Уул уурхайн эсрэг тэмцэх нь монголчуудын хувьд гэм биш, зан болоод хэдэн арван өнгөрч байна. Өнөө гэм нь сүүлдээ хууч өвчин шахуу болоод ужгирчихсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Уул уурхайн төслүүдийг эсэргүүцдэг дөрвөн бүлэг Монголд бий. Эхний бүлэг нь малчид.

Энэ бүлгийнхэн хайгуул, ашиглалт гээд ямар ч шатанд нь уул уурхайг идэвхийлэн эсэргүүцдэг. Гэхдээ малчид тэр аяараа эсэргүүцдэг гэвэл үнэнд нийцэхгүй. Босоо хөх Монгол, байгаль орчны төлөө гэсэн шошготой төрийн бус байгууллагуудын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайтай тэмцэлддэг хэсэг малчин бий. Нөгөө зарим нь бэлчээр усаа гэж, уул уурхайн төслийн талаарх ойлголт дутуугаасаа болж үгээ хэлж байгаа харагддаг. Ер нь орон нутгийн олонх малчин юун уул уурхай гэж улстөржихтэй манатай зав зайгүй аж төрдөг. Хөдөөний малчдын дийлэнх нь малаа дагаж, амьдрал ахуйгаа өөд татахыг илүүд үздэг. Яагаад ихэнх малчин уул уурхайг эсэргүүцэхгүй байна вэ гэдэг асуултын хариу их энгийн. Хэсэг малчдын хэлээд байгаа шиг энэ улс тэр чигтээ уул уурхайнханд ухуулж малтуулаагүй учраас тэр л дээ. Бяцхан харьцуулалт хэлье.

Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувьд хайгуул олборлолтыг хязгаарлаж хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, үлдсэн 25 хувьд нь хайгуул, олборлолтын ажиллагааг явуулж болно гэсэн үг. Одоо энэ 25 хувийн хэчнээн хувьд нь хайгуул, олборлолт хийсэн болон хийх шатандаа яваа вэ гэсэн асуулт тавиад харъя. Товчхондоо 3.7 хувьд нь хайгуул, ашиглалтын лиценз бий. Лиценз олголтыг хориглохоос өмнө буюу 2008 онд зөвшөөрөгдсөн газар нутгийн 40 хувьд нь хайгуул, ашиглалтын лиценз олгосон байсан юм. Өөрөөр хэлбэл, 40 хувь гэсэн хэмжээ өдгөө 3.7 болоод буурчихсан. Ашиглалтын лицензийн хувь нь хэд вэ гээд харахаар бүр бага тоо гарна. Ердөө ганцхан хувьд нь ашиглалтын лиценз авсан байдаг юм.

Нийт газар нутгийн 0.6 хувийг газар тариалангийнхан ашигладаг гэсэн статистикийг энд тодотгож онцолъё. Тэгэхээр үлдсэн газар нутагт нь манай малчид мал хуйгаа бэлчээрлэсэн шигээ аж төрдөг болж таарч байна. Газрын хөрсийг хамгийн их гэмтээдэг, цөлжилтөд шууд утгаараа нөлөөлдөг ямааны тоо толгой сүүлийн жилүүдэд өгссөн графиктай яваа. Бүр тодруулж хэлбэл, ямааны тоо толгой өнгөрсөн жилүүдэд хурдацтай нэмэгдсээр өнөөг хүрсэн. Ингээд харахаар цөлжилтөд, хөрсний элдэв гэмтэлд хамгийн том сөрөг нөлөө үзүүлдэг хэсэг гэж ирээд харвал яалт ч үгүй малчдаа онцлохоос аргагүй. Уул уурхайнхан шиг олборлолт явуулсан газраа нөхөн сэргээдэггүй, тариаланчид шиг ашигласан хөрсөө бордох гэх мэтээр арчилдаггүй, нийт иргэд аж ахуйн нэгж шиг татвар хураамж төлдөггүй малчдын малын хөлд эвдэрч гэмтсэн газар хэчнээн бол. Нөлөөллийг нь яг нарийн тооцвол сэртэсхиймээр тоо гарах байх.

