Г.ЭНХГЭРЭЛ

“Зөв амьдрах ухаан ТББ”-ын тэргүүн Г.Загдааг 2020 оны дөрөвдүгээр сарын 11-нд баривчлан хорьж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөн оны арваннэгдүгээр сарын 17-нд шийдвэрлэсэн. Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноосон.

Г.Загдаад хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон юм.

Г.Загдаа болон түүний гэргий анхан шатны шүүхээс гаргасан дээрх ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, давж заалдсан ч Дээд шүүх ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Тус төрийн бус байгууллагын асаргаанд байсан иргэд харж, хандах хүнгүй болсноор гудамжинд гарч, зарим нь Багшийн дээдийн нүхэн гарцад дуу дуулан, хөгжим тоглож, гуйлга гуйж буй бичлэг сүүлийн үед цахим сүлжээгээр цацагдан олны анхаарлыг татаад байгаа юм . Харин саяхан батлагдсан Өршөөлийн тухай хуулиар түүний эхнэр Г.Амарсайхан нь долдугаар сарын 9-нд суллагдсан. Ингээд манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелтой залгаа орших “ Зөв амьдрах ухаан ” төрийн бус байгууллагыг зорилоо.

Блокон хашаагаар хүрээлэгдсэн тус газрын хаалганы ойролцоо харуул зогсоно. Түүнээс Загдаагийн гэрийг сурахад “Амараа эгч тэр хойд байшингийн хоёр давхарт бий” хэмээн замчлав. Хашааны зүүн талд гулсуур, савлууртай хүүхдийн тоглоомын талбай байх бөгөөд ар талд нь хүүхэд, хөгжлийн өрөө харагдана. Хашаан доторхыг ажиглахад ядруухан хувцастай хоёр эмэгтэй дэмий холхингоо биднийг сонжин ажиглах аж. Дотогш ороход Г.Амарсайхан цонхон талын сандалд шанаагаа тулан сууж байв. Тэрбээр Г.Загдаатай ханилаад 40 гаруй жилийг үдэж байгаа аж.

Тэрээр ханьтайгаа хамт хорих ял сонссон тэр өдрөөс өдгөө найман сарын дараа суллагдан ирээд байгаа тухайгаа ярилаа. Түүнийг хоригдож буй нөхрөө дөнгөж эргэж ирээд байхад нь бид ийнхүү уулзаж ярилцсан юм. “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага нь 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэднийг хорьж, цагдсаны дараа Загдаагийн хүмүүс гэгддэг энэ “гэр бүлийнхэн” бутарч сарнихад хүрээд байгаа ажээ. Г.Загдааг 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс хорьж, хэргийг шалгаж эхэлсэн байна. Тухайн үедээ эхнэр Г.Амарсайхан энэ хэдэн айлаа бөөгнүүлж бөөцийлж болгосоор иржээ.

Гэтэл эхнэр нь мөн л энэ “хэрэгт орооцолдсон”- оор хэрэг явдал бишдэж эхнэр, нөхөр хоёр ийнхүү хүмүүсээ орхиод хоёулаа хоригдсон байна. Г.Амарсайхан эмэгтэй хүний тэвчээр шалгасан найман сарыг дуусгаад эргэн ирэхэд тарж бутарсан хүмүүс, эргээд архинд живсэн амьдрал л угтаж. Нийгмийн ажилтан болоод бусад хүмүүс нь эрвийх дэрвийхээрээ хичээсэн ч Загдаагийн чанга нударгыг яаж гүйцэх билээ зарим хүмүүс нь гудамжийг сонгожээ. Гэхдээ тэд эхнэр, нөхөр хоёрыг удахгүй эргэж ирэхийг хүлээн хагас жил тэссэн гэнэ. Харин түүнийг суллагдахаас хоёр сарын өмнө л хүмүүс ийш тийш явж, эзгүйрчээ. Түүнийг буцаад ирэхэд хориодхон том хүн, таван хүүхэд л торойгоод үлдсэн байж. Тэднийх өмнө нь 0-76 насны 130 том хүн, 0-16 насны 60 хүүхэдтэй ам бүл байжээ.

Г.Амарсайхан:

Миний нөхрийг баривчлахад 100 гаруй цагдаа ирж, сүрийг үзүүлсэн. Цагдаагийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд удаа дараа дайран орж, ээж, хүүхдүүдийг авч явсан. Хүүхдүүдийг асрамжийн газар, ээжүүдийг нь түр хамгаалах байранд аваачсан гэсэн. Тэдгээр газар тэднийг бидэн шиг байнга асарч, тойглохгүй шүү дээ. Дараа нь ихэнх гэр бүл нь гудамжинд гарсан байсан. Гудамжинд гарсан хүмүүс юу хийх вэ? Мэдээж эргээд архины хамааралдаа унана. Тэдэнд бас хүүхдүүдийг нь ч өгчихсөн. Эндээс гарсан хүмүүс нийтийн байранд толгой хоргоддог. Тэр бол архичдын оромж гэдгийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ. Гудамж, талбайд тасраад уначихна.

