Киноны уран бүтээлчид нэгдэн өнгөрөгч 2012 оны 02-р сарын 16- ны өдрийн хурлаар "Монголын кино урлагийн зөвлөл"-ийг байгуулах санааг баталсан билээ.

Харин өнөөдөр буюу 5 сарын 1-ны өдөр Монголын киночдын өдөр тохиож байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.Хэвлэлийн бага хуралд Монголын кино урлагийн зөвлөлийнхөн  оролцон мэдээлэл хийлээ.

  Уг хурлаар Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах, дэмжих сан байгуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилготой тус байгууллага нь салбарын хөгжлөө дэлхийн төвшинд хүргэх, олон улсын чансаатай боловсон хүчин бэлтгэх, судалгаа, шүүмжийн ажлыг хөгжүүлэх, төр засаг болон кино урлагийнхны холбоог уялдуулан ажиллах, уран бүтээлчдийн нийгмийн асуудалд анхаарал тавьж, эрхийг хамгаалан ажилласаар байгаа тухайгаа мэдээллээ.

  Монголын киночид зөвхөн энэ өдрийг сонгож авсан нь учиртай гэнэ. Тодруулбал 1935 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монголын анхны “Ард” кино театр нээлтээ хийж, 1937 оны энэ өдөр “Майн” баярын жагсаалаар Монголын анхны "Монгол хүү" баримтат кино гарч байсан түүхтэй аж. Тиймээс энэ түүхт өдрийг Монголын киночдын өдөр болгон тэмдэглэхээр болсон байна.