УИХ-д шинээ сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар парламентын гишүүний тангараг өргөлөө. 

Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулж байна. 

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17,264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28,537 санал авсан Энхбаярын Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргажээ.

Нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд нийт 1,307 төрийн албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал, халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 559 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгахтай холбоотойгоор иргэний бүртгэлийн 253 итгэмжлэгдсэн ажилтан ажилласан байна.

Түүнчлэн санал авах байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 720 албан хаагч, нийт 3,022 төрийн албан хаагч ажиллажээ. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Монгол Улсын Их хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль хуулийн дагуу явагдсан" гэв. 

 

СЕХ-ны даргын илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Сонгуулийн хуулийг өөрчилж төрийн эрхийн авдаг болсон. Хэрэв шударга сонгууль болдог байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Нэр дэвшсэн залуу хүмүүсийг би буруутгахгүй. Бор халзан хонь байсан ч сонгогдохоор байна.

Монголд мөнгөний сонгууль болдог болсон. Ухуулагчийг болиулаач, сонгогчийг авлигдах ажил хийгээд байна гэдгийг би Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон хэлсэн.

Сонгууль шударга боллоо гэж уншсан нөхөр ч өөрөө асуудалтай. Эндээс харахад нэг намын тогтолцоотой болчихоод байна. Гэхдээ олон хавар нэгэндээ гэдэг шүү. Та нар хэтэрхий их бярдаж байна. Та нар хамаг юмаа авлаа шүү дээ. Гэтэл үлдсэн хоёр суудлыг луйвардаад авч байна. Ингэж ардчиллыг бөхөөж болохгүй. Хүмүүсийн чинь тоо хэрээс хэтэрсэн ч ажил чинь хангалтгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ бол сонгууль биш. Сонгууль нэртэй ард түмний мөнгийг үрж, бухимдуулсан явдал болсон. 

Энэ хоёр залуу энд сууж байгаа нь үнэхээр ичгэвтэр байна. Би энэ хоёрын оронд байсан бол ичих байсан. 

Эрх баригчид ардчилалтай болж чадахгүй байна. Энэ дөрвөн жилд надтай хамт суугаад хамаагүй өөр болно гэж бодож байна. Би та нарыг өөр болгоод өгнө. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу насаар ахмад гишүүн эхэлж тангараг өргөлөө. 

Энэ дагуу УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж, төрийн далбаанаас адис аван, парламентын гишүүний үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.

Түүний дараа УИХ-ын гишүүн Э.Батшугар тангараг өргөв. 

Ийнхүү Ц.Идэрбат, Э.Батшугар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөс парламент бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр, Ц.Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус томилов.