Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос 2018 онд батлагдсан "Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"-ыг маргаашаас эхлэн хүчингүйд тооцох тогтоол гаргажээ. 

Ингэснээр наймдугаар сарын 1-нээс эхлэн ипотекийн даатгалтай холбоотой шинэ журам хэрэгжиж эхэлнэ.

Энэхүү шинэ журмын талаар СЗХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнх-Оргил хэвлэлд өгсөн ярилцлагадаа "2018 онд батлагдсан даатгалын журмаар ипотекийн зээл авч буй иргэд даатгуулах тохиолдолд ямар даатгалын хамгаалалт хийх боломжтой вэ гэдэг сонголтыг журамласан. Ийм төрлийн зээл авч буй иргэдийн дийлэнх нь гэнэтийн ослоор амь насаа алдах эсвэл хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор даатгалд хамрагддаг.

Уг журмаар хоёр төрлийн даатгал байдаг. Эхнийх нь дээр дурдсан гэнэтийн ослынх бол нөгөө нь "Амьдралын даатгал". Энэ даатгалыг сонгосон тохиолдолд ямар ч шалтгааныг үл харгалзан амь насаа алдах эсвэл хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан бол тухайн даатгалын компани зээлдэгчийнх нь өмнөөс зээлийн үлдэгдлийг барагдуулдаг зохицуулалттай.

СЗХ-ны хувьд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд одоогийн байгаа орчин нь даатгуулагчийнхаа эрх ашгийг бүрэн хамгаалж байгаа эсэхийг тогтмол хяналт, дүгнэлт хийдэг юм.

Бидний хийсэн хяналтаар ямар үр дүн харагдсан бэ гэвэл ипотекийн зээлийн даатгалд иргэд өөрсдөө хамрагдахдаа гэнэтийн ослын даатгалыг сонгодог. Гэтэл гэнэтийн ослын тохиолдол 18 хувийг л эзэлдэг. Өөрөөр хэлбэл 10 хүн нас барлаа гэхэд найм нь ердийн өвчлөл болон бусад шалтгаанаар, хоёр хүн гэнэтийн ослоор нас бардаг гэж ойлгож болно. 

Гэтэл манайд ихэнх даатгуулагч гэнэтийн ослын даатгалыг сонгодог тул бусад шалтгаанаар нас барвал нөхөн төлбөр авч чаддаггүй. 

Тиймээс даатгуулагч иргэдийн эрх ашгийг бүрэн хамгаалах үүднээс СЗХ 2024 оны арваннэгдүгээр сараас даатгалын шинэ зохицуулалтыг баталсан. Ипотекийн зээлээ даатгуулсан иргэдийн амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орсон тохиолдолд ипотекийн зээлийн үлдэгдлийг нь даатгалын компани нөхөн төлж, зээлдэгч болон гэр бүлийг нь санхүүгийн хүндрэлд орохоос бүрэн хамгаалах зорилготой зохицуулалт юм. 

Урт хугацааны буюу "Амьдралын даатгал"-ын байгууллагууд үүнийг хэрэгжүүлдэг. Олон улсын жишиг нь ч ийм. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил шаардлагатай байсан тул наймдугаар сарын 1-н хүртэл хугацааг нь хойшлуулаад байв. Бидний хийсэн судалгаагаар 2013 оноос хойш ипотекийн зээлтэй 254 хүн нас барсан. Ихэнх даатгуулагч гэнэтийн ослын даатгал сонгосон тул ердийн өвчлөлөөр нас барсан бол даатгалд хамрагдахгүй гэдэг шалтгаанаар 91 хувьд нь нөхөн төлбөр олгоогүй.

Банкны системийн мэдээллээс харахад бол ойролцоогоор 193,000 орчим иргэн ипотекийн зээлтэй. Үүнээс 70,000 орчим нь 6-8 хувийн ипотекийн зээлдэгчид, 50,000 нь өөр эх үүсвэрээс буюу банк өөрөө олгодог зээлээр явж байна. Насны ангиллаар нь авч үзвэл 25-аас 35 насныхан 85 хувийг нь эзэлж буй. Энэ насны хүмүүсийн дунд нас баралтын түвшнийг нь судлахад жилд 2,500 орчим хүн өөд болдог. Үүний 18 хувь гээд бодвол 470 орчим тоо гарна. Гэтэл үлдсэн 2,000 орчим иргэд ипотекийн зээлтэй байсан бол даатгалаараа хамгаалуулж чадахгүй нөхцөл үүсдэг гэсэн үг.

