НИТХ-ын Ээлжит VI хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Богд ууланд газар олгох эрхийг нийслэлд шилжүүлэх талаар төлөөлөгчид мэдэгдэл хийлээ. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан "Амралтын өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд нэг буга эндсэн. Энэ бол нэг буга эндсэн асуудал биш. Уулын ам дагуу иргэд явж чадахгүй, ан амьтан орж чадахгүй байгаа асуудалд нийслэл ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ.

Уулын аманд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны өгсөн газартай холбоотой асуудалд хуульд өөрчлөлт оруулж үндсээр нь цэгцлэхгүй бол, нийслэл ажлыг нь хийе. 2-3 сарын дотор хүн хүч гаргаад уулын амуудыг шүүрэн шанага шиг сэтлээд цэгцэлж болно. Хөдөлье гэхээр яам мэднэ гээд байдаг.

Тусгай хамгаалалттай газар яагаад үнэтэй тансаг хаус хороолол бариад байдаг юм бэ. УИХ-ын гишүүд энэ лайвыг үзэж байгаа бол хуульдаа өөрчлөлт оруулаад нийслэлд эрх мэдлийг өгчих л дөө. Бид нар цэгцэлье, үгүй бол яамдаа шаардлага тавиад ажлыг нь хийлгэ. Энэ чинь тэр чигээрээ газрын хулгай, авлига. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам яахаараа газар олгох нэрийдлээр байшин, хаус хороолол бариулаад байдаг юм.

Хан төгөл хотхоны зөвшөөрөл нь аялал жуулчлалын бааз байсан. Богд уулын 16 амын асуудлыг цэгцлэх юм уу. Бүгдээрээ нэг талдаа гарч асуудалтайгаа нүүр тулмаар байна.

Нийслэл хотод энэ бүх уулын амнуудаа цэгцлэх, газар чөлөөлөх, хашаа хороо буулгах, эрх мэдлийг нь шилжүүлээд өгчих. Яам ажлаа хийж чадахгүй байгаа бол Нийслэл хот хийе" гэлээ.