Засаг мөнгөнд бөхийлөө

 

Хөрөнгө оруулалтын хууль тойрсон маргаан нийгмийг хоёр талцуулаад удаж байна. Гадаадын иргэдэд газар нутгаа 100 жилээр ашиглуулах нь зөв, буруу гэсэн энэ талцалд одоо, хаврын чуулганаар цэг хатгаж магадгүй нь.

 

Хаа хаанаасаа сэвээтэй уг сэдвийг сонгуулийн наана хааж авах нь өөрөө улстөрчдөд ашигтай. Тиймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл өөрийн биеэр оройлон оролцох болов.

 

Тэр саяхан “2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуульд орсон заалтаар иргэний гаргасан цахим өргөдлийг дэмжиж 100157 гарын үсэг долоо хоногт цугласан. Тэгэхээр гадаадын иргэнд 100 жилээр газар ашиглуулахыг өөрчлөх асуудлыг УИХ хэлэлцэнэ. Даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэхэд бүх Байнгын хорооны дарга дэмжсэн. Иймд төслөө боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан саналыг хэлэлцэх хуультай юм” гэж мэдэгдлээ.

 

“Гадаад”-ын гэх үгийн цаана хятадууд л Монголын газар нутгаас аваад байна гэх хардлага нийгэмд тэр аяараа байгаа. Саяхан Өмнөговь аймгийн урд сумдаар хятад нэршилтэй газрууд ч бий болсон тухай УИХ-ын түвшинд яригдсан. Тэгэхээр энэ сэдвийг ярих нь улстөрчдийн хувьд цагаа ч, цэгээ ч олсон хэрэг байх. Гэхдээ УИХ-ын хяналтаас гадуур, Засгийн газрын хараан дор Монголын газар нутгийг ашиглуулаад зогсохгүй бүр газар доорх баялагтай нь хамт хятадуудад тасдаж өгч байгаа талаар хэн ч дуугарахгүй байгаа нь анхаарал татмаар! Газар нутгаа баялагтай нь хамт хятадуудад өгөх схемийн гол автор нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар. Охиноороо хэлмэрч хийлгэн “РDАС”-аар зугаалж яваа түүний гаргасан ганцхан шийдвэрээр Монголын баялаг хятадуудын халаас руу орох их урсгал эхэлсэн байдаг. Харамсалтай нь, бүхэл бүтэн хоёр жил болж байгаа энэ шийдвэрийг нь эх оронч УИХ-ын гишүүдээс хэн ч анзаарахыг хүссэнгүй.

 

Иргэний хөдөлгөөнүүд, уул уурхайг эсэргүүцэгчид ч “харах” гэж хичээсэнгүй ээ. Гэтэл юу болов. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын 1000 гаруй лиценз бараг бүхэлдээ зөвхөн хятадуудын мэдэлд очжээ. Яагаад гэхээр, ашигт малтмалын хайгуулын лиценз олгох сонгон шалгаруулалтын журмыг эрхэм сайд Ж.Ганбаатар хоёр жилийн өмнө өөрчилж орхисон байна.

 

Өмнө нь, компанийн түүх, ажлын туршлага, нийгмийн даатгал төлөлт, татварын өргүй байдал, техник тоног төхөөрөмж, боловсон хүчин, лицензийн төлбөрт санал болгож байгаа үнийн дүн зэрэг маш олон шалгуурыг харгалзан үзэж байж тендерт шалгаруулдаг байж. Гэтэл Ж.Ганбаатар сайд хайгуулын лицензийг ердөө хэн өндөр үнэ санал болгосонд нь олгож байх шийдвэр гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн мөнгөн босго тогтоочихсон хэрэг. Эндээс л бүх зүйл эхэлжээ. Ухаандаа сая Тендерийн хуулийг өөрчилж, төр “хар хайрцаг”-ны бодлогоор зарим асуудал дээр зөвхөн үнэ бус, чанар, цаад эрх ашгаа харахаар шийдсэний яг эсрэгээр Ж.Ганбаатар сайд ажиллаж байна гэсэн үг. Жишээ нь, хэн хямд үнийн санал болгосон компаниудаас эм, эмнэлгийн хэрэгсэл авдаг байснаа чанарыг илүү чухалчлахаар болсон нь саяхны үйл явдал. Үүнтэй нэгэн адил хэн өндөр үнэ өгсөнд нь газар нутгаа буюу байгалийн баялагаа лиценз нэрээр олгоод байх нь Монгол төрийн “хар хайрцаг”-ны бодлого мөн юм уу гэж асуухад хүргээд байгаа юм.

