Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтран эхлүүлж, Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар, Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн офиссын өрөө тасалгаанд өчигдөр хамтарсан нэгжлэг хийжээ.

Нэгжлэгээр их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют илэрсэн учраас хураан авч, авлигатай холбоотой мөнгө байж болзошгүй хэмээн шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээлээд байгаа юм.


Энэ мэдээллийг тодруулахад, уг хэрэгт холбогдуулан Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна. Улмаар гэрээс нь 250 мянган ам.доллар олджээ. Б.Батдаваагийн эхнэр нь нүүрс тээвэрт холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг нь анхаарал татаж байна.

Б.Батдаваа 2019 онд Монголбанкны газрын захирлаар ажиллаж байхдаа 144.8 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин ҮСХ-ны дарга болсны дараа энэ дүн 264.9 сая болж, бараг хоёр дахин нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2019 онд 984.9 сая төгрөг байсан бол 2020 онд 1.5 болж өсжээ.