Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон бүх төрийн албан хаагчийг чөлөөлөх тухай тогтоол 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийн талаар Төрийн албаны зөвлөлөөс тодрууллаа.

- Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд орсон хэчнээн хүн байдаг бол?

- Төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо” цахим системд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 973 төрийн байгууллагын удирдах албан тушаалд 1,036 албан хаагч сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байна.

- Албан тушаалын ангиллаар нь харвал ямар албан тушаалтнууд чөлөөлөгдөхөөр байгааг тоогоор нь хэлж өгнө үү?

- Иргэн, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу болон Төрийн албаны зөвлөлийн санаачилгаар 375 төрийн байгууллагын 5,277 төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 284 байгууллагын 1,112 иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

- Өнөөдрийн байдлаар хэдэн хүнийг төрийн албанаас чөлөөлсөн бэ?

- Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны тусгай болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн хугацаанд эрчимтэй зохион байгуулсны үр дүнд төрийн захиргааны удирдах албан тушаалд 153, төрийн тусгай албан тушаалын удирдах албан тушаалд 42, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд 214 иргэн тэнцэн томилогдсоноор нийт 409 удирдах албан тушаалын томилгоог хуульд нийцүүллээ.

Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг дагуу Төрийн албаны зөвлөлөөс хууль бус 95 томилгооны шийдвэрийг хүчингүй болголоо. Одоо шийдэгдээгүй байгаа нийт 532 томилгооны асуудал байна.

- Цар тахлын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилох боломж бүрдсэн. Чөлөөлөх, томилох хууль эрх зүйн хувьд зөрчил үүсэж байгаа юу?

- Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль (цаашид “Ковидын хууль” гэх)-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж заасан нь Төрийн албаны тухай хуулийн хувьд албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагааны хугацааг Ковидын хуулийн үйлчлэлийн хугацаанд баримтлахгүйгээр, Ковидын хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн Төрийн албаны тухай хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Энэхүү заалт нь сонгон шалгаруулалт явуулах хугацааг зохицуулсан бөгөөд төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх зарчмын хүрээнд Ковидын хуулийн үйлчлэлийн хугацаанд төрийн албаны сул орон тоог зайлшгүй нөхөх шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, албан хаагчийг албан тушаалд томилох боломжийг нээсэн.

Ийнхүү томилогдох тохиолдолд тухайн албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангах, эс хангах асуудлыг Ковидын хуулиар огт хөндөөгүй байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох юм.

Өөрөөр хэлбэл төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, иргэнийг төрийн албанд томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах суурь зарчмыг зөрчихгүйгээр төрийн албаны сул орон тоог нөхөх нь зүйтэй.

ТАЗ-ийн 411 дүгээр тогтоолоор Төрийн албаны хуульд заасан шаардлагыг хангаагүй томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөхийг даалгасан тул хууль, эрх зүйн зөрчил үүсэхгүй.

- Төрийн албанаас чөлөөлөгдсөн хүн дахин сонгон шалгаруулалтад хамрагдаж болох уу?

- Тухайн хүн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагуудыг (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага) хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгүүлж, хамрагдах нь нээлттэй байдаг.

- Тогтоолд хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгасан байсан. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

- Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр зөвлөмжийн 2.2, 2.3-т зааснаар албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах шуурхай шийдвэрлэхээр заасан.

Энэ зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг цаашид сунгахгүйгээр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох, дахин гэрээ байгуулахгүй байхыг даалгасан байгаа.

Ийнхүү сул орон тоондоо хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулахаар тогтоолд заасан.