/2022.05.20/ УДШ Х.Баттулгын хувь заяаг дэнслэнэ. Тодруулбал, түүнийг Ардчилсан намын даргаар бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм.

Яг одоо Дээд шүүхийн гадна үймээн болж байна. Иргэд Дээд шүүхийн байр руу орох гэж бөөнөөрөө дайрч, тусгайгийн алба хаагчид ирж хамгаалалтад гарсан байдалтай байна. Өчигдөр тус шүүхийн гадна жагсаал болж, иргэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол зулын гол болно, амьдрах утга алга гэх мэтчилэн лоозон барьж жагссан билээ. Уг жагсаал өнөөдөр үргэлжилж буй нь энэ юм.

Тэгвэл Х.Баттулгын эсрэг тал буюу С.Эрдэнэ талын М.Тулгат даргатай АН-ынхан бас Хэлмэгдэгсдийн жагсаал зохион байгуулж байна. Тэд "Монголыг Беларусь болгохгүй" хэмээх лоозон барьжээ. Улмаар явсаар Дээд шүүхийн замын эсрэг талд буюу Нийслэлийн цагдаагийн газрын үүдэнд ирж, замын нөгөө талаас "нүүр" тулалдав.

Энэ үеэр М.Тулгат "Х.Баттулга болон түүний төлөө жагсаад байгаа хүмүүсийн амнаас нэг л үг гараад байна. Х.Баттулга ялж байж л АН ялна гэнэ. Юу яриад байгаа юм бэ. Тийм нэгдэл ялж байснаас ялагдсан дээр. Хэн нэгэн магадгүй гадны санхүүжилтээр, нийгмийг айдас хүйдэст автуулж, намаа хагалж байгаад зайдагнах асуудал биш. Та нар хуулийн дээгүүр битгий алх. Хууль, дүрэм, журмаар нь аваад үзвэл жинхэнэ АН энд байна. Х.Баттулга Ерөнхийлөгч хийх хугацаандаа хүний эрхийн төлөө юу хийсэн юм бэ" гэлээ.