Хүн эмнэлгийн үүдэнд хүн нас барлаа, өнгөрсөн бямба гарагт. Дөнгөж 35-тай идэр залуу Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлгээс тусламж хүсч очиход харьяа биш гэж адлаад анхан шатны тусламж ч үзүүлэлгүй аминд нь хүрэв. Аминд нь хүрэв гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй.

Үндсэн хуулиндаа “Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооно” гэж заачихаад иргэнээ харсаар суугаад амьдралаас буцаачихдаг эмнэлэгтэй байж болох уу.Зүй нь тэр эмнэлэг үхэл, амьдралын зааг дээр тусламж хүсээд ирсэн ямар ч иргэнд анхан шатны тусламж үзүүлэх ёстой.Гэтэл харин ч эсрэгээрээ анхан шатны тусламж авч чадалгүй эмнэлгийн гадаа нас барсан залууг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь архи уугаад олон хоносон гэх мэтээр гоочилж олны эгдүүг хөдөлгөөтхөв.Талийгаач залуугийн ойрын садангууд архи уугаагүй, худлаа мэдээлэл тараалаа гэсэн гомдол, шүүмжлэлийг хэлээд эхэлчихсэн харагдсан.Ер нь архи уусан ч бай, үгүй ч бай хүн л бол хүн. Үхэл амьдралын заагт аргаа бараад хандаж ирсэн ямар ч иргэндээ үйлчлэх нь эмнэлгийн гарцаагүй хүлээх ёстой үүрэг.

Монголын нийгэм ямар ч зохион байгуулалтгүй, огт уялдаа холбоогүй, сульдаа ганхаж байгааг харууллаа, энэ кейс.Цар тахлын хууль гэж гаргаад ч нэмэр алга.Хий сандарсан улсуудын бөөгнөрөл, бужигналдаан л нүдний өмнө хөврөөд байна.У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ямар шалтгаанаар ажлаа өгснийг эргэн санацгаая. Нялх биетэй эмэгтэйг төрөх эмнэлгээс дүн өвлөөр ХӨСҮТ рүү углааштай нь авч явсан даа, өнгөрсөн өвөл. Тэр үйл явдлаас болж У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа бууж байв. Тухайн үед У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүний албаа өгөх болсон шалтгаанаа “Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эхийг авч яваа байдлыг хараад миний охин, эхнэрийг ингэвэл яах бол гэж бодоод сэтгэл үнэхээр эмзэглэсэн. Анхан шатан дээр алдаа гаргавал Засгийн тэргүүн нь огцордог юм байна шүү гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна.Цаашид шат шатанд ажил хариуцаж байгаа дарга нар ажил хийж чадахгүй бол өөрөө хариуцлагаа үүрээрэй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Миний эхлүүлсэн ажил цаашаа үргэлжилнэ. Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм.Түүнээс биш айж хулчийгаагүй” гэж хэлж байсан нь цагаан дээр хараар бичигдээд үлдчихсэн.Товчхондоо мань эр төрийн дарга нар, засгийн удирдлага ажлаа хийж чадахгүй бол огцордог жишгийг би тогтоож байна гэсэн утгатай үг унагачихаад суудлаа өгснийг нь монголчууд бултаараа сонссон.

Нялх биетэй эмэгтэй өвлийн хүйтнээр углааштай гарч явснаас болж МАН-ын Засгийн газрын тэргүүн суудлаа өгч байсан.Тэгвэл үүнээс ч айхавтар үйл явдал монголчуудын нүдний өмнө болоод өнгөрлөө.Эрдэнэт хүний амь нас эмнэлгийн гадаа анхан шатны тусламж авч чадаагүйгээс болж эрсэдлээ.Шалтгаан нь “Харьяалалгүй учраас” гэсэн хөндий хүйтэн тайлбар.Тэгээд ч зогссонгүй амиа алдсан залууг төр төлөөлсөн нэг түшмэл архичин учраас нас барсан гэсэн доромж үгээр үдлээ. Бүхэл бүтэн хүний амь ийм өчүүхэн шалтаг шалтгаанаар эндчихээд байхад засаг огцрох ч багадна.Энэ бол МАН-ыг тараах бодитой шалтгаан мөнөөсөө мөн.