Ипотекийн зээлийн ард ганц зээлдүүлэгч бус өрхийн асуудал яригддаг. Зээлдэгч нас барлаа гэхэд үлдэж байгаа ар гэрийнхэн нь зээлээ яаж төлөх вэ гэдэг асуудалд ордог. Зээлээ төлж чадахгүй бол орон сууцаа алдах хүртэл эрсдэлтэй. Тиймээс ийм эрсдэлийг хаах зорилгоор шинэ зохицуулалт хийсэн гэж ойлгож болно.

2025 оны наймдугаар сарын 1-нээс өмнө даатгалын гэрээгээ байгуулсан иргэд заавал шинэ зохицуулалтад хамрагдаж, гэрээгээ шинэчлэх шаардлагагүй. 

Энэ даатгалыг иргэд сайн дураараа хийх зохицуулалттай. Тиймээс даатгалын хугацаа нь дуусгавар болоогүй бол үргэлжлүүлэх эсвэл шинэ даатгалд хамрагдах эсэхийг иргэд өөрсдөө шийднэ. Гэнэтийн ослын даатгалууд ихэнхдээ богино хугацаатай байдаг. Амьдралын даатгал сонгоогүй байдаг тул дийлэнх нь нэг, хоёр жилээр гэрээ хийдэг. Ийм гэрээтэй даатгалын компани, даатгуулагч хоёрын дунд зохицуулагч байгууллага албадлагаар оролцохгүй. 

Мөн сайн дурын даатгал учраас наймдугаар сарын 1-нээс хойш ипотект хамрагдаж байгаа иргэд урт хугацааны даатгалд хамрагдах эсэхээ өөрсдөө шийднэ. 

Манай улсын даатгалын тогтолцоонд ердийн болон урт хугацааны гэсэн хоёр даатгалын компани ажилладаг. Урт хугацааны даатгалын компани нь эрүүл мэнд, амь насыг даатгах болон хувийн тэтгэврийн гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. 

Ипотекийн зээл нь 20-30 жилийн хугацаатай байдаг тул урт хугацааны даатгалын компани илүү тохиромжтой. Өмнө нь урт хугацааны даатгалын компани Монголд ганц байсан тул зохицуулах боломжгүй байсан. Одоо хоёр даатгалын компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн нэг компани хүсэлтээ өгсөн явж буй. 

Урт хугацааны даатгал нь ипотекийн зээл хэдэн жилийн хугацаатай авсан байна тэр хугацаагаар хамрагдах давуу талтай. Гэнэтийн ослын даатгал нь ихэнхдээ богино хугацаатай байдаг тул хугацаа дуусах, үүнийгээ иргэд нь мэдээгүйгээс даатгалдаа хамрагдаж чадахгүй байх гэх мэт олон асуудал гардаг" гэж тайлбарлаж байв.

Зээлдэгч даатгуулагч нарт уг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, онцлог, ач холбогдлыг тогтмол танилцуулахыг үүрэг болгожээ

Түүнчлэн ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн дунд ойлгомжгүй, төөрөгдөл үүсгэж байсан асуудлыг тодорхой болгох зорилгоор СЗХ-ноос урт хугацааны даатгагч болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа арилжааны банкнуудад дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:

  • Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн хүрээнд эрсдэл учрах шалтгаан, нөхцөлийг зээлдэгч, даатгуулагч нар сайн дураар, чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлэх,
  • 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхцөлийг дордуулахгүй /даатгалын хураамжийг нэмэгдүүлэхгүй, бусад нөхцөлийг дордуулахгүй/-гээр даатгалын бүтээгдэхүүний сонголтыг даатгуулагчид олгох,
  • 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл тус гэрээ хүчинтэй байх талаар даатгуулагчид мэдээлж ажиллах,
  • Зээлдэгч даатгуулагч нарт уг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, онцлог, ач холбогдлыг тогтмол танилцуулж ажиллах.

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалтын дагуу зээлдэгч, даатгуулагч нар учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах өөрт тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох боломжтой байна.