийн дагуу шударга, зарчимтай ажиллаж чаддаг болтол сэтгүүлчид үзгээ барьж, үнэн бодит баримтыг олон нийтэд мэдээлж, шударга ёсны төлөө хувь нэмрээ оруулах учиртай. Энэ бол сэтгүүлчдийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Өнөөдрийн Монголын засаг төр нь хэчнээн ядмаг дорой, хууль хяналтын байгууллага нь авлига, хээл хахуульд идэгдсэнээс энэ бүхэн үүдэлтэй. Дам дамандаа хохирогч болж, олон тэрбумын хөрөнгөө алдсан гадаад иргэдийн асуудалд Шүүх, хуулийн байгууллага хуулийн дагуу шийдэхгүй бол цаашид иргэд, ААН-үүд хохирох явдал гаарч байна. Монгол Улсын хууль, дүрэмд итгэн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан ч ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн хамтрагч гэрээгээ илт зөрчиж, хөрөнгө оруулагчдын зөвшөөрөлгүй эд хөрөнгийг өрөөл бусдад дамлан зарж, итгэл алддаг явдал даамжирлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг нутаг нэгтэн нь Монголчуудтай нийлж, хөрөнгө мөнгийг дээрэмдэж авдаг бүхэл бүтэн бүлэглэл бий болчихож. Сүүлийн үед манай улсад гарч буй залилан, луйврын хэргийн дийлэнх нь нэг хүнийг хохироогоод зогсохгүй нэжгээд гадаадын хөрөнгө оруулагчдыг давхар залилж завшдаг бусармаг явдал учир тоймоо алджээ. Монголчуудын дунд хэвшмэл байдаг “хятад хүнийг үзэн ядах” хандлагыг далимдуулж, монгол иргэн гадныхантай нийлэн хэрхэн дураар авирласныг илтгэх баримтыг дэлгэе.

 

