"“Сонго Уйл 2000x” УСК-г бүх кино театр, IPTV-гээр гаргахыг хоригложээ" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.

Бид энэ талаар “ТНГРИ” энтертайнментийн менежер Б.Мөнхдалайтай холбогдож тодруулахад тэрбээр “Бид киногоо кино театруудад гаргаад хэд хоноод буцаан татсан. Учир нь оргил цагаар манай киног гаргахыг зөвшөөрөөгүй. Мөн IPTV-гээр цацахаар санал тавьсан ч мөн татгалзсан. Ямар шалтгаанаар киног гаргахыг зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Киноны агуулга улс төрийн шинжтэй учраас зарим газар манай киног үзэгчдэд хүргэхийг хаагаад байх магадлалтай.

“Сонго Уйл 2000x” бол эмгэнэлт инээдмийн төрлийн кино. Залуу уран бүтээлчид хүсэл зорилгоор нэгдэж энэ уран бүтээлийг бий болгосон” гэлээ.

Түүнчлэн "ТНГРИ” энтертайнмент албан ёсны мэдэгдэл гаргажээ. Үүнд “Бид “Сонго Уйл 2000x” нэртэй кино хийсэн. Уг кино улс төр, нийгэм, сонгуулийн үйл явцыг харуулсан инээдмийн уран сайхны кино юм. Тийм боловч тодорхойгүй шалтгааны улмаас үзэгчдийн хүртээл болгож чадахгүй байна.

Манай хамт олон ярилцсаны эцэст олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк, youtube сувгаар киногоо хүргэж эхэллээ. Мөн бидний бүтээлийг үнэлж үзсэн хүмүүс хандив өргөж эхэлсэн.