"Торнадо" хэмээх ер бусын хүчтэй хар салхины талаар дэлхий даяар шуугиж байсан нь саяхан. Энэ хар салхины дүр зургийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр харуулсан. Байшин барилгуудыг хийсгэж аваад явж байгаа, ер бусын аймшигтай дүр зураг тэнд харагддаг.

Ийм "Торнадо" буюу байгалийн гэнэтийн аймшигтай үзэгдэл Монголд гурван удаа болжээ.

Миний эмээ ээжид үе тэнгийн насны нэг өвгөн хуучилж байхыг би багадаа сонссон юм. Тухайн үед бол "энэ сахалт залж байна даа" хэмээн бодож байсан. Тэр өвгөн "нүдээр үзсэн" гээд тун итгэл үнэмшилтэй ярьж билээ. Тэнгэрт хар үүл хуралдсанаа гэв гэнэт борооны өмнөх хуй салхи дэгдсэн гэнэ.

Эрчилсэн хар салхи босонгуутаа айлын хотыг дайрч гурван гэрийг нь хийсгээд зэлтэй унагыг нь аваад явчихсан аж. Унаганууд нь тэртээ дээр тийчилж сарвалзаж байгаад алга болжээ.

Маргааш нь гэрийн эзэн салхины уруу яваад байсан чинь унаганууд нь саахалтын газраас эхлээд хэдэн саахалтын газарт хаягдсан байсан гэх. Энэ аймшигт хар салхины тухай итгэх нь итгээд, итгэхгүй нь итгэхгүй, тэгээд л өнгөрсөн юм билээ.

Хоёр дахь "Торнадо" буюу хар салхи 1970-аад оны эхээр Хэнтий аймгийн Батширээт сумын Цагаан-Усны бригадад болсон. Энэ, үхлийн хар салхийг нүдээр үзсэн, Хэнтий аймгийн усны аж ахуйн газрын дарга асан "Мангар" Пүрвээгийн яриагаар бол, тэнгэрт жижигхээн хар үүл байснаа гэнэт цахилгаан цахиж, хүчтэй дуугарчээ.

Зэрэгцээд салхи дэгдэж, үүлнээс доош эрчилсэн хар зүйл унжсан гэнэ. Тэнгэр харанхуйлж, тэр хүчтэй хар зүйл ойртоод ирэхэд тэнд илгээлтээр очоод байсан арван хэдтэй хүүхдийн аав нь эхнэр хүүхэд хоёроо ачааны машиныхаа кабинд оруулж суулгачихаад өөрөө дүнзэн байшинд байсан байна.

Төдхөн, өнөөх эрчилсэн хуй дайрч машиныг нь эхнэр хүүхэдтэй нь хийсгээд явчихсан. Тэнд зургаан дүнзэн байшин байсны гурвыг нь хийсгэж аваад явчихад гурав нь хагас дутуу үлдсэн байгаа юм.

Аз болж машины эзэн залуу нурсан байшингийн завсар зайд амьд үлдсэн гэдэг. Ачааны машиныг хийсгэж аваад, базаад хаячихсан цаас шиг юм болсон байхад, эхнэр хүүхэд хоёр нь таалал төгссөн байж.

Энэ хүчтэй хар салхины хохирлыг тооцоолохоор гаргасан ажлын хэсэгт оролцсон их эмч Өлзийхутаг ярихдаа: Үнэхээр аймаар юм болсон. Ачааны машиныг тийм болтол хийсгэдэг салхи байдгийг би нүдээрээ үзсэн. Байдаг л юм билээ. Хийсгэж авч явсан гурван байшингийн дүнзнүүдийг газарт гадас шиг шааж орхисон байсан. Ямар ч чадалтай хүн байшингийн том дүнзнүүдийг газарт тэгж шааж чадахгүй дээ гэж байсансан.

Тэр үүл, доош унжсан өтгөн хар зурвасыг том шувуу шиг юм тойрч эргэлдээд байсан гэдэг. Тэр нь мод байсан юм билээ. Том мод бутуудыг булга татаад ч юм уу, хугалаад хийсгэж байгаа нь тэр гэсэн. Батширээтийн "Торнадо" үлгэр домог шиг хэсэг яригдаж байгаад л замхарсан даа.

Харин Батширээтийн Цагаан-Ус бригадад хонь хайчлахаар очсон хэсэг залуучууд өнөө хүртэл бурхан тэнгэрт залбирч явдаг гэсэн. Тэдгээр залуус нөгөөх хийсдэг модон байшингуудад байрлая гэхэд нь бригадын нөхөд эрс татгалзан голын цаана гэрт байрлуулсан юм билээ.Хүүхдүүд бригадын удирдлагыг зүхэж загнаж байсан чинь, азаар амь аврагдчихсан, маргааш нь тэврэлдэн золгож байсан гэдэг.

Гурав дахь "Торнадо" буюу аймшигт хар салхи саяхан Архангай аймгийн Хашаат суманд боллоо.Энэ тухай хэвлэл мэдээллийн бүх хэрэгслэлээр цацагдаж байгаа учир илүү нуршилтгүй биз. Мөн л ачааны машин хийсгэж, хүний алтан аминд хүрлээ. Тахианы өндөгний чинээ мөндөр орж арав орчим хүнийг бэртээж гэмтээлээ.

