Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг улс төрийн хилс хэрэгт гүтгэн хэлмэгдүүлж буйг эрс буруушааж, нэн даруй суллахыг шаардаж байна

2021 оны 12-р сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Монгол Улсын баатар Эрдэнийн Бат-Үүлд дөрвөн жилийн хилс хэрэг тулгаж, хорих ял оноолоо.

Ардчилсан Монгол Улсад эрх чөлөөг авчирсан, эрх чөлөөний харуул, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг санаачилсан, хэрэгжүүлснийхээ төлөө гүтгүүлж, зүй бусаар шийтгүүллээ

Э.Бат-Үүл бол ардчилсан үзэл санааны бэлэг тэмдэг, нийгмийн тайван замын шилжилтийн удирдагчдын нэг, иргэн төвтэй ардчиллыг тууштай хамгаалагч, дэмжигч, хэрэгжүүлэгч нь юм. Түүнийг зүй бусаар буруутгаж байгаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 зүйлийн нэг дэх хэсэгт заасан Эрх мэдлээ урвуулан ашиглах агуулгатай хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл ардчиллын баатрыг хохирол үгүй, хохирогч үгүй хэрэгт буруутган яллаж байгаа нь шударга бус, шууд улс төрийн зорилготой, захиалгат хэлмэгдүүлэлт гэж үзэж байна.

Сүүлийн жилүүүдэд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхдагчдыг улс төрийн зорилгоор толгой дараалан зохион байгуулалттай гүтгэн доромжлох, нийгмээр үзэн ядуулах, ял төлөвлөх жигшүүрт үйлдэл удаа дараа гарч, газар авч байгаа нь Монгол төрийн үндэс суурь ганхах, ардчилсан нийгэмд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрлээ. Гэвч ардчилсан үзэл санааг хамгаалагч, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэгч Монголын мянга мянган иргэд, залуу үе энэхүү зүй бус явдлыг жигшин эсэргүүцэж байгааг эрх баригчид, түүний захиалгыг хэрэгжүүлэгчид мэдэх ёстой.

Хийсэн, санаачилсан, эхлүүлсэн, тэмцсэн эх оронч сэхээтнүүдээ устгаад, улс монголынхоо ирээдүй хойчийн эрх чөлөөт хүсэл зоригийг мохоодог жигшүүрт аргад Монголын төр дахин автаж, хэлмэгдүүлэлтийн хар саварт эрх чөлөө амь тавихгүй гэдгийг сана.

Э.Бат-Үүл бол хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн суурь зарчмуудыг хамгаалагч бөгөд түүнийг хувь хүнийх нь хувьд, нийгмийн зүтгэлтэнийх нь хувьд, ардчиллын бэлэг тэмдэг, дуу хоолой болсоных нь хувьд мянга мянган иргэд маань хүндэтгэн дэмждэг билээ. Түүнийг ийнхүү хилсээр, улс төрийн явцуу зорилгоор эрх, эрх чөлөөнд нь халдаж, давхар стандарт гаргаж буй бусармаг үйлдлийг Ардчилсан нам эрс буруушааж, түүнийг нэн даруй суллахыг шаардаж байна.