Америкийн Нэгдсэн Улс 1958 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөснөөс хойш сансарын технологи эрчимтэй хөгжиж ирсэн.

АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг улс орнууд сансарын технологийн салбарт ихээхэн мөнгө хаяж ирсэн бөгөөд тус салбарын хөгжлийг өнөөгийн түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Сансарын технологийн салбарт хийгдсэн олон нээлт, ололт амжилтууд бидний өдөр тутмын амьдралд өргөнөөр хэрэглэгдэж бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсоор байна.

Өнөөдөр сансарын дэвшилтэт технологи бүхий л салбарт ашиглагдаж байгаагаас НАСА (National Aeronautics and Space Administration) буюу АНУ-ын Үндэсний агаарын тээврийн болон сансарын захиргаанаас бүтээсэн нээлт, дэвшилтэт технологи, ололт амжилтуудыг эрүүл мэнд, харилцаа холбоо, зам тээвэр, аж үйлдвэрийн салбарт түлхүү хэрэглэж байгаа зарим нэг сонирхолтой жишээнээс Танд хүргэе.

Эрүүл мэнд

Халууны шил

НАСА болон Diatek корпораци хамтран 227 гр жинтэй, хэт ягаан туяаны тусламжтайгаар чихнээс ялгарч буй дулааныг хэмждэг халууны шил бүтээжээ. Хамгийн сонирхолтой нь уг халууны шилийг бүтээхдээ эрдэмтэд, зохион бүтээгчид од, гаригсын дулааныг хэмждэг технологийг ашигласан аж. Энэхүү бүтээл нь халуун хэмжих үед халууны шил чихний салслаг бүрхэвчинд хүрдэггүй учраас төрөл бүрийн халдвар дамжих эрсдлээс хамгаалахын зэрэгцээ нярай хүүхэд, хүнд өвчтэй хүмүүсийн халууныг түргэн хугацаанд хэмжих боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм. Уг халууны шилийг электрон халууны шил үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Diatek корпораци НАСА-ийн Технологийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бүтээсэн байна.

Зүрхний ховдлын аппарат

НАСА болон доктор Michael DeBakey, доктор George Noon, “MicroMed Technology” компаниудын хамтын ажиллагааны үр дүнд зүрх шилжүүлэн суулгахаар хүлээгдэж буй өвчтөнүүдэд зориулсан зүрхний аппарат бүтээгдсэн байна. Зүрх шилжүүлэн суулгахад дэжлэг болж өгдөг уг аппарат нь цусыг биеийн бусад хэсэг рүү тасралтгүй шахаж, донор зүрх иртэл өвчтөнг амьд байлгах үүрэг хүлээдэг юм. 113 грамм жинтэй тус аппарат нь бусад ийм төрлийн аппаратны 1/10-тэй тэнцэхүйц маш жижиг хэмжээтэй учраас жижиг биетэй хүмүүс болон бага насны хүүхдүүдэд хэрэглэхэд илүү зохимжтой болжээ. Мөн цэнэгээ 8 цагийн турш барихын зэрэгцээ энэ хугацаанд өвчтөн чөлөөтэй хөдөлж, өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтойгоороо давуу талтай юм.

Зам тээвэр

Хурдны замын аюулгүй байдал

Аюулгүйн ховил буюу бетон зам дээр зураасан ховилууд гаргаж, гадаргуугаар явж буй биеттэй харилцан үүсэх үрэлтийн хүчийг нэмэгдүүлэх, улмаар болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх уг технологи нь анх нисэх зурвасын чийгтэй гадаргуугаас үүдэлтэй онгоцны ослыг бууруулах зорилготой хийгдэж байжээ. Улмаар тус технологийг Лэйнли судалгааны төвийнхөн (Langley Research Center) өдөр тутмын амьдралд нэвтрүүлж, явган хүн болон хурдны замд ашиглах нөхцлийг бүрдүүлсэн байна. Энэхүү технологийн ололт амжилтын үр дүнд нь тээврийн хэрэгслийн гулсалт, тормосны зам багасхын зэрэгцээ огцом эргэлт хийх чадвар нэмэгджээ. Өнөөдөр уг технологи нь илүү өргөн хүрээг хамарч малын хашаа, шат, зогсоол гэх мэт гулгаа үүсэх магадлал бүхий бүх л газруудад ашиглагдаж байна.