Зарим мэдээллээр 200 орчим мал үхсэн гэнэ. Байшин барилга хийсч.Улаанбаатар юмуу, төв суурин газар таарсан бол яаж сүйдлэх байсныг бүү мэд. Хашаатад ийнхүү аюул болж байхад Улаанбаатар хотод ямар байдалтай байсныг бүгд анзаарсан байх.

Баруун хойноос бөөн хар үүл гарснаа, үдэш 21-22 цагийн үед бороо орсон. Тэр бороо их өвөрмөц байсан. Тасралтгүй цахилгаан цахиж, тэнгэрийн дуу намуухан үргэлжилж байсан. Хашаатын хар салхины эрч сулраад явж байсан юм болов уу хэмээн одоо бодогдох юм. Аймшигт сүйрэл боллоо.

Энэ бол хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гэнэтийн аюул. Хэзээ хаана ийм аюул давтагдахыг хэн ч тааж хэлэхийн аргагүй. Миний бие Монголд болсон энэ аймшигт үзэгдлүүдийг зөвхөн сонирхуулах үүднээс бус, дээр дооргүй хэдэн зүйлд анхаарлаа хандуулаасай гэсэндээ бичиж байгаа юм.

"Торнадо" болон байгалийн бусад аймшигт үзэгдлүүдийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, зарим тохиолдолд газар дээр нь очиж хүмүүстэй уулзаж байгаа харагдах юм. Олон улс оронд онгоц, галт тэрэг, автын сүйрэл болоход засгийн газар нь эмгэнэл илэрхийлж, ард түмэнтэйгээ зовлон жаргалаа хуваалцахыг алийг тэр гэхэв.

"Севол" хөлгийн сүйрлээс болж БНСУ-ын Ерөнхий сайд огцорч ч байх шиг. Ард түмний засгийн газрууд ард түмэндээ ингэж л хандаж байх юм. Гэтэл манай төр Засгийн удирдлагын хэдийн байж байгаа царайг! "Би үхэхгүй. Над тийм гай зовлон тохиолдохгүй" гэсэн байдлаар хандаж байгаад нь харамсаад байгаа юм.

Сүхбаатар аймгийн замд зорчигч тээврийн автобус осолдож зургаан хүн газар дээрээ нас бараад 40 гаруй хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдлээ.Төр засгийн удирдлагууд таг чиг! Байгалийн аймшигт үзэгдэл нүүрлэж хүний амь нас эрсдэн асар их хэмжээний гарз хохирол учирлаа.Таг чиг!

Энэ бүхэн чинь манайх шиг цөөхөн хүн амтай улс орон бол том сүйрэл шүү дээ Төр засгийн тэргүүнүүдээс ядаж нэг нь хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлчихэж болноо доо Тэр, багтааж ядан зугаалж цэнгээд байгаа мөнгө хөрөнгөнөөсөө талийгаачид тахир дутуу бологчдын ар гэрийнхэнд rap таталгүй өгмөөр шүү дээ.

Ерөнхий сайд нь жил болгон өчнөөн бараа бологчидтой Бурхан-Халдун, зугаалж, хүний аминд хүрсэн тохиолдлыг хүртэл нууцалж байна. Тэр их хөрөнгийг энэ золгүй явдлаар хохирогчдод өгөөсэй гэж бодохдоо үүнийг тэрлэж байгаа юм.

Хашаатын сүйрлий талаар, буруутныг эрж байгаа сураг байна. Аягүй бол далимдуулаад сөрөг хүчнийхнээ шоронд хийнэ дээ. Ингэж л битгий тэнэглээсэй. Газар хөдлөлт, хар салхи, цунами зэрэг байгалийн гэнэтийн аюулуудыг бол Монгол байтугай орчин үеийн хамгийн хөгжилтэй улс орнуудад ч урьдчилан харж чадахгүй байгаа бололтой юм.

Тэгтэл "Чи л урьдчилан харж чадсангүй" гээд хэн нэг цаг уурчийг юмуу ойр зуурын дарга нарыг шийтгэчих вий хэмээн санаа зовж байна. Одоо чинь хүнийг өөтүүлэхдээ амархан болж. Өөр нам юмуу, өөрт нь эвгүйх харагдсан хүнийг шийтгэхийг байг гэх газаргүй л дээ.

Нэг зүйлийг төр засгийн мэдэлтнүүдэд сонордуулъя гэсэн юм.Байгалийн аюул гэнэтийн осолд өртөөд aмиа алдсан, өрөөл татуу болсон хүмүүст Монголын төр засаг хайр халамжаа харамгүй зориулах нь чухал.

Нас барагсдын ар гэрт юм уу, өрөөл татуу бологчдод орон байр хангалттай мөнгө хөрөнгө өгдөг болоосой. Олон зүйл харлаа. Монгол, мөнгөгүй биш юм байна. Жирийн иргэдээ гэсэн сэтгэл л дутаж байна гэсэн үүднээс үүнийг тэрлэв

Г.Жамъян (МУСГЗ)