Ингээд хүүхдүүд нь эрсдэлд орж, амь нас нь ч эрсдэх аюултай байдалд ороод байна” гэж ярингаа яриагаа дуусгаж чадалгүй хэсэг уйлав. Хөрш айлууд нь дуудлага өгч, хүүхдүүдийг нь түр хамгаалах байранд авдаг ч эргээд хэд хоногийн дараа архины хамааралтай эцэг, эхэд нь буцааж өгдөг гэнэ.

 Г.Амарсайхан

“Ингээд тэр хүмүүсийг засаж, сайжруулах гэж хичээж байсан бидний бүх хөдөлмөр талаар боллоо. Уг нь тэднээс хэн нь ч бидний эсрэг гомдол гаргаагүй юм шүү дээ. Өчигдөр энд байсан гурван хүүхэдтэй эмэгтэй буцаж ирсэн. Эрүүл, саруул бойжиж байсан тэр хүүхдүүдийн рахит өвчин нь ясандаа тулж, хөл нь тахир болчихсон байсныг харан зүрх шимширч, нулимсаа барьж чадсангүй. Бид хоёрыг гүжирдэж, яаж ч харлуулсан болно. Гэтэл энд бидний ирээдүй болсон бяцхан үрс амьдарч байгааг даанч мэдсэнгүй гудамжинд гаргачихлаа” хэмээн халаглан чимээгүй болов. Гэвч тэр бууж өгсөнгүй бололтой “Цаашдаа үйл ажиллагаагаа эргэн сэргээнэ” хэмээн зоримог хэллээ.

 

Ж.САНДАГДОРЖ: Г.ЗАГДАА БҮХНИЙГ ХАРЦААРАА ХӨДӨЛГӨДӨГ БАЙСАН. НАМАЙГ ЗОДОЖ БАЙГААГ ХАРСАН МӨРДӨН БАЙЦААГЧ ХҮРТЭЛ ЯАЖ Ч ЧАДААГҮЙ

Хэрэг явдлыг эргэн сөхвөл...

Тухайн үеийн нөхцөл байдлыг эргэн сануулбал, иргэн Г.Загдаагийн хүчирхийлэлд өртсөн гэх “Хохирогчдын холбоо” төрийн бус байгууллага 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хийжээ. Энэ үеэр хохирогч Д.Халиунаа “Би Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад хоёр жил шахуу амьдарсан. Г.Загдаа болон хоёр ч нийгмийн ажилтан намайг хүчирхийлсэн. Энэ талаар хэлбэл хүүхдийг чинь ална шүү гэж сүрдүүлсэн. Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Тэр бүртээ хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлнэ. Мөн Г.Амарсайхан эгч бусад хүүхдийг маш их зодож, дарамталдаг. Охидыг хөхнөөс нь чимхэж зодсон. Намайг очсон эхний зургаан сар хуралд оруулаагүй. Учир нь хурал хийхдээ өчнөөн хүнийг зодож, дарамталдаг байсан юм билээ.

Тэнд байгаа 40 гаруй хүүхдэд амьд явах баталгаа байхгүй. Хүчирхийлүүлж байхдаа утсан дээрээ бичлэг хийсэн ч миний утсыг Цагдаагийн газар хурааж авсан. Одоо өгөхгүй байгаа. Өөрийн нэр хүндээ бодон чимээгүй өнгөрч болох ч тэнд байгаа хүүхдүүдийг бодож байна. Охинтой минь уулзуулахгүй хоёр сар болж байгаа” хэмээн мэдэгдэж байлаа. Энэ үеэр цахим орчинд иргэд хоёр талцаж, хэнийх нь ярьж байгаа нь үнэн эсэхэд итгэхэд бэрх болж байв. Харин өөр нэг гомдлыг сөхөн үзвэл иргэн Ж.Сандагдорж “Г.Загдаагийнд би найман жил амьдарсан. Өнгөрсөн жил оргож гарсан. Намайг Г.Загдаа гуйж аваачсан. Жил зургаан сар амьдраад гэртэй болгож амьдруулна гэж амласан юм. Эхнэр минь нас бараад амьдрал ахуй хүнд нялх, нойтон хүүхэдтэй байсан учраас гурван хүүхэдтэйгээ тэднийд очсон. Ингээд Г.Загдаагийнд найман жил амьдарч, өнгөрсөн жил оргож гарсан.

