Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьвал Увс аймгийн Өмнөговь сумын малчин 150 айлын хашаа хороо, хадлангийн талбай, бэлчээр хиймэл нууранд живэхээр нөхцөл байдал үүсчээ.

Нутгийн иргэдээс зөвшөөрөл авалгүй  газар нутгийг нь дээрэмдэж байгааг эсэргүүцэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлагаа өгөхөөр 1400 км-ээс 10 малчин бусад малчдаа төлөөлөн Улаанбаатарт иржээ. Тэд  Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хийлээ.

 

Малчдын төлөөлөл энэ үеэрээ : " Увс, Баян-Өлгий, Ховд 3 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан газар нутаг дээр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц барих гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор багийн хурал хуралдаад 1000 гаруй километрийн цаанаас малчдын төлөөлөл болж Улаанбаатар хотод ирлээ. Энэ улсад төр гэж байдаг бол түүнд нь дуу хоолойгоо хүргэе гэж шийдээд ирлээ. Усан цахилгаан станц барих асуудлаар иргэдээс санал огт аваагүй. Энэ байдлаараа хэдэн үе дамжсан нутаг усаа хаяад нүүх юм шиг байна. Хаашаа очих юм? Очих газар ч алга.

Бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаа урсгаж байж үлдээсэн нутгийг юу нь мэдэгдэхгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барина гэх мэдээлэл авсан. Бид орон нутгаа хамгаалах болно. Одоо урсаж байгаа голын урсгалыг устгачих юм бол мал  аж ахуй амьдрах боломжгүй болно. Мал аж ахуй ч зогсчих гээд байна. Нийтдээ 100 гаруй км буюу нэлээд том газар хамрагдах юм байна лээ.

Усан цахилгаан станц баригдвал газар тариалан эрхлэх боломж бүрдэнэ гэж яриад байдаг. Гэтэл бид энэ талаар анхны мэдэгдэхүүн ч үгүй улсууд. Газар тариалан бүү хэл тог цахилгаан ч мэдэх хүн байхгүй. Нэг залгуур ч залгаж чадахгүй. Тийм мэргэжил ч байхгүй. Мөн усан цахилгаан станц баригдсанаар чийгшил нэмэгдэж тухайн орчны бэлчээрт сайнаар нөлөөлнө гэдэгтэй хэзээ ч санал нэгдэхгүй. Энэ бол 3 аймгийн бэлчээр. Бэлчээрээс гадна загас жараахай, ан амьтан байна. Зөвхөн хэдэн малчин биш. Энэ олон байгалийн хүчин зүйлийг тэжээж, тэтгэдэг газар шүү дээ. 2022 оны 04-р сар гэхэд 40-өөд айлыг нүүлгэнэ. Нутаг чөлөөл гэсэн. Бид хаачих юм бэ? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг тэрбум мод тарина гээд яриад яваад байна. Тэр тэрбум мод чинь манай нутагт устах гээд байна. " гэв.