Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж буй НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр төлөөлөгч Т.Батцогт “Тавантолгой түлш гэж Улаанбаатарчуудыг нийтээр нь угаартуулж байгаа нэг байгууллага бий. Төсөв мөнгө нь их наяд гараад явсан. Ажлаа хийдэггүй. Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн хоёрдугаар хорооны нэгдүгээр хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн надад өргөдөл өгсөн. Би дамжуулсан. Дарга нь гадаад явсан, ирээд хариу өгнө гэсэн ч байдаггүй. Дарга нар чинь ийм байдлаар ажиллаж байна шүү” гэлээ.

Харин уг асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар  “Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэрийг нийслэл рүү шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Бид ийм данхар бүтэцтэй, их өртэйгээр хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Өрийг нь төлүүлж, үйлдвэрийн одоогийн бүтцийг 10 дахин багасгах эрхтэйгээр өгвөл 10 дахин бага хүний нөөцөөр ашигтай ажиллуулж чадна гэдгээ салбарын сайд болон холбогдох хүмүүст нь хэлсэн байгаа.

Цаашид сайжруулсан түлшний үйлдвэр жилд 500 мянган тонн түлш үйлдвэрлэдэг байдлыг 100 мянга хүрэхгүй болтол нь бууруулж, орон сууцжуулж, бусад эх үүсвэрээр халдаг болох бодлого барина" гэсэн байр суурийг илэрхийлээд авав.