Твиттер нийгмийн сүлжээний хэрэглэгчийг баталгаажуулдаг “хөх тэмдэг”-үүд өнгөрсөн шөнөөс эхлэн устсан нь тус компанид нэвтрүүлж буй тэрбумтан Илон Маскийн бодлогын нэг хэсэг юм.

Өнгөрсөн онд Твиттер компанийг $44 тэрбумаар худалдаж авсан Маск санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд уг тэмдгийг төлбөртэй болгох санааг олон сарын өмнөөс ярьж байлаа.

Өөрийгөө жинхэнэ эзэн нь мөн болохыг баталсан алдартай хүмүүс, байгууллагууд “хөх тэмдэг”-ийг үнэ төлбөргүй авдаг байсан нь ийнхүү больж байна.

Харин одоо ийм тэмдгийг сарын $8-ын хураамжтайгаар авах юм. Бизнесийн байгууллагууд үүнээс ч өндөр төлбөрөөр баталгаажуулалтын тэмдэгтэй болохоор байгаа.

Гэхдээ Маскийн шинэ журам Твиттер хэрэглэгчдийн дунд нэлээн маргаан үүсгээд байгаа.

Олны танил хүмүүс, байгууллагуудын зарим хэсэг нь мөнгө төлж “хөх тэмдэг” авахгүйгээ илэрхийлжээ.

Зарим нь бүр үүний төлөө Твиттер платформоос бүрмөсөн гарахаа мэдэгдэж байна.

Тухайлбал Human Rights Watch олон улсын хүний эрхийн байгууллага “хөх тэмдэг”-т мөнгө төлөхгүйгээ мэдэгджээ.

АНУ-ын радио нэвтрүүлгийн сүлжээ NPR өнгөрсөн долоо хоногт Твиттерээс гарч байгаагаа зарласан юм. Тус байгууллагын хаягийг Твиттер компани “төрийн оролцоотой мэдээллийн хэрэгсэл” ангилалд оруулсан нь ийм алхам хийхэд хүргэсэн байна.

Илон Маск зар сурталчилгаанаас гол орлогоо олдог Твиттерийг өөр орлогын эх үүсвэртэй болгохыг хичээж байгаа. Гэхдээ түүний энэ алхам зах зээлийнхээ зарим хэсгийг алдах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

 

Эх сурвалж: The Guardian