“MDA” гэх компаниас хийсэн судалгаагаар бол “Огцрох амархан” жагсаалыг иргэдийн 71.69 хувь нь дэмжжээ. Харин 19.15 хувь нь дэмжээгүй байна. Ийнхүү Ерөнхий сайдын суудал ганхаж буй эл өдрүүдэд хөшигний ард яг юу болж байна вэ гэдгийг тайлбарлах гэж оролдъё.

Залуус уг нь анх хүүгийнх нь тансаглалаас үүдэн “Орлогоо нотол”, “Огцор” гэж Ерөнхий сайдаас шаардсан. Гэсэн ч тэр намынхаа Бага хурал дээр Засгийн газраас АН, ХҮН намыг гаргах уу, эс гаргах уу гэх агуулга л ярьж, доогтойхон улс төр хийв.

Өөрөөр хэлбэл анх эхэлсэн цэг болох хүү, бэрийнх нь тансаглал гэх иргэдийн эсэргүүцлээс хальж, “Үүгээр шалтаглан намайг огцруулах гэлээ, би явчихвал стратегийн ордуудаа авч чадахгүй, баялгийн сангийн ажил гацна” зэргээр өөрийгөө энд тэнд бичүүлж, цахимд сэвүүлж сууна.

Тэр ч бүү хэл Л.Оюун-Эрдэнэ огцорвол засаглалын хямрал руу унана хэмээн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан хүмүүсээр яриулж, огцрохгүй гэдгээ далдаас илэрхийлсээр. Намынхаа Бага хурал дээр “ажлаа өгнө” гэснээс хойш зургаан өдөр өнгөрчхөөд байхад ахиж ам нээлгүй, чуулган, Засгийн хурлаа тасдаад аг чиг боллоо. 

Тэгвэл тэр ингэж зууралдахын учир юу вэ? 

Намынхаа бага хурлын индэр дээрээс “Хамтарсан Засгийн газрыг цааш үргэлжлүүлэн ажиллуулахгүй бол ажлаа өгнө” хэмээн нулимс дуслуулсан хэлсэн тэр яагаад зургаан өдөр бүгэв.

I. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорвол Төгрөг нуурын ордоос болж шалгагдаж буй Х.Баттулга аавын хаалга татах эрсдэлтэй нүүр тулж буй. Иймд Х.Баттулга ба түүний хүмүүс Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй байх ажлыг гардан хийж байна гэж хэлж болно.

 

II. Л.Оюун-Эрдэнэ дараагийн Засгийн газарт өөрийн гэх хүмүүсээ оруулах, хор найруулах тохироо хийх цаг хожих. Эсвэл бүр Засгаас гарахаасаа өмнө дуусгаагүй ажлуудаа амжуулах найруулга.

III. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Тэр үнэхээр даргын ажлаа мөнх гэж санаж, сандалтайгаа зууралдаж буй шунал.

Хэрсүү уншигч та ахиад нэг тунгаана биз. Иргэдийн эсэргүүцэл шаардлага юунаас эхэлснийг. Цүнхнээс л эхэлсэн. Гэтэл тэр орлогоо ч нотлоогүй, хөрөнгө орлогоосоо давсан тансаглалаа тайлбарлаагүй харин тэмцлийн утгыг алдагдуулж шал өөр сэдэв рүү хазайлгаж, өөрийгөө өмөөрүүлж жагсаал хүртэл хийж байгааг. Түүний ба тэдний багийн хамгийн сайн чадах зүйл л энэ.

эх сурвалж : urug.mn