Тухайн үед хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй, сургууль дээр нь очиж уулздаг байсан. Өнгөрсөн жилийн Цагаан сарын дараа охиндоо бэлтгэлийн хувцас аваачиж өгөхөөр очсон. Тэгэхэд Г.Загдаа “Та муусайнууд хүүхдээ авч чадахгүй” гэж байсан. Дараа нь хэл амаа дарахын тулд намайг буцааж аваачсан. Тэгээд болоогүй намайг дагавар охиноо хүчирхийлсэн гэж цахим хуудсаар доромжилсон. Тийм асуудал байхгүй. Манай охин ч үүнийг гэрчилнэ. Г.Загдаа намайг 5-6 удаа зодохдоо тэнд байгаа том биетэй хүмүүсээр сандал дээр хүлж, зодуулдаг байсан. Г.Загдаа бүхнийг харцаараа хөдөлгөдөг байсан. Намайг зодож байгааг харсан мөрдөн байцаагч хүртэл яаж ч чадаагүй. Миний хэргийг хэрэгсэхгүй болгоод Г.Загдаад одоог хүртэл арга хэмжээ авч чадахгүй байна. Монголын цагдаа Г.Загдаагийн цагдаа юм уу ойлгох юм алга. Гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас Г.Загдаад манай хүүхдийг өг гэсэн. Би охидоо маш их санаж байна. Миний охиныг Д.Халиунаа шиг болговол би яах вэ” хэмээн нулимс дуслуулсан ярьж байв.

ҮР ХҮҮХЭД, АЧ ЗЭЭДЭЭ ӨВӨӨ НЬ ХҮЧИНГИЙН ХЭРЭГТЭН ГЭХ НЭР ҮЛДЭЭХГҮЙН ТУЛД ЦААШИД Ч ТЭМЦЭНЭ

Гэвч Г.Загдаа, Г.Амарсайхан нарын хэргийг давж заалдах шатанд ч гэм буруутай гэж тооцсон ч тэд “Биднийг зохион байгуулалттайгаар гүтгэж, ял үүрүүлсэн” гэсэн байр суурьтай байгаа юм. Ийм учраас дээрх гомдлын тухай түүний үзэл бодлыг сонслоо. Т э р бэ э р “Д.Халиунаа манайд анх 2017 оны арванхоёрдугаар сарын 27- нд ирсэн юм. Өмнө нь “Монголын хүүхдийн сан” асрамжийн газар байсан юм билээ. Гадуур тэнэж, дотоод журам зөрчсөний улмаас хөөгдсөн. Тэр хугацаандаа бие давхар болоод, Нийслэлийн Амгалан амаржих газар төрсөн. Над руу олон газраас удаа дараа “Энэ эмэгтэйд туслаач” гэж хандсан. Төрөх эмнэлгээс гарсных нь дараа л би өөр дээрээ авсан юм. Ингээд хоёр жил манайд байсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 26-нд Г.Загдаа бид хоёр гадуур ажил хөөцөлдөж яваад иртэл, хүүхдээ орхиод алга болчихсон байлаа.

Гэхдээ энэ тохиолдол нь манайд түгээмэл шүү дээ. Хүүхдээ тэврээд архи ууна, хүүхдээрээ гуйлга гуйлгаж мөнгө олох явдал ч гардаг. Д.Халиунааг бид өөрсдөө хайж, цагдаад тэмдэглүүлэн эрэн сурвалжлуулсан. Олдохгүй гурван сар өнгөрлөө. Гэтэл шөнийн 00 цаг өнгөрч байхад гаднаас орж ирсэн ч хүүхдээ орхиод дахиад явах гэж байсан. Бид явуулахгүй гэсэн. Учир нь нялх үрийг нь ээжтэйгээ байгаасай гэж хүссэндээ “Чамайг хүлээд ч хамаагүй хүүхэдтэй чинь байлгана. Явуулахгүй” гэж л хэлсэн. Гэтэл Д.Халиунаа намайг хүүхэдтэй минь уулзуулахгүй байна гэж гүжирдсэн юм шүү дээ. Бидний өмгөөлөгч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг дээр ажилласан н.Оюунцэцэг байв. Тэрбээр 40 гаруй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай эмэгтэй. Эрүүгийн хуулинд “Хохирогч яаж хохирсноороо заавал баримттайгаар нотлох ёстой. Хэрэв эргэлзээтэй эсхүл нотлох боломжгүй бол шүүгдэгчийг цагаатгана” гэсэн заалт байгаа.