МАН төрийн бүх эрхийг атгаж яваа өдөр, хоног, сар, жилүүдэд бүх л салбарын байдал ундуй гундуу улам доройтсоор байгаа нь нуух аргагүй ил үнэн.Наад захын жишээ гэхэд л сая онцолсон эрүүл мэндийн салбарт түмэн асуудал бугшчихсан байна. Тахлын сураг чимээ сонсогдож, тахалтай тэмцэхэд салбараараа бэлдэж эхэлснээс хойш хоёр жил өнгөрчихлөө. Гэтэл төдийгөөс өдий хүртэл ямар ч бэлтгэл, менежмэнтгүй, уялдаа холбоогүй, ажилчид нь хүч тарамдсан, стандарт дүрэм нь хөл толгойгоо алдсан хэвээр аж төрцгөөж байна. Тоочвол энэ мэт асуудлууд бугшсан эрүүл мэндийн салбарт иргэдээ ялгаварлан гадуурхсан, PCR шинжилгээг хэтэрхий үнэтэй тогтоосон, эм, эмнэлгийн хүрэлцээ муу гэх мэт өчнөөн зовлон толгой өвтгөж байна.Сүүлдээ шинжилгээ авах гэхээр урвалж нь байхгүй, эм тариа нь хомсдолтой гэсэн мэдээлэл давтамжтай дуулдах боллоо.Өвдсөн иргэд өрхийн эмнэлэг рүүгээ утас цохиод авахгүй болохоор нь гэр гэртээ өөрөө өөрсдийгөө эмчлээд эхэлчихлээ.Эргэн тойрны таньдаг, мэддэг олон хүн түргэвчилсэн тест өгсөн болоод л гэр гэртээ биесээ эмчлээд удаж байна.Өнөөдөр гэхэд л сошиалд нэг иргэн “Манай хамаатны найман ч хүн ямар ч бүртгэлгүйгээр гэрээрээ өөрсдийгөө эмчилж байгаа шүү” гэж бичсэн харагдана лээ. Ингээд бодохоор ЭМЯ-ны өдөр бүрийн зарлаж буй халдварын тохиолдлын тоо хэд дахин ч нэмэгдэж магадгүй. Шуудхан хэлэхэд Монголын Засгийн газар иргэдээ хөсөр хаяад удаж байна, тахлын хэцүү цагаар. Үхэх нь үхээд, сэхэх нь сэхсэн энэ гунигтай дүр зураг хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд. Яг энэ янз маягаараа бол сүргийн дархлаа тогтсон цагт л тахлын аюул намжих байх.Вакцинжуулалтын хүрээ цараа, чанар хүртээмжээ нэмэх тал дээр ч анхаарч, шахаж шамдуулж байгаа юм алга.

Цар тахалтай тэмцэж яваа янз маяг нэг иймэрхүү өнгөтэй ундуй сундуй өрнөж буй нь хамгийн түрүүнд эдийн засгийн салбараа сөхрөөж, туйлдуулж байгаа нь гашуун ч гэлээ бодитой үнэн. Наад захын том жишээ гэхэд л хил дээр гацсан ачаа бараа бизнесийнхний толгойны өвчин болоод удаж байна. Цаашлуулж ухвал гадаад худалдааны ямар ч зохицуулалтгүй, худалдаа арилжааны нэгдсэн бодлого гэх юу ч үгүй аж төрж явна, улсаараа. Эрээн дээр өчнөөн бараа түгжигдчихсний цаад шалтгаан гэхэд л засгийн өөр зуураа уялдаагүй байдал.Бүр тодруулж хэлбэл эрх мэдлийн шат доошлох тусмаа өчнөөн толгойтой ажиллаж ирсэнтэй холбоотой.Ерөнхий сайд сая Замын-Үүдэд ажиллах үеэр олон толгойтой ажилладаг нь их тод харагдсан.Хилийн хяналтын таван байгууллага ямар ч уялдаагүй, дор дороо том эрх мэдэлтэй таван толгой болчихсон гэх шүүмжлэл Ерөнхий сайдыг ажиллах үеэр яригдана лээ.

Тийм л дээ. Ер нь аль ч төвшинд төрийнхөнд ажиглагддаг нийтлэг дутагдал бол энэ. Төрийн байгууллагуудын том толгойлдог хандлага, дор бүрнээ эрх мэдлээ хамгаалж чичирсэн төрх, нэгийгээ үгүйсгэж, нөгөөгөө давах гэсэн улайралд нь хувийн хэвшлийнхэн туйлддаг байдал гэм биш бүр жишиг болоод тогтчихсоныг амтай бүхэн ярьдаг.Ингэж байж төрд ажилладаг том жижиг дарга нар мөнгө хийж хөрөнгөлөг аж төрдөг гэдгийг, тэр системийг бүтээгч автор нь МАН гэдгийг, эрх баригч намын бүтээсэн энэ гажуу систем өнөөгийн МАН-ын оршин тогтнох үндэс болсон гэдгийг мөн л бултаараа мэддэг.Харамсалтай нь энэ гажиг хандлагыг эхэндээ нийгмээрээ шүүмжилдэг байсан ч сүүлдээ дөжрөх янз руугаа орчихлоо.Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж буй. Харин боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны машин дугаарлаад зогсч байна. Салбар хариуцсан сайд нь энэ хэцүү байдлыг “Ачаа нэвтрэлт жирийн үеийнхээс гурав дахин буурсан” гэж тайлбарласан шигээ зогсоно лээ. Замын-Үүдийн ариутгалын хэсэг гэж сарампай болсон хашаархуу юм харагдсан. Тийм хэцүү эд тавьчихсан байхад ачаа бараа энэ хэрээр нэвтэрч яваа нь харин ч зол. Таван тийшээ харсан хилийн хяналтынхны уялдаагүй том толгойлдог хандлага ийм байдалд хүргэсэн нь тов тодорхой асуудал.