…БНХАУ-ын иргэн Баяраа /Baiyilla/ нь 2006 онд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Монь Ивээл” ХХК-ийг үүсгэн байгуулж, орон сууцны зориулалтаар барилга байшин ашиглалтад оруулж, нэлээд амжилттай бизнес эрхэлдэг нэгэн байж. Гэтэл 1987-1990 онд ӨМӨЗО-ны Жирим аймгийн Түнглүй хотын Монгол дунд сургуульд хамт нэг ангид сурч байсан Сэргэлэн гэх эртний танил нь тааралдаж, түүнд татгалзахын аргагүй сайхан санал тавьжээ. Харин багын найз Сэргэлэн нь 1994 онд Япон улсад очиж амьдран тус улсын иргэн болоод зогсохгүй нэрээ солин Хашикова Сатоши болчихсон байх нь тэр. Түүгээр зогсохгүй Монголд ирж суурьшихдаа Ц.Цэвэлмаа гэх монгол эмэгтэйтэй гэр бүл болж, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант 2-р багийн Хоёр Мэлхийт гэх газарт хоёр тэрбумын хөрөнгөөр үнэлэгдэх томоохон мал аж ахуй, газар тариалан эрхлэх болсноо хуучилжээ. Хашикова түүнд таван жилийн хугацаатай хувааж төлөх таатай нөхцөлөөр уг эд хөрөнгөө зарж борлуулах санаатай байгаагаа ойлгуулснаар үйл явдал эхэлсэн аж. Мэдээж бизнес эрхлэн амжилттай үйл ажиллагаа явуулдаг Баяраагийн хувьд дараагийн шинэ ажлаа эхлүүлэхэд татгалзах зүйл байсангүй. 2018 оноос хойш Хашикова түүнтэй нэлээд хэдэн удаа уулзан ярьж тохиролцсоны үндсэн дээр “Монь Ивээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баяраа нь багын найз Сэргэлэн буюу Хашикова Сатошид итгэж, 2019 оны 11-р сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “Ивээл” хотхоны 41Б байрны 1001 тоотод орших 75.13м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг авто зогсоолын хамтаар 565.000 юань буюу 250 орчим сая төгрөгийг төлбөрт тооцож шилжүүлсэн гэдэг. Улмаар 2020 оны 1-р сард 350.000 юань буюу 155 сая орчим төгрөгийг Хашиковагийн зөвшөөрсний дагуу түүний хамтрагч Баянсан /Bayansang/-д шилжүүлж өгчээ. Эдгээр төлбөрийг төлсний дараа “Монь Ивээл” ХХК нь Хоёр Мэлхийт гэх газарт нэмэлт хөрөнгө оруулж, томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийж байтал хэрэг бишдээд явчихав. Гэтэл “Монь Ивээл” ХХК-д худалдсан гэх Хашиковагийн хөрөнгө нь түүний хамтран амьдрагч Ц.Цэвэлмаагийн нэр дээр байдаг болж хувирав. Тус компанийнхан учир зүйгээ олохын тулд Ц.Цэвэлмаатай холбогдсон боловч сайх эмэгтэй “-Би та нараас ямар ч мөнгө төгрөг аваагүй. Тэр Хашиковатайгаа учраа ол” гээд тас гүрийчих нь тэр. Хэрэг явдал үүгээр төгссөнгүй. Үнэн хэрэгтээ “Монь Ивээл” ХХК-д Хашиковагийн зарсан гэх дээрх эд хөрөнгө Хашиковагийн хамтран амьдрагч Ц.Цэвэлмаагийн өмч хөрөнгө биш болж таарав. Баяраагийн худалдаж авсан дээрх эд хөрөнгийн жинхэнэ эзэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “И Шинь Үйлдвэр” ХХК-ийн захирал Яao Хай Tao гэгч огт өөр хүн байсанд хэргийн учир оршино. Гэтэл тэдгээр луйварчдад давхар хулхидуулж орон сууц болон бэлэн мөнгөө алдсан хохирогч тал ганцхан Баяраагаар тогтсонгүй. Утасны үзүүрээс хөөгөөд явбал дээрх хөрөнгө мөнгийг босгож, монголын талд хөрөнгө оруулсан анхдагч жинхэнэ эзэн аандаа тодроод ирэв. Мэдээж Хашикова Сатоши гэгч этгээд энэхүү улс дамнасан хулгай луйвар, залилангийн хэргийг орь ганцаараа үйлдчихсэнгүй. Үүнд заавал нэг учир шалтгаан гарч ирэх нь дамжиггүй. Тэрээр хань хамсаатантай, хамжин дэмжигчтэй дээрх залилангийн хэргийг үйлдэхдээ Монголын иргэн Ц.Цэвэлмаа гэгч хамтран амьдрагч эмэгтэйгээ оролцуулсан байдаг. “Ашид арвижих үндэс” ХХК-ийн захирал Ц.Цэвэлмаа, түүний хамсаатан Хашикова Сатоши нар ӨМӨЗО-ны “И Шинь Үйлдвэр” ХХК-ийн захирал Яао Хай Taoтай анх хамтран ажиллахаар тохиролцон гэрээ байгуулж, тухайн компанийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Баянтүмэн суманд Улаанбуудайн рапс зэргийн стандарчилсан тариалангийн суурь газар байгуулж, хятад руу экспортлох махны үхэр тэжээх талаар тохиролцож, цаашид малын тэжээлийн иж бүрэн тариалангийн эрчимжүүлсэн мал аж ахуйн төслийг хэрэгжүүлэхээр болсныг тухайн үеийн баримт материалууд гэрчилнэ. Ц.Цэвэлмаа, Х.Сатоши нарын залилах гэмт хэрэг нь 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны “И Шинь Үйлдвэр” ХХК-ийн захирал Яао Хай Taoтай анх хуулийн дагуу гэрээ байгуулсан мэт дүр эсгэсэн халхавчин дор Монголд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгүүлсний эцэст дээрх эрхмийг мань эхнэр нөхөр хоёр үгсэн хуйвалдаж, луйвардсанаас үүдэлтэй.

 

 

Зүүн гар талаас: Цагаан цамцтай Хашикова Сатоши

 

