ХҮН нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байна. Энэ талаар тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ үеэр намын даргын хувиар жагсаалтаар нэр дэвшихээ мэдэгдэв.

Т.Доржханд “Манай намын гишүүдээс 220 хүн нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн. Манай нэр дэвшигчдийн дундаж нас 43. Хүйсийн харьцааны хувьд нийт нэр дэвшигчийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь нь эрэгтэй. Мөн нэр дэвшигчдийн тал хувь нь баруунд боловсрол эзэмшсэн байна.

Миний хувьд би Хан-Уул дүүргээс сонгогдсон. Гэхдээ намын даргын хувьд жагсаалтаар нэр дэвшиж, орон нутгаар явж намын гишүүдээ танилцуулна.

Намын дарга, цаашлаад Ерөнхий сайд аль нэг тойргийн төлөөлөл бус Монгол Улсын төлөөлөл байх ёстой.

Тиймээс бусад намын дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нам аль нэг тойргийг төлөөлж болохгүй. Яагаад гэвэл би Л.Оюун-Эрдэнэтэй Хэнтий аймгийн төсөв, хөгжлийн асуудлаар мэтгэлцмээргүй байна" гэлээ.