Ийм үед Ерөнхий сайд дээрх таван газрын удирдлагыг шууд халсан бол эрүүл зөв харагдах байлаа. Гэтэл харин ч бүр толгойг нь илж, алдаагаа засах сарын хугацаа өгчихсөн сууж байна. Гэхдээ халчих бодол, сэтгэл мань эрд байсан нь гарцаагүй. Гэвч намынх нь өнөөг хүртэл бариад босгочихсон тогтолцоо, системтэй харшлах гээд байсан учраас Ерөнхий сайдад тэгж дүр эсгэхээс өөр арга олдоогүй байх. Байх ч биш юм аа, Л.Оюун-Эрдэнэд тэгэхээс өөр арга байгаагүй гэдэгт эргэлзэх юм алга.Мөнгө олж, эрх мэдлээ зузаалдаг шат дамжлагуудаа хяргаад танаад эхэлбэл МАН өнөөгийнхөөрөө хүчирхэг оршиж чадахгүй болчих учраас манай Ерөнхий сайдад үүнээс өөр арга байхгүй.

Товчхондоо эрүүл мэндийн салбар нь хэр байгааг эмнэлгийн гадаа тусламж хүсч ирээд ямар ч үйлчилгээ авч чадалгүй амиа алдсан залуу гэрчлээд өгчихлөө. Эдийн засаг нь ямархуу болсныг ачаа бараа гацсан Зам-Үүдийн үнэн төрх илчилчихлээ. Энэ хоёр асуудлын тухайд хоёулаа шат шатандаа хүнд суртал, эрх мэдэлтэй оршиж мөнгө идэх гэсэн том жижиг дарга нарын хүйтэн хандлага, өнөөгийн засаг баригчдын байгуулж бүтээсэн системээс үүдэлтэй алдаа. Яг үнэндээ Замын-Үүдийн ариутгах хэсгийг барьж чадахгүйдээ, эмнэлгийн гадаа амиа алдах эрсдлийг хааж мэдэхгүйдээ ингээд байгаа юм биш л дээ.Ийм байлгах зориудын сонирхол эрх баригчдад байна.Бүр тодруулж хэлбэл МАН-ынхны чин хүсэл иргэдээ ядуу буурай байлгахад, хувийн хэвшил бизнес эрхлэгчдээ аль болох төвөг чирэгдэлтэй аж төрүүлэхэд чиглээд байна.Энгийн, хар ойлголтоор зүйрлэвэл эрх баригчид хилээр ачаа нэвтрэх хэсгийг саадгүй байлгахын төлөө ажиллахыг хүсдэггүй.Харин ч бүр хилээр ачаа бараа нэвтрэх хэсэгт ажиллах таван толгойг тус бүрд нь тэжээлгэх санаатай засагладаг гэчихэд үнэнээс зөрөхгүй. Хувийн хэвшлийнхний харц гундуу, ард түмний амьдрал дорой байвал засаглаж, дарлаж, мөлжихөд амар таатай учраас тэд ингэж авирлаад байна.

Эрүүл мэндийн салбар өнөөгийн янзаараа байвал шат дамжлага бүрд нь тухалсан дарга сэтэртнүүд тус бүрдээ мөнгөтэй, хөрөнгөтэй бийлэгжүү аж төрнө гэдгийг эрх баригчид өчнөөн жилийн өмнөөс олоод харчихсан нь нууц биш. Ингэх нь өөрсдөд нь ашигтай учраас тэд эрүүл мэндийн салбарыг иргэндээ ээлтэй болгож хөгжүүлэхийг хүсдэггүй.Эмч ажилтнуудынх нь цалинг дэлхийн жишигт хүргэхээр тэмүүлдэггүй.Яг энэ өнцгөөс харахаар тэднээс эх оронч үзэл, ард түмнээ гэх сэтгэлийг нэхэж шаардаад нэмэргүй л дээ.Тэгэхээр одоо ганц л гарц байна.МАН-ын Засгийн газрыг огцруулъя, тэгээд ч зогсохгүй МАН-ыг татан буулгая.Энэ намыг татан буулгахгүй бол Монгол Улс балрах өнгөндөө орчихлоо.Шатахууны үнийн өсөлт, тахлын тархалт, инфляцийн галзуурал, эдийн засгийн уналт цаашид яахыг хэлж таахад хэцүү болчихлоо.

Ц.БИЛИГ