Гэтэл Д.Халиунаа Г.Загдаа хоёр нийгмийн ажилтантайгаа гурвуулаа нийлж хүчиндсэн гэж мэдүүлсэн бас хэвлэлийн хурал дээр ч хэлсэн. Бүр анх ярихдаа муу усныхаа хоолойд гурав хоног нүхнээс гаргалгүй хүчирхийлсэн, үтрээнээс их хэмжээний цус алдсан гэж ярьсан байдаг. Гэтэл тэр нүхний урт нь 4 метр 30 см, өргөн нь 26 см, гүн нь 6-7см юм. Энд хүн битгий хэл амьтан ч багтахгүй. Дараа нь машинд, бас эмнэлэгт хүчирхийлсэн гэж мэдүүлсэн. Бас хүчирхийлүүлж байхдаа хийсэн 45 минутын бичлэг байгаа гэж хэлсэн юм. Гэтэл Шүүх шинжилгээний хүрээлэн, цагдаа хоёр утаснаас нь устгасан файлыг сэргээхэд хэрэгтэй холбоотой нэг ч бичлэг, зураг зэрэг баримт олоогүй. Гэсэн ч бидний талын эсэргүүцлийг хүлээж аваагүй, ялласан . Хохирогч, гэрчтэй шүүх хурал дээр ч биечлэн ирээгүй. Ингээд давж заалдах шатанд өргөдөл гаргасан ч анхан, нийслэлийн шатанд ижил дүгнэлт гаргасан тохиолдолд дээд шүүх авч хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг” гэв. Тэдний хашаанаас гарч эргэн тойрныг нь ажиглав. Хашааны баруун талд шинээр бие засах газар барихыг зэхжээ. Хашааны зүүн жигүүрт байх Хүүхдийн хөгжлийн өрөөнд орлоо. Үүдний хэсэгт Б.Ананд, Г.Ангараг гэсэн нэрсээр эхэлсэн цаас наалттай хүүхдийн шүүгээ харагдана. Даанч эзэд нь одоо энд алга.

Цаашлаад номын сан, шагай, хүүхдийн тоглоомууд хөвөрнө. Энэ өрөөнд оньсон тоглоом, шагай, морь, хорол, эсгийгээр хийсэн тэмээ гээд монгол ахуй шингэсэн тоглоомууд олон байв. Намайг хүүхдийн өрөөнд бодлогошрон зогсоход араас орж ирсэн Г.Амарсайхан гуай “Миний хань хүүхдэд их хайртай юм шүү дээ. Тийм болохоор энэ өрөөг ингэж тохижуулсан. Миний хамгийн их эмзэглэж явдаг зүйл бол бидний үр хүүхэд, ач зээ өвөө нь хүчингийн хэрэгтэн гэдэг хуурмаг нэр зүүж байгаа нь. Тэднийг минь гадуурхаж, элдэвлэх вий гэхээс айдаг. Энэ нэрийг цэвэрлэхийн тулд хэргийг дахин мөрдүүлж, шүүгч, прокурорыг шинээр томилж эхнээс нь эхлэхийг хүсэж байна” гэсэн юм.

БИД ХАВАР, ЗУН НҮХЭН ГАРЦ, ОРЦ, ХОНГИЛООР, ӨВЛИЙН УЛИРАЛД ТРАНШЕЙНД ХОНОДОГ

 Г.Загдаагийн хашаанаас бид Багшийн дээдийн нүхэн гарцанд ирэв. Энд дээр хэлсэн “Зөв амьдрах ухаан”-ыг орхин одсон н.Пүрэвсүрэн, н.Ганчөдөр нар гитарын аянд: ....Ээжийн ариун сэтгэл Энэхэн дэлхийдээ хосгүй еэ Эрдэнэт хүмүүн бүхэнд Ээжээс үнэтэй хүн үгүй еэ.... хэмээн цангинуулж сууна. Дэргэдүүр өнгөрөх хүмүүс тэднийг тойронгоо нүдний булангаар харц чулуудна. Өмнөх цаасан хайрцагт 1500 орчим төгрөг цугласныг харахад хоёр хүний ходоодыг дүүргэх хоолны мөнгө олоогүй бололтой.

Биднийг очиход дуугаа хэсэг завсарлан хэдэн хором ярилцав. Тэд “Зөв амьдрах ухаан ТББ-д ажил, хөдөлмөрт суралцаж, сайхан амьдарч байсан ч дарга (Г.Загдааг хэлж байна), Амараа эгч хоёр шоронд орсноос хойш байгууллага маань хаягдсан гэж хэлж болно. Бид хавар, зун нүхэн гарц, орц, хонгилоор, өвлийн улиралд траншейнд хонодог. Даргыг тийм зүйл хийсэн гэдэгт огтхон ч итгэдэггүй. Гүтгэгдсэн гэж боддог” гэв.

Нүхэн гарцнаас гарахад нар гудайж байсан ч тэд дахин ....

Эрдэнэт хүмүүн бүхэнд

Ээжээс үнэтэй хүн үгүй еэ.... хэмээн сэтгэлд гэгээ таттал цангинуулсаар байгаа нь дуулдав.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН