Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм. Гэвч газар чөлөөлөлтийн ажилд зургаан иргэнтэй ойлголцож чадахгүй байгаагаас замын ажил саатжээ.

Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 34 нэгж талбар үлдээд байна.

Тодруулбал аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг хэрнээ хувь хүний нэр дээр байдаг газрын зургаан иргэнтэй ойлголцож чадахгүй байгаа. Тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилдэг. Үүнээс болж тус замын ажил саатсан. Энэ зам хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа" хэмээн хэллээ.

Иймээс иргэдэд хандаж хэлэхэд улсын чанартай, томоохон бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтөд хамтран ажиллаж, уян хатан хандахыг тэрбээр уриаллаа.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам нь зургаан эгнээтэй байх юм байна. Энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьд хүргэж, ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.