 

Магадгүй эрхэм сайд энэхүү шийдвэртээ төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнг үзүүлж няцаалт хийж болох л байх. Үнэхээр ч зөвхөн мөнгө гэж харвал Ж.Ганбаатар сайдын зөв нь зөв. Гэхдээ “Мөнгө өөрийн гэсэн үнэ цэнтэй. Хэрэв зөв үнэлэхгүй бол амьдрал үнэгүйднэ” гэсэн үг байдаг юм. Өөрөөр хэлбэл, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэх хандлагаас нь болж сард 40 орчим, өнгөрсөн хоёр жилд нийтдээ 500 гаруй лиценз хятадуудын халаасанд ороод байна.

 

Дэлхийн номер 1 эдийн засагтай улстай Монголын уул уурхайн дөнгөж өндийж буй компаниуд яаж мөнгөөр өрсөлдөх юм бэ? гэж төрийн ямар ч албан тушаалтан бодсонгүй вэ? Ганцхан жишээ дурдахад, сүүлийн 15 удаагийн зарласан 400 орчим хайгуулын талбайн лицензийн хамгийн өндөр магадлалтай, эрдэсийн хуримтлалтай, хажуу ойр нь орд нээгдсэн, ирээдүйд уурхай болох магадлал өндөр, хамгийн сайн 86 тусгай зөвшөөрлийг 100 хувь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд мөнгөөр зодож авсан байна. Ерөнхийдөө хамгаа барж 200 сая төгрөгөө гаргаж, баялагтай эсэхийг нь огт мэдэхгүйгээр эрсдэл хийн барин үндэсний компаниуд тендерт ороход өөдөөс нь 2-26 тэрбум төгрөгийн дэнчин өгөөд лицензийг нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд хуугаар нь хамж байгаа дүр зураг л сүүлийн хоёр жил тасралтгүй өрнөлөө. Дөнгөж өчигдөр байгуулагдсан компани өнөөдөр хэдэн тэрбумын санал өгөөд Монголын газар нутгийг лиценз нэрээр цуглуулж байгаагийн цаана ямар бодлого явж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Та огт гадарлахгүй байна гэж үү?!

 

Хамар дор нь ийм хорлонтой схем зурагдаад, бүр хэрэгжээд явж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Та мэдэхгүй байна гэж үү? Энэ таны “Алсын хараа” юм уу? Хэрэв Ж.Ганбаатар сайдын энэ үйлдэл Ерөнхий сайд Таны уул уурхайн салбарыг харж буй “Алсын хараа” мөн юм бол тун ч харалган байна гэж хэлэх байна. Сайд нарын сайд гэгдэх ЗГХЭГ-ын дарга, бас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Та ийм үйлдэл хийж байгаа хүнийг ирэх сонгуульд дахин нэр дэвшүүлэн “шагнаж”, төрийн бодлогыг тодорхойлуулах гэж байгаа юм уу?

 

Үнэндээ энэ бол том зургаар нь харвал Монгол Улсын газар нутгийг хятадуудад “бэлэглэж” байгаа хэрэг. Арай жижгээр, гэхдээ бас “Алсын хараа”-тай бодвол 20 жилийн дараа Монголд үндэсний уул уурхайн компани гэж үлдэхээргүй боллоо шүү дээ. Хэн Хятадын компаниудын мөнгөтэй үзэлцэж дийлэх юм бэ. Монголын Топ-100 аж ахуйн нэгжийн магнайд явдаг “МАК” хүртэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 5 удаа тендерт оролцоод дөнгөж байгуулагдсан Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөний өмнө “хүчин мөхөстсөн” байна. Асуудал иймдээ тулчихаад байхад ҮАБЗ юу хийж байна вэ? Ганц сайдын болчимгүй шийдвэрээс болж Монгол Улсын аюулгүй байдалд харан ж байгаа Хятад бол их гүрэн. 18 триллион ам.долларын ДНБ-тэй улсын хажууд Монгол бол модоо барьсан гуйлгачин. Ийм байж Хятадтай мөнгөөр өрсөлдөөд бид дийлнэ гэж хэзээ ч үгүй. Хилсдүүлсэн болохгүй, Монгол Улсын ДНБ урд хөршийн дундажхан нэг хотоос гурав дахин бага шүү дээ. Монгол бол Хятадын тосгоноос томхон, хотоос жижигхэн тийм л эдийн засагтай улс. Хятадын томоохон нэг компанийн хөрөнгийн эргэлт нь Монголын бүх худалдааны ашгаас ч давж гарна.

