Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.06.08/ 09.40-д эхэлсэн.

Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ "Хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна" гэсэн юм.

Шүүх хуралдааны явцад хохирогчийн талын өмгөөлөгч яллах дүгнэлт унших, нотлох баримтуудыг шинжлэн судлах, гэрчүүдийн мэдүүлгийг сонсох гэсэн гурван процессыг хаалттай горимд шилжүүлэх хүсэлт гаргалаа. Учир нь талийгаач Э.Энхбат болон түүний гэр бүлийн нэр хүнд, хувь хүний нууцын асуудал яригдана гэж тайлбарллаа. Бусад өмгөөлөгч нар ч үүнийг дэмжсэн. Хаалттай горимд шилжүүлэх санал дээр хохирогч Э.Энхбат агсны гэргий Нандинцэцэг, шүүгдэгч Н.Түвшинбаяр нарт хэлэх санал байсангүй.

Шүүх бүрэлдхүүн энэ саналыг хүлээн авсангүй, хуралдааныг нээлттэй явуулахаар болов.

Олимпын аварга Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-р зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөсөн. Энэ зүйлд бусдыг санаатай алах, олон хүний амь нас эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулж гэх зэргээр хүндрүүлдэг байна.

Хэрвээ энэ зүйл ангиар буруутай гэж үзвэл 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх юм.

Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч хүндрүүлэн үзсэнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийллээ.

Шинжээчийн дүгнэлт болон бусад эд мөрийн баримтаар хүндрүүлэн үзэх шаардлагагүй гэдэг байр сууринаас мэтгэлцэнэ гэдгээ хэллээ.