Уул уурхайг идэвхийлэн, зориудаар, зохион байгуулалттайгаар эсэргүүцдэг дараагийн бүлэг бол орон нутгийн удирдлагууд. Хэд хэдэн аймгийн дарга нар “Манай аймаг уул уурхайгүй бүс байх болно, уул уурхайн оронд аялал жуулчлалаа хөгжүүлээд амьдарчихна” гэж мэдэгдэж байв. Уул уурхайгүй амьдарна гэсэн сүржин мэдэгдлийг хамгийн түрүүнд хийсэн аймаг бол Хэнтий. Нүүрс, жонш, алт, газрын тосны дажгүй нөөцтэй энэ аймагт уул уурхай хөгжүүлэхгүй гэж чанга дуугарч, том нөлөө үзүүлсэн улстөрчдийн тод магнай нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Анх Хэнтийд газрын тосны чиглэлээр хөрөнгө оруулна гээд өрмөө аваад орж ирсэн “Шаман ресурс” лав мань эрийн идэвхтэй оролцоотойгоор Монголоос хөөгдөж байв. За тэгээд алтны олборлолтыг огцом хумигдахад урт нэртэй хууль гаргаж нөлөөлсөн энэ тэр гээд яривал дархан аварга эрхэм гишүүний уул уурхайн салбарт, цаашлаад харвал Монголын хөгжилд тарьсан балаг барагдахгүй. Уул уурхайгүй амьдарна гэж мэдэгдсэн дараагийн аймаг бол Завхан. Завхан аймаг ч биш юм аа, энэ аймгийн дарга ингэж мэдэгдсэн хэрэг. Уул уурхайн нөөцийн хувьд ийм тийм гэж онцлохоор олон ордгүй ч дарга удирдлагууд нь байгаа цөөхнөө ч ашиглуулахгүй хэмээн гүрийдэг гэмтэй. Нүүрсний дажгүй нөөцтэй Хөвсгөл аймгийн удирдлагууд уул уурхайд халтай дарга нарын армид багтана. Завханы дараа “Уул уурхайгүй аймаг болно” гэж дуугарсан удаатай. Геологичдын хэлдгээр юм юмтай аймгийн нэгд тооцогддог газар бол Увс. Уул уурхай хөгжүүлээд дажгүй доллар олох боломж энэ аймагт бий ч мөн л “Уул уурхайгүй амьдарна” гэж том дуугарсаар өнөөг хүрсэн.

Нийтлэлдээ бас нэг тоо шургуулъя. Олон улсад зардаг арван барааны маань ес нь байгалийн баялаг, Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг нь уул уурхайтай холбоотой, эскпортын орлогын ерэн хувь, төсвийн орлогын дөрөвний нэгийг уул уурхай бүрдүүлдэг. Энэ бол ковидын өмнөх тоо. Ковидоос хойш Монголыг авч яваа, доллар олж ирдэг ганц боломж маань уул уурхай болсон гээд харахаар сая хэлсэн нөлөөлөл өссөн нь тодорхой. Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Төсвөөс бүх л аймагт мөнгө хуваарилдаг. Уул уурхайгүй аймаг болно гэж зарлаад уул уурхайн төслүүдийг эсэргүүцдэг Хөвсгөл, Хэнтий, Завхан, Увс аймагт ч уул уурхайгаас орж ирсэн мөнгийг хуваарилдаг гэсэн үг. Энгийнээр хэлбэл, эдгээр аймгийн сургуулийн сурагчид, цэцэрлэгийн бяцханууд, багш, эмч нарын цалинд уул уурхайгаас олсон мөнгийг зарцуулдаг гээд ойлгочихож болно. Энэ аймгуудад өрнөх зам, эрчим хүчний шугамын бүтээн байгуулалт ч төсвөөс, бүр тодруулж хэлбэл, ад үзээд байдаг уул уурхайн орлогоос хийгддэг гэж ирээд яривал уул уурхайн өгөөжийг хүртдэггүй өнцөг булан гэж Монголд үгүй.