 

Автомашины дугуй

Ангараг гаригийн гадаргуу дээр зөөлөн газардах зориулалттай шүхрийн уяа болгон ашиглахад зориулж Goodyear Tire болон Rubber Company нар хамтран гангаас тав дахин бат бөх мяндаслаг материал гаргаж авсан байна. Уг мяндаслаг материалын гинжин хэлхээ бүхий молекулын бүтэц нь түүнийг маш бат бөх болгодог байна. Улмаар Goodyear tire компани тус эдэлгээ даах чадвар өндөртэй, бат бөх материалыг ашиглан 16,000 километрийн эдэлгээ даах чадвартай хээ бүхий цоо шинэ технологийн дугуй үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлжээ.

Нийгмийн аюулгүй байдал

Газрын тэсрэх бөмбөг устгагч

НАСА-гийн пуужингийн түлшний хаягдлыг Thiokol Propulsion компани газрын тэсрэх бөмбөгийг хор хохиролгүйгээр устгах төхөөрөмж бүтээхдээ ашиглах зөвшилцөлд хүрснээр НАСА-ийн хувьд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр түлшний хаягдлаасаа ангижирч харин Thiokol компанийн хувьд тус хаягдлыг ашиглан хурц гэрлийн тусламжтай тэсрэх бодис устгагч хийх боломжтой болсон юм. Уг төхөөрөмж нь газарт булсан тэсрэх бөмбөгийг гадаргуугаас нь үйлчлэн тэсрэх аюулгүй болгодог ашиг тустай бүтээл болжээ. Хурц гэрэл нь хатуу шинж чанар бүхий пуужингийн түлш ашиглан тэсрэх бөмбөгний дотор байгаа бодисыг идэвхигүйжүүлж аюулгүй болгодог байна.

Гал сөнөөгчийн хувцас

АНУ-д өргөнөөр хэрэглэгддэг гал хамгаалагчийн хувцас нь тус улсын Сансарын хөтөлбөрт зориулж эрдэмтэд, дизайнеруудын хамтран бүтээсэн маш хөнгөн материалаар хийгдсэн юм. Уг хөтөлбөрийн хүрээнд мөн НАСА-гийн пуужингийн бүрхүүлд ашигладаг хөнгөн цагааны хольцтой материалаар хөнгөн жинтэй амьсгалын систем болох нүүрний маск, хүрээ, бүслүүр болон хүчилтөрөгчийн сав зэргийг хийсэн байна. Энэхүү амьсгалын систем нь өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч, гал сөнөөгчдийг утаанд угаартахаас хамгаалах өмсгөл болон хувьсжээ. Эдгээрээс гадна сансарын радио холбооны технологи ч мөн гал сөнөөгчдийн хэрэглээнд нэвтэрч, гал унтраах ажиллагааны үед гал сөнөөгчид хоорондоо холбоо тогтоох, улмаар үүсч болох эрсдлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Гэр ахуй

Уян хатан хөөсөнцөр

Онгоцны зорчигчдыг аваар ослоос хамгаалах нөхцлийг сайжруулах зорилготой “зөөлөвч” хийх төслийн хүрээнд Ames Research Center цоо шинэ төрлийн, хосгүй шинж чанар бүхий хөөсөнцөр материал гарган авчээ. Уг материал нь өнөөдөр “Temper foam” болон “Memory foam” гэсэн нэршлээр матрасс, дэр, цэргийн болон иргэний нисэх онгоц, автомашин болон мотоцикл, спортын хамгаалалтын хэрэгслүүд, соёл амралтын хүрээлэн, эмээл, нум сумны бай, тавилга болон хүн амьтны хиймэл эрхтэн зэрэг зүйлсэд өргөнөөр хэрэглэгдэж байна. Уг дулаан шингээх өндөр чадвар бүхий ер бусын зөөлөн материал нь аваар ослын үед осол гэмтлээс хамгаалах үүрэг гүйцэтгээд зогсохгүй зорчигчийг удаан үргэлжлэх аяллын турш тав тухтай байлгаж, хангалттай нойр авахад нь тусладаг. Одоо тус хөөсөнцрийг NASCAR уралдааны машинууддаа хамгаалалтын журмаар мөн ашиглаж байна.