Засгийн газраас нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж “том” дуугарсан нь нэг талдаа сайхан мэдээ. Гэхдээ нэгэнт олборлочихсон нүүрсийг урд хөрш рүү зөөж, хулгайн орлогыг нь өвөртөлж суугаа бас нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа.

Тэднийг илчилж, үйл ажиллагааг нь хянахгүй бол дан ганц нүүрсний хулгай гэж хичнээн “орилоод” хэрэг ч байхгүй. Учир нь нүүрс биш нүүрсний тээвэрт асар их хэмжээний мөнгө эргэлдэж, урд хөрш рүү урсаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Нүүрсний тээврийн хулгай нь 7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ бол хүүхэд бүрт сар бүр 500 мянган төгрөг олгож болох мөнгө. Цагаан хаднаас Ганц мод орох хүртэл 29 км байгаа. Өмнө нь 5-6 сая төгрөгөөр тээвэр хийгээд болоод байдаг байсан. Гэтэл ид үедээ 120 сая төгрөгийн үнэтэй тээвэр болж хувирсан. Энэ бүх тээврийн үнэ бүгд БНХАУ-ын талд хувиарлагддаг. Тэр их мөнгийг ямар албан тушаалтнууд аваад байгаа нь мэдэгдэхгүй луйвар явж байна.” гэж мэдэгдсэн. 

Үүнийг нь баталж Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Нүүрсний тээврийн Гашуун-Сухайт Цагаан хад хоорондын ганцхан урсгалд л гэхэд 1-1.5 сая ам.долларын /3.4-5 их наяд төгрөг/ урсгал хилийн цаана явсан. Ажил нь манай талд хийгдсэн байдаг” гээд Уул уурхайн биржийн тухай өргөн мэдүүлсэн хууль нэн шаардлагатай гэж тайлбарлаж байсан. 

Хэдий хэрийн мөнгө нүүрс биш нүүрсний тээвэрт алга болж байгааг яагаад улстөрчид нь, хууль, хяналтынхан нь огт мэдэхгүй мэт тоохгүй яваад байна вэ. Улстөрчдийн, бүр тодруулбал УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын холбогдсон нүүрс тээвэртэй холбоотой шалгагдаж байсан хэргүүд хаана очоод замхарчихав. 

 

Эхний буюу нүүрс тээврийн хулгайгаа илчилж, эцэслээгүй байж гэнэт нүүрсний хулгай хэмээж байгаа нь яг үнэндээ улстөрчид, тэдний бүлэглэл дундын “дажин” юм биш үү. 

Нэгэнт олборлочихсон нүүрсийг халааслаад хил гаргахгүйгээс хойш хулгайн тээврээ эхлээд цэгцэлж дуусгаасай.

 

Э.Сүрэн

сонин.мн