 

Ийм том эдийн засагтай улс бодлогоор лиценз цуглуулж эхэлсэн бол үндэсний компаниуд мөнгөөр өрсөлдөөд дийлэх үү? Хэдэн тэрбум ам.долларын хөрөнгөтэй Хятадын компаниудад хэдхэн сая доллар гаргаад шидчихэд ямар ч асуудал байхгүй. Харин үндэсний компаниудад бол мөнгөний өрсөлдөөнд ялах нь байтугай, оролцох ч боломж алга. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олгогдоод байгаа 500 гаруй хайгуулын лицензэт талбайгаас дараагийн Оюу толгой, дараагийн Тавантолгой нээгдвэл бид яах вэ? Тэр үед тэрбум төгрөг санал болгохоор нь хятадуудад өгчихсөн юм аа гээд сууж байх уу. Засгийн газар саяхан 2023 онд Монгол Улсын эдийн засаг өсөлтөөрөө дэлхийд хоёрт орсон гэж хундага тулгаж, РR-аа хийж байсан.

 

Тэгвэл энэ өсөлтийн үндэс нь уул уурхайн салбар. Тэр тусмаа энэ салбарт өчигдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа үндэсний компаниудын амжилт. Гэтэл одоо энэ компаниуд бизнесээ өргөжүүлэх, өсөж хөгжих, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ямар ч боломжгүй боллоо. Одоохондоо ахиу үнэ санал болгосныг тендерт ялуулаад байж болох ч язгуур эрх ашгаа бодвол үндэсний компаниудаа бойжуулах нь энэ төрийн үүрэг, “хар хайрцаг”-ны бодлого, “Алсын хараа” байх ёстой биш гэж үү.

 

Жамбалын Ганбаатарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх үед хамаг лицензээ хятадуудад ингэж л найр тавиад өгч байна. Үнэхээр харамсалтай. Өнгөрсөн хоёр жилд ердөө 20 орчим сая ам.доллар Хятадын компаниудаас авахын тулд ирээдүйн 20 жилд нээгдэх бүх орд газраа бэлэг болгочихоод сууж байдаг ийм сайд ч байх гэж. Хамгийн хоржоонтой нь Ж.Ганбаатар уул уурхайн салбараас явна, бүр тун удахгүй УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдахад л байх эсэх нь эргэлзээтэй. Гэтэл цаашаа 10, 20, 30 жил энэ салбар, энэ улс байна. Энэ үед л Ж.Ганбаатарын төрд ажиллахдаа “хоноцын сэтгэл”-ээр хандсаны горыг монголчууд нийтээрээ хүртэнэ гэдгийг мартаж болохгүй. Уул уурхайн салбарт нь үндэсний гэх компани үлдээгүй, үнэлж барахгүй ордууд нь хятадуудын эзэмшлийнх л болчихсон байх вий. Тиймээс ч хаврын чуулган эхэлж буй энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Та “Байгалийн баялаг хэсэг бүлэг хүний өмч биш. Нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж өнгөрсөн хугацаанд олгосон ашигт малтмалын лицензийн талаар нээлттэй сонсгол хийх, сонсголын үр дүнд тулгуурлаж уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх, ил тод байдлыг хангах болно” гэж хэлсэн үгэндээ хүрч, нийт иргэдэд байтугай нэг хэсэг монголчуудад ч очихгүй, зөвхөн хятадуудад очиж байгаа лицензийн энэхүү схемийг нураана гэж итгэж байна.

 

 Л.МАНЛАЙ

sonin.mn