Наадмын ес хоногийн амралт дууслаа. Ирэх сараас намрын ажил, өвлийн бэлтгэл эхлэх ёстой. Хамгийн том асуудал нь бүх шатны сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт хэрхэн явагдах нь тодорхой бус байна.

Намрын улс төр цар тахлын эсрэг арга хэмжээнээс гадна хоёр жил гэртээ байсан хүүхдүүд, оюутан залуусын боловсролын хоцрогдолд ямар арга хэмжээ авах нь таамаг төдий хэвээр. Ирэх сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах талаар мэдээлэл байна. Ээлжит бус чуулганаар хамгийн гол хэлэлцэх зүйл бол дахин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Сүүлийн сонгуулиудаар МАН бүх шатандаа ялалт байгуулсан. УИХ-д олонх болж, Засгийн газраа байгуулж, Ерөнхийлөгчийн суудлыг авлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргаа ч авлаа. Гэвч коронавирусийн нөхцөл байдал, зарим сайд нарын алдаатай үйл ажиллагааг олон нийт илт шүүмжлээд эхэлсэн. Тиймээс хэд хэдэн сайдыг суудлаас нь огцруулах санал гараад эхэлсэн гэх мэдээлэл бий. Өдрөөс өдөрт цар тахлын нөхцөл байдал хүндрэх тусам олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилчид Эрүүл мэндийн сайдаас хариуцлага нэхэж эхэлсэн. Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс гадна түүнтэй зэрэгцээд Замын-Үүдийн асуудлыг шийдэж чадаагүй Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мөн хариуцлага хүлээх сурагтай.Одоогоор Засгийн газраас Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар нарыг огцруулах тухай хэвлэлээр бичиж байна. Үүн дээр нэмээд Соёлын сайд Ч.Номин, Хотын дарга Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож, огцруулна гэх мэдээлэл ч байна. Ингээд ирэхээр Засгийн газар цаашид яах бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүн дээр улстөржилт ч нөлөөлнө. Бүр цаашлаад ирэх аравдугаар сар хүртэл барьж байгаад Засгийг огцруулах нь гэсэн мэдээлэл ч явж байгаа. Хэдийгээр Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс дуртай нь өөрчлөөд байх боломжгүй хуультай болсон ч аль цоорхойг хэлж барах вэ дээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогддог өдрөө УИХ-ын чуулганы танхимд “Ирэх намраас Инноваци, цахим хөгжлийн яам ба Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулна” гэж хэлж байсан удаатай. Уг хоёр шинэ яамны сайдыг УИХ-ын гишүүдээс томилох дүр зураг бий. Тэр дундаа Инноваци, цахим хөгжлийн яамны сайдаар Н.Учрал, харин Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар Б.Чойжилсүрэнг томилох хувилбар байгаа гэх мэдээлэл байна. Дээрх таамаг “бай”-гаа онохын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Хуулиараа УИХ-ын дөрвөөс ихгүй гишүүн Засгийн газарт ажиллах боломжтой.Энэ үүднээс шинэ хоёр яам байгуулах, холбогдох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх хугацаа нь ирэх сард зарлагдах ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэнэ ч гэх мэдээлэл байна. Үндсэн хуульд парламентыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг өөр томоохон агуулгууд ч орж ирнэ гэдэг прогноз бий. Ямартаа ч засаглалыг сайн хийх гэж зүтгэсэн шүү гэсэн дүр төрхийг бүрдүүлэхийн төлөө илүү зүтгэнэ. Түүнээс шалтгаалж энэ Засгийн газрын орших хугацааны урт богино хэмжигдэнэ. УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалт дотор сонгодог парламентын засаглалтай болно гэж тодоос тод тусгасан. Нөгөө талаар улс төрийн намтай холбоотой өөрчлөлт хийгдэх магадлал өндөр. Тэр дундаа засаглалтай холбоотой өөрчлөлт түлхүү орох таамаг бий. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд эцэслэн баталсан. Гэтэл МАН байсхийгээд л Үндсэн хуулиар оролдоод байх нь. Үндсэн хуульд дуртай үедээ гар дүрээд байх нь мэдээж иргэдэд тааламжтай санагдахгүй. Ямартаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН гар барилцсан. МАХН анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд таатай бус байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тиймээс МАН-ын малгай дор нэгдсэн МАХН-ынхан ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хүслээ шингээж таарна.

Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад хэсэг амсхийх нь үү гэтэл дахиад л сонгууль. Сонгинохайрханы 28 дугаар тойрогт Д.Сумъяабазарын оронд нөхөн сонгууль болох байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь. Ирэх аравдугаар сарын 11-нд нөхөн сонгууль болох товтой байгаа. Намрын нөхөн сонгуулийн нэр дэвшигчдийн тохиролцоон дуусаад тойргийн бэлтгэл ажил хийгдэж байгаа гэх яриа байна. Нөхөн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал мөн л энэ намрын улс төрийн нэг хэсэг. Н.Энхбаярыг хүү Э.Батшугартайгаа Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАН-аас өрсөлдөнө гэсэн мэдээлэл явсан. Угтаа бол Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөхгүй, хүү Э.Батшугар нь өрсөлдөх магадлал өндөр байна.

Мөн улс төрийн намуудын дарга нар солигдох, жинхлэх асуудал ч энэ намрын чухал сэдэв болох нь. Томоохон ялалтын дараахь фракцуудын тохиролцоон ч ил болох байх гэсэн таамаг хөвөрч байна. Албан тушаалын томилгоонууд ч хийгдэж эхлэх талаар улс төрийн хүрээнийхэн дунд яригдаад эхэлж.

Сүүлдээ үнэмлэхүй ялалт буюу бүх шатны сонгуульд ялсан улс төрийн намаас хүлээх хүлээлт өндөр хэвээр байх боломжгүй болж байна. Хамгийн түрүүнд цар тахлын эсрэг засаглалын сул тал дээр улс төр хийгдэж таарна. МАН-ын хувьд улс төрийн засаглалдаа сайн ч улс орныг засаглах талдаа үнэхээр учраа олохгүй байгаа талаар шүүмжүүд хөврөөд эхэлсэн. Бодлогын үр дүн гэдэг нь өнөөдөр ажлын хэсэг байгуулаад маргааш үр дүн нь гардаг зүйл биш. Богино, дунд, урт хугацааны төлөвлөлт гэдэг үүнтэй холбоотой. Цар тахлаас дэлхий дахин хурдан салахгүй нь тодорхой болсон тул авч буй арга хэмжээнээс эхлээд бүх зүйл илүү ойлгомжтой байхыг иргэд шаардаж байгаа. Манай улс төрийг ерөнхийд нь хэлбэл манлайлал, нэгдмэл зорилго, шударга өрсөлдөөн, чадвартай байх гэдэг зүйл дутуу дулимаг явсаар ирсэн. Ерөнхийдөө чадамжгүй, арьсаа хамгаалсан улс төр хийсээр ирсэн.

Улс орны эдийн засаг, цар тахалтай тэмцэх асуудал үндсэндээ муу байгаа үед сайхан төсөөлөл төрөхгүй л байна шүү.