УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Тус хуулийн төслийг олон нийтэд хэлэлцүүлж эхэлснээс хойш доромжлох, худал мэдээлэл тараах гэсэн заалт хүн бүрийг гэмт хэрэгтэн болгох нь гэсэн шүүмжлэл дагуулсан. Харин хууль санаачлагчийн зүгээс эдгээр заалтыг заавал тусгах ёстой, цахимд орчинд доромжлуулж, цахим орчинд худал мэдээлэл тарааснаас үүдэн амиа хорлолт ихсэж байна гэж буй. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэрх гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монголчууд шооч ард түмэн, зарим нь нэр хочиндоо дуртай байдаг. Эрүүгийн хуулийн хуучнаар гүтгэх одоо бол худал мэдээлэл тараах гэмт хэргээс илт худал мэдээлэл тараасан бол гэдэг заалтын илт гэдгийг хассан байна. Тэгэхээр худал мэдээлэл тараасан бол гэмт хэрэг болох нь. Худлаа ярьдаг хүн болгон ял эдлэх болчихоод байна. Доромжлохыг бол дэмжихгүй байгаа. Ер нь монголд нэр хочгүй хүн гэж байхгүй. Энэ болгоныг яллах уу.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Та буруу ярьж байна, энд зориуд гутаан доромжлох асуудал яригдаж байгаа.

Б.Энхбаяр гишүүнд би өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр бүгдийг нь хариулсан. Би дахиад хариулъя. Чуулган дээр бас заавал асуух юм байна. Илт худал мэдээлэл тараасан бол, худал мэдээлэл тараасан бол гэдэг үгэн дээр тоглоод байна. Энэ дээр нэг ийм байгаа үг байгаа юм. Худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэж. Энд ерөөсөө хоорондоо худлаа ярих тухай нэг ч байхгүй Б.Энхбаяр гишүүн ээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүчингийн гэмт хэрэг хийсэн гэж олон нийтийн сүлжээгээр тараахыг хэлж байгаа юм.

Түүнээс биш хоорондоо худлаа ярих, мэтгэлцэх, цаашлаад тэр доромжлох гэмт хэрэг дээр та бас буруу жишээ авч байна. Тийм шооч үйлдэл, зан гаргах тухай огт яриагүй. Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол торгуулийн ялтай болж байгаа. 
2017 оны Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110, 111 дүгээр зүйлийг тайлбарласан байгаа. Доромжлох гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон зан суртахууны шаардлагын хэм хэмжээ, хүний үндэс, зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ. Түүнээс биш бие биедээ нэр хоч өгсөн үйлдлийг ойлгохгүй гэж дээд шүүх тайлбарласан.