Монгол Улсын хууль тогтоомжид итгэж, хамтран ажиллах гэрээг хуулийн дагуу үйлдэж, хөдөө аж ахуйн салбарт томоохон хөрөнгө оруулсан Яао Хай Тао гэх эрхэм ийнхүү хамтын ажиллагааны гэрээний дагуу нийт 4.400.000 юань буюу 1.586.681.000 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг 17 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн санхүүгийн баримт миний өмнө дэлгээстэй байна. Монгол Хятад хоёр орны хилийн зааг бүсэд байрлах Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт орших газарт “Махны үхэр тэжээх болон малын тэжээл, газар тариалан”-гийн зориулалтаар 2017 онд нийт 1050 га талбайд тариалалт хийсэн ба 250 га талбайд улаан буудай, 20 га талбайд гурвалжин будаа, 530 га талбайд малын тэжээлийн ургамал, 250 га талбайд тосны ургамал /рапс/ тариалалт хийсэн бөгөөд 280 га талбайгаас ургац хураасан ажээ. Түүнчлэн 2016 онд 530 толгой үхэр, 2017 онд 624 толгой үхэр, 2018 онд нийт 1064 толгой үхэр, харин 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1318 толгой үхэр тоологдсон тухай тоо баримт бий. Гэвч мань эхнэр нөхөр хоёр сүүлчийн хөрөнгө оруулалтыг авсны дараачаар буюу 2019 оны 9-р сараас “И Шинь Үйлдвэр” ХХК-ийн захирал Яао Хай Таогоос холбоогоо нэгмөсөн тасалж, “усанд хаясан чулуу мэт” сураггүй алга болчихов. Энэ хугацаанд “Ашид арвижих үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Батцэцэг гэгчээр дээрх бий болсон их хэмжээний эд хөрөнгийг үрэн таран болгуулж, дур мэдэн захиран зарцуулах бохир луйврын ажиллагаагаа явуулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг гэрээгээр халхавчлан бусдын итгэлийг олж, луйвардсан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нь хуулийн наад захын мэдлэгтэй хүнд ил тодорхой харагдана. Түүгээр зогсохгүй Хятадын иргэн Яао Хай Таогийн хөрөнгө оруулалт хийсэн их хэмжээний өмч хөрөнгө дээр мань хоёр эзэн суугаад зогсохгүй шунал нь улам дэвэрч, дээрх хөрөнгийг дур мэдэн өөрсдийн өмч мэтээр өрөөл бусдад ойлгуулсны үндсэн дээр “Монь Ивээл” ХХК-ийн захирал Баяраад хууль бусаар давхар зарж борлуулаад зогсохгүй түүнээс нийтдээ 1.2 тэрбум төгрөгийг луйвардаж шамшигдуулсан залилангийн хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Мөрдөх албанаас одоог хүртэл шийдэхгүй гацаасан хэвээр байна.

Гэтэл голдуу өөрийн дотны найз, сайн таньж мэддэг хятад иргэдийг олзлон авч, давхар залилсан гэх Хашиковагийн хэрэг юуны учир ийнхүү цаг хугацаа алдаж, өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй удааширсныг Улсын мөрдөн байцаах газар болон Улсын ерөнхий прокурорын газраас нэхэн асууя. Үүнийг яалтгүй хууль, хяналтын байгууллагын ажилтнуудыг авлига, хээл хахуульд автсантай холбоотой гэх хардлага өөрийн эрхгүй төрүүлж байгаа нь нууц биш. Хаана хууль бус зүйл оршиж амь орно, тэр улс оронд авлига, хээл хахууль байнга цэцэглэж, хөрс шороогоо “хууль бус мөнгө”-өөр бордож байдаг жамтай. Тийм байдлыг нийгмийн түүчээлэгч хуульч, сэтгүүлчид дэлгэн тавьж, олон нийтийн анхааралд ойртуулж, төр засгийн сонорт хүргэж гэмээнэ энэ бүх хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой. Гэвч өнөөдөр дэлхий даяаршиж, ямар ч улсын иргэн бай тухайн улс оронд өөрийн бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулж, ажиллаж амьдрах боломж нөхцөлийг улс орон бүр хууль дүрэмдээ тусгаж ягштал баримталж ирсний үр дүнд гадаадын хөрөнгө оруулалтаар боссон бүхэл бүтэн улс орон төдийгүй хот ч байдаг. Үүний үр дүнд ард иргэдийнх нь ахуй амьдрал хөл дээрээ бат зогсож, түүний итгэлцэл дээр хоёр орны иргэдийн хооронд бизнесийн үйл ажиллагаа улам өргөжин тэлж, өөр өөр салбарт хамтрах явдал зонхилох болсон нь нууц биш. Гэтэл манай орны хувьд байдал эсрэгээр байгаа нь даанч харамсалтай. Хятад иргэдийг хохироосон монголчуудын талаар үл ойшоосон хандлага газар аваад зогсохгүй хууль хяналтын байгууллагын доод, дунд шатныхантай үгсэн хуйвалдаж, Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг уландаа гишгэн авлига, хээль хахуулийн замаар асуудлыг шийддэг бусармаг байдал энэ сүүлийн гучаад жилийн дотор ямар их газар авсныг яг тийм байдалд орж хохирсон иргэд өөрсөд дээрээ мэдэрч, шүүх цагдаагаар олон жил явж, үр дүнд хүрэхгүй цаг хугацаа, эд материал, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар үлэмж хохирсны эцэст мэдэрдэг аж. Тиймд аргаа барахдаа хэвлэл мэдээлэлд хандаж, баримт фактуудыг дэлгэснээр Шүүх, цагдаагийн газарт явж буй хэрэг маргаан нь хөдөлгөөнд орж, шударга үнэн ялдаг тохиолдлууд дийлэнх байна. Эхэндээ хоёр хүний хоорондох эд хөрөнгийн маргаан нь Шүүх, цагдаагаар яваад ч шийдэгдэхгүй удааширч, хууль бус үйлдлүүд даамжирч байгааг нь даруй таслан зогсоохгүй бол эцэстээ хоёр улсын иргэдийн хоорондох асуудал болж хурцдаж мэдэхээр аюул нүүрлэсээр байна. Аливаа бизнес гэдэг иргэд болон хуулийн этгээдүүдийн хоорондын итгэлцэл дээр тогтож, гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг нааш нь Монгол руу татаж, цаашид өрнөж хөгжих хөрсийг нь бэлдэх гэж чамгүй хөрөнгө мөнгө хаядаг.

