Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр төрийн байгууллагуудын цалингийн өсөлт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг тараалт эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар дараах мэдээллийг өгөв. 

Дөрөвдүгээр сард нэмэгдэх байгууллагуудын цалингийн өсөлт мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг тараалтын нөлөөллийг тооцож үзсэний үндсэн дээр гуравдугаар сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэрийг гаргасан гэдгийг Монгол Банкнаас онцлов. 

Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд "Төрийн байгууллагуудын цалингийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг нэмэгдүүлэх нөлөөг шууд үзүүлнэ. Өнгөрсөн долдугаар сараас хойш төрийн байгууллагуудын цалингийн өсөлтийн нөлөөг ажиглаж харж байгаа. 

Төрийн байгууллагуудын цалингийн өсөлтийг хувийн байгууллагуудын цалингийн өсөлттэй харьцуулахад үзүүлэх нөлөө нь бага байгаа. 

Иймд шинэчилсэн тооцооллоор цалингийн өсөлт, мөнгө тараалт дотоод эрэлтийг нэмэгдүүлж, инфляцыг нэмэгдүүлэх нөлөөллийг үзүүлнэ. Гэхдээ нөгөө талдаа гадаа валютын орох урсгал өндөр байгаа буюу экспорт нэлээд өндөр түвшинд байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой, чанга байлгах нөхцөлийг бүрдүүлж байна. 

Түүнчлэн импортын бараа бүтээгдэхүүнүүд жин дарж буурч байгаа учир нийлбэр нөлөөг нь харж үзвэл инфляц оны сүүлийн хагастаа бага зэрэг нэмэгдэх хэдий ч ирэх онд зорилтод түвшиндээ буцаж орно. 

Цалингийн өсөлт, мөнгө тараалттай холбоотой нөлөөллийг саармагжуулахын тулд Монголбанк үнэт цаасныхаа хэмжээгээр аль болох татаж авах эдийн засагт үзүүлэх нөлөөллийн бууруулах чиглэлээр бодлогын арга хэмжээг авч ажиллаж байгаа" гэв.