“Улсын төлөө бол аймгийг, аймгийн төлөө бол сумыг золих хэрэгтэй” гэсэн утгатай үгийг саяхан нэг эрхмээс сонссон юм. Шууд сонсоход, хатуу дуулдаж мэдэх ч их хэргийн төлөө бага золиосыг гаргах ёстой гэсэн санаагаар хэллээ дээ гэж бодоод өнгөрсөн л дөө. Одоо бол нийтийн эрх ашгийг бүхний түрүүнд эрэмбэлэх ёстой гэсэн санаагаар хэлжээ гэж бодож сууна. Монгол Улс хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй, ойрын арван жилд мөнгө олох ганц боломж нь уул уурхай, уул уурхайг хөгжүүлье гэвэл том төслүүдээ хөдөлгөх ёстой, том төслүүдээ хөдөлгөе гэвэл том төсөл дагасан мөнгө ханхлуулсан популизмаас салах хэрэгтэй гээд харвал уул уурхайг илтэд эсэргүүцдэг аймгуудын удирдлагуудтай хариуцлага тооцох цаг ирчихэж, Ерөнхий сайд аа. Нийтийн эрх ашгийн төлөө нэг, хоёр даргын суудал, цөөн зарим төрийн бус байгууллагын ажиллах эрхтэй ярихаас аргагүй болчихжээ гэж хэлэх гээд байна л даа. “Манайх холбооны биш нэгдсэн улс, Засгийн газраас хэрэгжүүлье гээд шийдсэн уул уурхайн төслүүдийг эсэргүүцвэл суудлаа өг” гэж хэлээд суух зангараг Ерөнхий сайдад байх учиртай. Тэгж байж уул уурхайн төслүүд урагшилж, эдийн засаг тэлэх хөгжих боломж нээгдэнэ. Саяхан болж өнгөрсөн геологи хайгуулын хурлын үеэр орон нутгийн удирдлагууд “Бид уул уурхайн төслийг яаж ч дэмжээд иргэний нийгмийн хөдөлгөөн, цөөн зарим малчдын эсэргүүцлийг дийлж хүчирдэггүй. Засгийн газраас зангараг гаргаж хатуу байр суурьтай яваагаа мэдэгдэх хэрэгтэй.

Яг одоогийн үнэн гэвэл Засгийн газрын байгууллагууд иргэдийн эсэргүүцлээс болгоомжлоод бүх эрсдэлийг орон нутгийн удирдлага болон хайгуулын компаниудад үүрүүлээд таг чиг болчихдог тал бий шүү” гэсэн утгатай үгсийг давтамжтай унагана лээ. Эргэж харахаар л өнцөг. Засгийн газар энэ тал дээр ч ухаалаг, зангарагтай, тууштай байх хэрэгтэй. Уул уурхайг идэвхийлэн эсэргүүцдэг дараагийн бүлэг бол популист улстөрчид ба элдэв гоё нэртэй эх оронч, иргэний нийгмийнхний бүлэглэлүүд. С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ гэж ирээд яривал зөвхөн уул уурхай, хөгжилд хэрэгтэй том бүтээн байгуулалтуудыг эсэргүүцсэнийхээ төлөө өндөр суудалд очиж, мөнгөтэй бэлтэй амьдардаг популистуудын арми манай улс төрд бий. Эдэнтэй илтэд хоршиж мөнгөтэй бэлтэй аж төрдөг бүлэглэл бол иргэний нийгмийнхэн болон элдэв эх оронч хөдөлгөөнийхөн. Популизм нь сүүлдээ бүр төгөлдөршөөд уул уурхайг хамтран эсэргүүцэж хамтдаа илүү их мөнгө олдог болсон нь нуух юмгүй ил үнэн.