 

 

 

Гэтэл бодит байдал дээр энэ нь луйвар залилангийн уршгаар “элсэнд ус хийхтэй адил” уусан замхарч алга болдог нь цаашлаад Монголд орж ирэх байсан маш олон гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхээд зогсохгүй Монгол Улсын нэр хүндийг хүртэл шороотой хутгаад хаядаг нь нууц биш.

 

 

 

Хэн нэгний арай гэж босгосон бизнесийг төрд ажиллаж буй цагаан захтнууд хууль хяналтын байгууллагынхантай хуйвалдаж, улайм цайм луйвардаж авсан нь шүүхээр тогтоогдсон олон тохиолдлыг нэрлэж болно. Ард иргэдэд үйлчилгээ үзүүлнэ гэж татварын мөнгөөр цалинжиж суудаг тэдгээр луйврыг гардан хийдэг төрийн албан хаагчдыг гар хөлөө болгож, дээрээс нь удирдаж буй хүмүүс нь тоотой нэр бүхий улс төрчид байдаг гэдгийг мэдвэл зохино. Хууль ёст Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа учраас гадаад дотоодын иргэд ялгаагүй хэн нэгэнд залилуулж, эрх ашиг нь зөрчигдөж, эд хөрөнгөөр хохирсон бол шударга шүүхээр шүүлгэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой. Хууль ёсны дагуу хийгдсэн мэт харагдах хамтран ажиллах гэрээгээр халхавчлан хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдлээ иргэний хэрэг маргаан мэт харагдуулах гэсэн гэмт этгээдүүдийн үйлдэл, гэмт сэтгэлгээнээс илүү давж гарахгүй байгаа өнөөгийн хууль, хяналтын байгууллагын эмгэнэлт дүр төрхийг энэ удаад товчхондоо дурдахад ийм байна. Аль ч хөгжиж буй улс оронд гадны хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, бизнес эрхлэх таатай хууль эрх зүйн орчныг нь бий болгодог бөгөөд үүний нэг бэлээхэн жишээ нь, Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Нур-Султан хотыг нэрлэж болно. Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн улс оронд бүтээн байгуулсан тэр их хөрөнгө, барилга байгууламжуудаа өвөртлөөд авч явахгүйгээс хойш тэр бүх үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө тухайн улсын баялаг болж үлдэх нь тодорхой. Бид дэлхийн нийтийн ийм бэлээхэн жишээг соргог анхаарч, нүдний өмнө байгаа туршлагуудыг Монголынхоо хөрс шороонд буулгах нь илүү үр дүнтэй. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, хөөсөн туусан, залилсан энэ мэт гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлүүдийг яаралтай хуулийн хүрээнд таслан зогсоох учиртай. Тэгж байж энэ улс оронд гадны хөрөнгө оруулагчид мөнгөө татаж төвлөрүүлнэ, ашигтай нөхцөлөөр бүтээн байгуулалт манай улсад хийгдсэнээр ажлын байр бий болж, ард иргэдийн ахуй амьдралд хүртэл үр өгөөжөө өгөх алсын хараатай бодлогыг Төр засгаас хэрэгжүүлэх ёстой билээ.

Дараагийн дугаарт энэ мэт их хэмжээний эд хөрөнгөөр хохирч, цаг хугацаа болон сэтгэл санаа эд мөнгөөр хохирсон иргэдийн мөрөөр эрэн сурвалжлах сэтгүүл зүйг ажиллуулж, ОНМХ-ээр нээлттэй мэдээлж, Шүүх хуулийн байгууллага төдийгүй Төр засгийн сонорт хүргэж, мэлмийг нээж, хохирсон гадаад дотоодын иргэдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалахад тус нэмэр болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

 

 

Сэтгүүлч, докторант М.Эрдэнэчимэг