Уул уурхайг эсэргүүцэж хоолоо олж иддэг дараагийн хоршил бол нинжа ба орон нутгийн удирдлагууд. Нинжа нарыг бичил уурхай эрхлэгч гэсэн гоё тодотгол дор хуульчилсан нь энэ хоршилд таатай суурь болдог нь нууц биш. Орон нутагтай ойр хамтардаг гэдэг утгаар нь бичил уурхай эрхлэгчид буюу нинжа нартай хамтарч уул уурхайн компанийг шахах, дарамтлах гэм аймаг, сумдын удирдлагуудад байдаг нь мөн л ил болсон үнэн. Бичил уурхай эрхлэгчдэд газар зааж өгөх нэрийдлээр уул уурхайн компаниудыг шахдагийг нотолсон хэд хэдэн кейс лав санаанд байна. Уул уурхайн төсөл хэрэгждэг аймгуудад тухайн компаниас авсан татвараас арай ахиуг хуваарилдаг байх гэх мэт гарц шийдэл ярьдаг ч өнөө хүртэл ажил болоогүй яваа. Энэ мэт гарц шийдэл хайж олж хэрэгжүүлэхгүй бол уул уурхайн компанийн лицензтэй талбайг эрх мэдлээр далайлган хурааж авч, бичил уурхайг дэмжих нэрийдлээр нинжа оруулж сүйдэлдэг жишиг ойрын ирээдүйд арилахгүй.

Сая дурдсан бүлэглэлүүд геологи, уул уурхайн төслүүдийг эсэргүүцэж зогсоосон жишээ бүрийг тоочвол овоо урт жагсаалт гарна. Алт, уран, нүүрсний олон төсөл яг ийм шалтгаанаар таг гацаж байв. Шатдаг занар, газрын ховор элемент, газрын тос гэх мэт доллар олох боломжтой шинэ төслүүдийн хайгуулын ажил ч өмнө онцолсон хэсэг бүлэг хүмүүсийн балгаар нам зогсож, гадаадын хөрөнгө оруулагчид олноороо Монголыг орхиж байсан нь тийм ч эртний үйл явдал биш. Шатдаг занар дээр гэхэд Америкийн “Жени ойл” орж ирж өчнөөн хөрөнгө оруулалт хийсэн боловч нутгийн иргэдийн эсэргүүцлээс болж Монголыг орхиж байлаа. Ураны салбарт Канадын “Хан ресурс” хөрөнгө оруулалт хийсэн ч тухайн үеийн засгийн шахаас тэднийг Монголоос гарахад хүргэж байв. “Хан ресурс” сүүлдээ арбитрт хандаж, манай улс гаргасан шийдвэрээсээ буцдаг тогтворгүй засгийнхаа балгаас болж төсвийн мөнгөнөөс өчнөөн долларын торгууль төлөөд “хэрэг”-ийг хааж байсан юм.

Бас нэг зүйлийг онцлоход, эрчим хүчээр хараат байлгах хойд хөршийн сонирхол уран, усан цахилгаан станцын төслүүд дээр их тод илэрдэг. Наад захын жишээ гэхэд л ураны төслүүд хэрэгжих гэхээр олон толгойтой хурга, тугал ярьж эсэргүүцдэг бүлэг хүн бий. Тэд яг одоо амжилттай хэрэгжиж буй ураны ганц төсөл рүүгээ онилчихсон яваа. Нөгөө л олон толгойтой хурга, тугалаа яриад эсэргүүцээд эхэлснийг уншигч та ч анзаарч суугаа байх. Усан цахилгаан станц дээр Эгийн голын станцыг хойд хөршийн илт нөлөөгөөр хэдэн арванаар хойшлуулаад ирсэн кейс бэлхнээ байна. Баруун аймгуудыг эрчим хүчний зовлонгоос гаргах Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц дээр ч ижил өнгөтэй эсэргүүцэл хүчтэй байгааг энэ дашрамд зориуд онцолъё.

Эцэст нь онцлох нэг зүйл байна. Өдгөө хайгуулын лиценз олгоод эхэлчихсэн яваа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид оролцох эсэх нь эргэлзээтэй гэх мэт сул тал бий ч хайгуулын лиценз олгоод эхэлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ уул уурхайг эсэргүүцэгч өнөө бүлэглэлүүд хайгуулын төсөл бүр рүү онилж эсэргүүцээд эхлэх өндөр эрсдэлтэй. Хайгуулын төслүүдийг ийм эсэргүүцлээс болж гацаахгүй байх тал дээр зоригтой шийдэл гаргаарай, Ерөнхий сайд аа.